Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг батлав
2011.06.02

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг батлав

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлаар Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.
uih_2010Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан 51 саналыг төсөлд бүрэн тусгаж, төслийн 2 дахь хэсэг, наймдугаар зүйлийг гүйцээн боловсруулсны зэрэгцээ дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарим саналыг хэлэлцэж дэмжсэн байна.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс тавьсан асуултад байнгын хорооны дарга П.Алтангэрэл, ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар хариулт өгөв. Гишүүн Д.Оюунхорол хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын оролцоо ямар байх, бирж нь хэрхэн хариуцлага хүлээх талаар тодруулахад байнгын хорооны дарга П.Алтангэрэл:-Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бирж нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байхаар тусгасан байсныг хэлэлцүүлгийн явцад бирж нь зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хэлбэрийн хувьд нэлээд чөлөөтэй, компанийн хэлбэртэй байх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хариуцлагын хувьд компанийн тухай хуулиар зохицуулагдаж явах юм” гэсэн хариулт өгөв.

 

Харин гишүүн Х.Жекей хууль хэрэгжиж эхэлснээр одоогоор малчдын түүхий эдийг дамжуулан борлуулж байгаа ченжүүд ажилгүй болох, үйл ажиллагаа нь ямар нэг байдлаар хязгаарлагдахад хүрэх тул үүнийг хэрхэн зохицуулахыг тодруулав. Энэ талаар байнгын хорооны дарга:-Ченжийн асуудлыг хуульд тусгах боломж байхгүй. Бирж байгуулагдахаар малчид хоршоололд нэгдэж, брокерүүд бий болж, боловсон хүчний шаардлага ч гарна. Тиймээс ченжүүдийн туршлагыг энэ чиглэлээр ашиглаад явах боломжтой гэлээ. Мөн ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир:-Бирж байгуулагдсанаар түүхий эдийн үнэ ханш ил тод байх, хамгийн өндөр үнийг сонгох, Монголын нийт 329 суманд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг зуучилж борлуулах анхан шатны тогтолцоо бүрдэх юм. Иймээс ченжүүд түүхий эдийн бирж, малчдын хоршоог зохион байгуулахад оролцох эрх зүйн боломж бүрэн нээлттэй.

 

Түүнчлэн брокерийн эрх авч дуудлага худалдаанд зуучлах, гадаад дотоодын үйл ажиллагаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэлээ. Харин гишүүн гишүүн Б.Батбаяр дотоодын үйлдвэрлэгчид биржээс хэрэгцээт түүхий эдээ давуу эрхтэй худалдаж авах боломж олгохгүй бол олон төрлийн татвартай, гадаадын мөнгөтэй компаниудын өрсөлдөөн дунд манайд үндэсний үйлдвэр хөгжихөд эргэлзэж байгаа, гишүүн Ц.Даваасүрэн малчид бол өөрсдөө үйлдвэрлэгчид тул тэднийг хоршоололд хүчээр оруулах биш хуулийн этгээд болгож биржийн арилжаанд бие дааж оролцох боломжоор хангах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байдгаа хэллээ. Энэ асуултад байнгын хорооны дарга:-Малчид дангаараа биржийн харилцаанд оролцогч мөн, тэд түүхий эдээ хоршоогоор дамжуулж борлуулах, эсвэл зохих стандарт шаардлага хангасан түүхий эдээ өөрсдөө нийлүүлэх нь чөлөөтэй. Гэхдээ малчдыг хоршоолох маягаар харилцаанд оруулах нь зах зээлийн чиг хандлага, хөгжлийн төлөв талаасаа чухал гэж үзэж буйгаа хэлэв. Ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир:-Малчин хүн биржийн арилжаанд оролцох гэж цаг заваа алдахгүйгээр зөвхөн малаа маллаад явж байх, харин хоршоо нь тэдний өмнөөс түүхий эдийг нь стандарт шаардлагад нийцүүлж хадгалж хамгаалан, өндөр үнээр борлуулах ажлыг зохицуулахыг чухалд үзэж буйгаа тайлбарлав. Малчдын хэсэг, нөхөрлөл, хамтлагуудыг хоршооны хэлбэрт багтааж ойлгох талаар хуульд тусгах саналтай байгаагаа салбарын сайд нь хэлсэн юм.

 

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй зохицуулах зөвлөлтэй байх, зохицуулах зөвлөлийн даргыг гурван жилийн хугацаатай сонгохоор тусгасныг гишүүд дэмжив. Мөн биржийн зохицуулах зөвлөл нь ажлын албатай байх, ажлаа Засгийн газарт тайлагнаж байх, үйл ажиллагааны холбогдолтой дүрэм журмыг нь Засгийн газар баталж байхаар төсөлд тусгасан байна.

 

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 37 нь буюу 90.2 хувь нь дэмжсэнээр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдав. Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

 

Энэ хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Энэ хугацаанд Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, холбогдох дүрэм журмыг боловсруулах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бэлэн болгох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.