Гадаадад суугаа иргэдээ бүртгэх ажил эрчимжиж эхэллээ
2011.06.06

Гадаадад суугаа иргэдээ бүртгэх ажил эрчимжиж эхэллээ

Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа  иргэдээ бүртгэх ажил өнгөрсөн гуравдугаар сард Солонгос улсаас эхэлсэн билээ. Харин бусад оронд байгаа иргэдээ бүртгэх ажил энэ сараас эрчимтэй эхэлж байна. Энэ сарын 2-ноос эхлэн АНУ-ын  Лос-Анжелест байгаа монголчуудыг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг эхлүүлэхээр УБЕГ-ын орлогч дарга С. Энхбаатараар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй баг явсан байна. Цаашид Монгол Улс хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан явуулах ажээ. Одоогоор 27 мянга орчин монголчууд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа байгаа ажээ. Тус улсад амьдарч байгаа иргэдээс олон бичиг баримт шаардахгүй бөгөөд гадаад паспортыг нь үндэслэн тухайн улсад суугаа g-irgedМонголын ЭСЯ, Консулын газар  бүртгэх юм. Мөн өчигдрөөс  эхлэн  БНХАУ, Энэтхэг, Сингапур, ОХУ гэх мэт улсад энэ ажил эхэлжээ.Түүнчлэн энэ сарын 9-нөөс Европын орнуудад байгаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажил эхлэх аж. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ ирэх есдүгээр сарыг дуустал бүртгэх бөгөөд монголчууд олноор амьдардаг дэлхийн 30 гаруй улсад уг бүртгэл явагдах юм байна.

 

Бүртгэлд хамрагдах иргэд хэрвээ гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон тэдгээрийн архивын лавлагааны аль нэгийг үндэслэж бүртгэх юм байна. Иргэдэд  лавлагаа шаардлагатай болбол  www.registrationmongolia.com/ gad_lavlagaa,  www.burtgel.mn/ gad_lavlagaa цахим хуудсанд хандах хэрэгтэй. Гадаадад байгаа иргэдийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирснээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэгдэн, эх орны хувь хишиг хүртэх эрх нь нээгдэх юм. Мөн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд нэр нь цахим хуудсаар ирж “Эрдэнэс Таван толгой” ХХКийн хувьцаанаас хувь эзэмших боломж бүрдэнэ.

Монгол Улс иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, одоогийн байдлаар 96 хувьд хүргээд байна. Харин гадаадад байгаа Монгол иргэдийг бүртгэх ажлыг гуравдугаар сарын 23-аас БНСУ-аас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад ажиллаж байгаа 4000 гаруй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, материал нь УБЕГ-т ирж шалгагдсан байна. Солонгост өдөрт дунджаар 300 орчим хүн уг бүртгэлд хамрагдаж байгаа ажээ.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.