Монголбанкны үйл ажиллагаатай танилцав
2011.06.09

Монголбанкны үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Эдийн засгийн байнгын хорооын дарга Д.Зоригт, өчигдөр Монголбанкинд зочилж, төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, банкны салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцав. Тус банкны удирдлагууд, мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт дээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Х.Дэлгэр нар 2010, 2011 оны мөнгөний бодлого, банкны салбарын үндсэн үзүүлэлтийн талаар УИХ-ын даргад товч танилцуулав.
demberel_mongol-bank
Төв банк хөрөнгийн их хэмжээний дотогшлох урсгал, зээлийн хурдтай өсөлт, төсвийн зардлын хэт тэлэлт зэрэг эрэлтийн чанартай инфляцийн дарамтын эсрэг оны эхнээс зохих арга хэмжээ авч байгаа. Тухайлахад арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёрдугаар сараас эхлэн дөрвөн нэгж хувиар нэмэгдүүлсний зэрэгцээ дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөсөн. Энэ оны хоёрдугаар сард махны үнэ огцом өссөн ч нийлүүлэлт нэмэгдсэнээс гуравдугаар сард үнэ буурсан. Гэвч суурь инфляци өсөхөд бэлэн мөнгө тараалт, хөрөнгийн их хэмжээний дотогшлох урсгал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нөлөөлж байна. Хэдийгээр махны үнэ буурсан ч суурь инфляци хүчтэй хэвээр байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс суурь инфляци доошилсон нь бодит нөхцөл мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай байгаа гэдгээ Д.Болдбаатар захирал хэллээ. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт, тэр дундаа иргэдийн зээл илүү хурдтай өсч байна. Гадаад валютын цэвэр урсгал 2010 онд өмнөхөөс оноос 5.3 дахин өссөн бол зөвхөн энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өсөөд байна. Эдийн засгийн өсөлт, гадаад валютын урсгал, зээлийн өсөл зэрэг нь төгрөгийн ханшийн огцом өөрчлөлтийг зөөлрүүлэхэд эерэгээр нөлөөлөх сайн талтайг тэрээр онцлов.       
Төсвийн зардал ихээхэн нэмэгдсэн, алдагдал нь өссөн, хөрөнгийн их хэмжээний дотогшлох урсгал хэвээр байх төлөвтэй байгаа, мөн зээлийн хурдтай өсөлт, ялангуяа иргэдийн зээлийн огцом өсөлт зэрэг нь цаашдаа суурь инфляцид түвэгтэй байдал үүсгэж болзошгүй. Мөн дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн, нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа, түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь бусад бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй, мөн оны сүүлийн хагасаас үйлдвэрлэл болон экспортын нөлөөгөөр махны үнэ өсч магадгүй байгааг хэллээ. 

Банк давамгайлсан санхүүгийн системтэй манай орны хувьд санхүүгийн систем хямарсан үед Монголбанк шуурхай арга хэмжээ авсан, нөгөө талаар УИХ ч ихээхэн анхаарч банкны хуулийг шинэчлэн баталсан нь чухал ач холбогдолтой болсон. Арилжааны банкуудын зээлийн чанар, эргэн төлөлтөд голлон анхаарснаар банкны нийт түвшинд чанаргүй зээлийн хэмжээ таван хувьтай байгаа нь олон улсын стандартад нийцэж байгаа. Мөн өөрийн хөрөнгө, дүрмийн сангаа нэмэгдүүлэх, зохистой харьцааг хангах шаардлагыг арилжааны банкуудад тавьж байгаа, үүний үр дүн ч зохих хэмжээгээр гарч буйг банкны удирдлагууд хэлж байв.

УИХ-ын дарга мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан тэднээс зарим зүйлийг асууж тодруулаад төрийн мөнгө, санхүүгийн бодлогын асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ, мөнгөний бодлогын тодорхой дүн гарч ирсэн эдийн засгийн өсөлт энэ онд 7.8 хувь байгаа. Та бүгдийн гаргаж буй статистикээр бол 9.7 хувь болно. Энэ ондоо 10 хувьд хүргэж болохоор байна. Эдийн засгийн энэ том өсөлтийг түргэтгэх бодлого оруулсан. Үүний үр дүн нь 2012 оны бодлого явна гэж бодож байна. Энэ есдүгээр сард та бүхэн мөнгөний бодлогоо тодорхойлж УИХ-д оруулах байх. Үүнд үндэслэн бид аравдугаар сарын 1-ээс 2012 оны төсвийн байдлыг хэлэлцэнэ.

2011 оны байдлаар бид төлөвлөсөн хэмжээ, зорилгодоо хүрнэ гэж найдаж байна. Дотоодын өөрт байгаа мөнгөөрөө төсвийн алдагдлыг бид нөхнө. Энэ бодлого амжилттай явж байгаа гэж үзэж байна. Энэ нь юугаар харагдаж байна вэ гэвэл манай хадгаламжийн мөнгөн хуримтлал тодорхой байна. Өнгөрсөн оноос хадгаламж дөрвөн хувиар нэмэгдсэн, дотооддоо ашиглаж болох хадгаламжийн болон харилцахын үлдэгдэл их хэмжээтэй байна. Одоогоор та бүгдийн гаргасан зээл зэргийг тооцоод даруй 1.5 их наяд хэмжээний мөнгөний нөөц хадгаламж байна. Энэ байдлаар харвал эдийн засгийг тэтгэх боломж байгаа юм. Харин хэрхэн зөв зарах ухааныг та нар л олж чадах юм бол бидэнд боломж байна гэдгийг нэгд хэлье. Хоёрт, зээл, төсөв дээр та бүхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөв их тээсэн явдал нь инфляцийн аюул учруулах бий гэж ноднингийн 12 дугаар сараас хойш та бүгдээс ийм хандлага их ажиглагдаж байна.

УИХ 9,7 хувийн алдагдалтай  төсөв баталсан. Үүнийгээ тэр дор нь бид тодорхой тайлбарлаж байсан. Яагаад гэвэл бид хөрөнгө оруулалтыг төсвөөс 700 гаруй тэрбум төгрөгөөр дэмжсэн. Нийт төсвийн хөрөнгө оруулалт 844 тэрбум төгрөг болсон. Санхүү, эдийн засгийн хямралд орсон хувийн хэвшлийг дэмжих үүднээс бид ийм их хэмжээний мөнгийг төсвөөс энэ удаа гаргасан. Энэ нь мэдээж төсвийн тэлэлтийг ихэсгэсэн. Бид төсвийн алдагдлыг бууруулья гэвэл хувийн хэвшлийг дэмжих төсвийн энэ хөрөнгийг зогсоож болох байсан. Гэхдээ үүнийг бодлогоор хийсэн. Энэ бодлогоо үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хувийн хэвшлийг бодитой дэмжих хөрөнгө бага гаргаж байсан. Энэ дэмжлэг та бүхний хуримтлуулсан иргэдийн банкны хадгаламжтай нэгдээд бодит эдийн засгаа дэмжих сайхан боломжийг бүрдүүлж байгаа юм.

Төсвийн тэлэлтийн цаана захиргааны зардал нэмэгдсэн муу тал байгаа бол бид хянана. Бодлогын шинжтэй төсвийн “тэлэлт”-ийг Монголбанк ойлгож дэмжих байх. Цаашдаа бид Төсвийн тухай хуулийг батлан гаргана. Монголбанк үүн дээр ажиллах ёстой. Энэ бол та нарын яриад байгаа төсөв нэмэгдлээ гэдэг асуудлыг тэлэлтээс хамгаалахтай холбогдсон зүйл. Ирэх долдугаар сарын 1-ний дотор бид нар Төсвийн тухай хуулийг баталж гаргаж чадвал ирэх оны төсөв шинэ хуулиар, шинэ нөхцөлөөр явах бодлогын арга хэмжээ болно. Өнөөгийн нөхцөлд бид бодлогын арга хэмжээнүүд авахыг зорьж байна. Ийм арга хэмжээг УИХ авч ч байгаа. Том арга хэмжээнүүд эрсдэл дагуулахаас сэрэмжлэх нь зөв. Шүүмжлэх биш олон талаас нь харж санал өгөх хэрэгтэй.

2010 оны төсвийн алдагдлыг 430 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөсөн. Ийм алдагдалтайгаар баталсан. Энэ нь та нарын болон эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлийг ихээхэн дагуулж байсан. “За харав уу, 400 гаруй тэрбум төгрөгөөр энэ төсвийн алдагдлыг батлаад энэ 76 нөхөр юу хийж байна аа, бараг ажлаа мэддэг юм уу” гэх зэрэг мэдээлэл ч гарч байсан. Харин 2010 оны гүйцэтгэлээс харвал бид тэр алдагдлыг нөхөөд цаана нь 44 тэрбумын ашигтай гаргасан байгаа. Энэ оны төсвийг бид 9,7 хувийн алдагдалтай баталсан. Оны эхний хагас жилд алдагдлыг бараг 50 хувь бууруулсан үзүүлэлттэй явж байна. Яагаад бид нар бодлогын хувьд ийм эргэлзээтэй том алхмыг хийгээд байна вэ гэвэл мэдээж хэрэг эх үүсвэрээ дайчлах, улмаар хөгжлийн асуудал руу ханцуй шамлан орж байгаатай холбоотой. Гэхдээ нэг шүүмжлэлийг хүлээн авч байна. Ерөнхийдөө энэ төсвийн тэлэлтийн дотор шаардлагагүй мөнгө нэлээд гарч байгааг шүүмжлээд байгааг хэлж байгаа байх. Төсвийн тухай хуулийг гаргах замаар үүнийг шийдэж болох байх аа гэж би бодож байна.

Цаашдын төлөв байдалтай холбоотойгоор “төгрөгийн ханш чангарах” ийм үзэгдэл гарах болов. Энэ бол үзэгдлийн хувьд шинэ үг хэллэг мэт боловч бодит байдал дээр сайтар анхаарвал болох асуудал. Та бүхэн үүн дээр анхаарал тавьсан байна. Ялангуяа төгрөгийн ханшийн  чангаралт 10 хувьтай байгаа, энэ 10 хувийн өсөлтийг дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа, зөв үнэлж байгаа. Энэ чангаралтыг хэт чангаруулахгүй байх тал дээр авсан арга хэмжээ үр дүнд хүрсэн байна. Энэ бол та бүхний бодлогын үр дүн юм. Төгрөгийн ханшийг тогтвортой, энэ үзэгдлийг зөв авч үзэх үүднээс мөнгөний бодлогын практик алхмууд хийхдээ анхаарах хэрэгтэй.

“Эдийн засаг халах” үзэгдлийн тухайд бол та бүхэн нийгэм, улстөрчдийг дэндүү айлгах байдлаар дүгнэлт хийж болохгүй. “Халах үзэгдэл”-ийг бид ойлгож байгаа, мэдэж ч байна. Эдийн засгийн халах үзэгдлийг хэдхэн эдийн засагчид мэдээд байгаа юм биш. Эдийн засгийн халах тэлэх үзэгдэл, голланд өвчин зэрэг асуудлын талаар УИХ хэд хэдэн бодлогын чухал баримтуудыг, ялангуяа 2009 оны УИХ-ын ээлжит бус чуулган хийж банкны хууль, санхүүгийн бусад бодлогыг гаргаж байх үедээ нэлээд хаалтын арга хэмжээнүүдийг авсан. 2012 оны мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ халж ч магадгүй гэдгээр ерөнхий шуугианыг хийх биш эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс, хэвлэлийнхнээс шүүмжилдгийг анхаарах хэрэгтэй байна.

“Мөнгөний хатуу бодлого” гэдэг асуудлын хувьд үүнийг харьцангуй ойлголт гэж би бодож байна. Энэ талаар та бүхэн зөв бодлого явуулж байгааг зөвшөөрч байна. Яахав, төсвийн алдагдал ихтэй, инфляци өсч магадгүй, төсөв тэлэх боллоо гэдэг үүднээс та бүхэн бодлогын хүү дээр ажилласан л даа. Үүнийг ойлгож байна. Гэхдээ тохиролцсоноосоо арай илүү чангалсан шүү. 0,25 хувиар тохирч байсан мөртлөө 0,5 хувь болгоод маргааш нь зарласан байсан. Энэ яахав. Гэхдээ энэ нь оны хагас жилийн инфляцийг барихад тус болсон байх гэж би бодож байна.

Цаашдаа энэ хатуу бодлого гэдгээ инфляцийн нөлөөллийг сайтар судалсны үндсэн дээр цааштай, нааштай уян хатан авч үзээрэй гэж хэлмээр байна. Харин арилжааны банкин дээр хэтэрхий их төвлөрөөд байгаа хөрөнгийг Монголбанк татан төвлөрүүлэх замаар инфляциа барих бодлогоо нарийсгаарай гэж та бүхэнд хэлье.

Монгол орны хувьд хурдаа авсан хөгжил, стандарт бус хөгжил явж байгаа. Үүнд тохирсон либерал бодлогыг УИХ явуулж байгаа. Гэхдээ тооцоогүй бодлого явуулаагүй, тооцоотой бодлогыг явуулж байгаа гэлээ.

УИХ-ын дарга дараа нь банк хоорондын төвлөрсөн тооцооны төвийн үйл ажиллагаа, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгтэй танилцав.

УИХ-ын даргыг Монголбанкны үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, албаны бусад хүн дагалдан ажиллав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.