Монголын сүйрэл:  Иргэний хөдөлгөөнүүд эмчлэх боломжгүй
2011.06.08

Монголын сүйрэл: Иргэний хөдөлгөөнүүд эмчлэх боломжгүй

Дэлхий дахинд хүн төрөлхтөн олон ч сүйрэл амсаж тэдгээр нь түүхийн хуудаснаа бичигдэн  үлдсэн байдаг. 1923 оны Герман үндэстний эсрэг эдийн засгийн дайн болох гиперинфляци, 1929-1933 оны АНУ-ын эдийн засгийн сүйрэл, 1960-1970 оны Европын болон АНУ-ын хүн төрөлхтний моралын сүйрэл гэх мэтчилэн олон сүйрлүүдийг дурдаж болно.

Дээрх олон сүйрлийн дотроос 1929-1933 оны АНУ–ын эдийн засгийн сүйрлийн үед  “Капитализм хүн төрөлхтний түүхээс арчигдах нь гарцаагүй боллоо” хэмээн өөдрөг бус үзэлтнүүд   хэлж байв. Гэтэл Австри гаралтай эдийн засагч Иосиф Шумпитер: “Энэ бол капитализм устан алга болж байгаа хэрэг биш, харин капитализмын ‘бүтээлч сүйрэл’ (Creative Destruction) гэдэг үзэгдэл  явагдаж байна” хэмээн эдийн засгийн цоо шинэ онолыг дэвшүүлэн тавьсан юм.

 

Бүтээлч сүйрэл гэдэг бол шинэ мэдлэг нь шинэ технологийн хэлбэрээр илэрч зах зээлийг ноёрхсоноор капитализмын улс төр, нийгмийн нандин зүйлүүдэд өөрчлөлт оруулдаг ба хуучин улс төр, хуучин эдийн засаг, хуучин нийгмийн тогтолцоо сүйрэн нурж түүний араас шинэ тогтолцоо төрөн гарч байгаа үзэгдэл ажээ. “Хуучин тогтолцоо сүйрэн унахад олон хохирогч гардаг бөгөөд үүний shinabayar_888учир нь эдгээр олон тооны хохирогч үүсэх нь шинээр үүсэж байгаа тогтолцоонд оршин тогтнох шинэ мэдлэг эзэмшээгүйгээс шалтгаалдаг.Тиймээс бүтээлч сүйрлээс үүсэлтэй улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг урьдчилан тооцоолж, ямар шинэ мэдлэг гарч ирэв ээ гэдгийг нарийвчлан тогтоож, түүнд бэлтгэл хийх нэг арга байхад, бас нийгмийн халамжийн бодлогоороо бэлтгэлтэй байх өөр нэг арга бий. Тэр бол ирж яваа бүтээлч сүйрлээс үүсэх улс төр, эдийн засаг, нийгмийн сүйрлийг даван туулах нөөц бэлтгэлтэй байх явдал юм” гэж Иосиф Шумпитер хэлсэн ба цааш нь “Капитализм хүн төрөлхтний түүхээс арчигдлаа” гэж шүүрс алдаж гонсойсон олон улс үндэстнүүдэд итгэл өгч бас хөгжих урам хайрласан юм.

 

1960-1970 оны хооронд үүссэн хүн төрөлхтний моралийн сүйрлийн үед Европ болон Америкийн эрдэмтэд “Хүн төрөлхтөн устан алга болох аюул нүүрлэлээ” гэж итгэл алдан гутарцгаахад 1976 онд Альвен Тоффлер гэгч эрдэмтэн  мөн гарч ирж:  “Хүн төрөлхтөн устах биш, харин цоо шинэ замдаа гарч байна” гэж дэлхий дахинд анхааруулаад тухайн үеийн хямралыг тайлбарлахдаа “Аж үйлдвэржсэн нийгмийн моралиар, мэдлэгийн нийгэмд шилжин орж буй нийт хүн төрөлхтний цоо шинэ моралийн тогтолцоог ерөөсөө үнэлэх боломжгүй тул энэ байдал цөхрөлөөр илэрлээ. Гэтэл үнэндээ хүн төрөлхтөн доройтсон хэрэг биш харин хөгжлийн цоо шинэ замдаа гарсан байна” гэдгийг олон баримтаар нотолж, хүн төрөлхтнийг гутрангуй үзлээс салгаж дэвшин хөгжих цоо шинэ эрмэлзэл рүү хөтөлж чадсан юм.

Монгол оронд мэдлэгийн цагаан толгойд тайлагдаагүй хүмүүс “ардчилал” гэдэг уриа лоозон хашгиран 20 жил “анархижсан ” худал хуурмагаар амьдралыг үнэн болгож явсны эцэст Монгол үндэстэн өнөөдөр “гүнзгий сүйрэл”-д орсноо нойрноосоо дөнгөж сэрсэн мэт мэдэрч эхэлж байна. Энэ явцад худлаагаараа яван дуусах гэсэн мулгуу хүмүүс нэг тал болж, харин нөгөө талд өнгөрсөн хорин жилд хоёр хөршийн дээгүүр нисэн гарч, хүн төрөлхтний мэдлэгтэй танилцсан хүмүүс байраа эзэлжээ. Энэ шинэ мэдлэгтэй хүмүүс Монгол орныг цоо шинэ замд нь гаргах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бөгөөд нэг хүндрэл юу вэ гэхээр мэдлэгтэй хүмүүстэй зөрчилдсөн Монгол үндэстэн өнөөдөр “хямралын” байдалтай байна.

Мэдлэгийн цагаан толгой таниагүй хүмүүс өнгөрсөн хорин жилд “худлаа”-гаар Монгол орныг амьсгалуулж ирсэн нь Арабын түүхэнд дэх 1001 шөнийн үлгэртэй адил мэт. Гэхдээ 1001 шөнө биш харин 7300 хоногийн /20 жил/ үлгэр болжээ. Мэдлэггүй хүмүүс цааш нь бас дахиад хорин жил 7300 хоногийн үлгэрээ эхлүүлэхийг хүсэцгээнэ. Гэсэн хэдий ч Монгол хүн бүр  тэдний худлааг ойлгож байгаа. Худал зүйл худал л байдаг. Тиймээс тэдний хүссэнээр  үйл явдал өрнөхгүй нь тодорхой.

 

МАН дангаар болон эвссэн байдлаар 20 жил, АН дангаар болон эвссэн байдлаар 12 жил төр барихдаа өөрсдөө дэндүү худал учраас 7300 хоногийн туршид худлааг дэндүү хэтрүүлэн хөгжүүлсээр ирлээ. Энэ хоёр “худлаа” улс төрийн хүчин иргэний нийгмийг хөгжүүлж байна гэж бас нэг худлаа зүйлийг зохиож өөрснөө санхүүжүүлж, өөрсдийнхөө өөдөөс “хөлсний” иргэний хөдөлгөөн гэгчийг босгож, хорин жилийн дотор иргэний нийгэм хөгжсөн мэтээр үзүүлж ярьж байна. Өнгөрсөн 20 жилийн “худлаа” дотор “худлаа” нийгэм үүссэн нь эрх баригч хоёр “худлаа” улс төрийн хүчний санхүүжүүлж ирсэн гудамжны хувьсгалч нэртэй олон хөдөлгөөнүүд, ”хөлслөгдсөн иргэний хөдөлгөөнүүд”  Монгол үндэстний амьдралаар тоглож, Монгол үндэстний хүсэл эрмэлзлийн эсрэг нулимсаар  ирлээ.

Энэхүү хорин жилийн дэндсэн худлаагаас ард түмэн цөхөрч, иргэний эрх, хүний эрх зөрчигдөхөөр барахгүй Монгол улсын бүрэн эрх алдагдсан явдлууд түүх болон бичигдэх цаг мөч нэгэнт ирж Монгол улс, Монгол үндэстэн бүрэн эрхээ алдсанаа бас бүрэн ухаарлаа.  Үндэстний бүрэн эрхт байдал  алдагдсан гэдэг бол иргэний эрхийн төлөө тэмцдэг иргэний хөдөлгөөний аргаар нийгэмд үүссэн байдлыг зохицуулан шийдвэрлэх ямар ч боломж байхгүй гэсэн үг юм. Бүрэн эрхээ эдлэх ёстой Монгол үндэстний  бүрэн эрхт байдал   өнөөдөр алдагдаж буй учир Монгол үндэстэн тэрхүү алдсан өөрийн бүрэн эрхээ эргүүлэн олж авахын тулд “Иргэний эрх, хүний эрхийн төлөө” явуулж байсан тэмцлээ цоо шинэ түвшинд гаргаж, “Үндэстний бүрэн эрхийн төлөө тэмцэх”-ээс өөр аргагүй, өөр сонголтгүй боллоо.

“Үндэстний бүрэн эрхийн” асуудал бол НҮБ –ын чартер болон олон улсын хуулийн гол үзэл санаа бөгөөд үндэстний бүрэн эрхийн асуудлыг ерөөсөө олон улсын энх тайван ба аюулгүй байдал сахиулах үндсэн суурь зарчим болгодог. Олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үндэстний бүрэн эрхийн ойлголт алдагдсан, бас Монгол оронд үндэстний бүрэн эрх зөрчигдөж байгаа  нь дараах үндэслэлүүдээр бат ноттойгоор хөдөлбөргүй баримтжиж байна:


1.Үндэстний бүрэн эрх гэдэг нь тухайн үндэстнийг бүрдүүлж байгаа хувь хүний аливаа эрхээс эрхэм байх тэр л үндэстний бүрэн эрхт байдлын тухай  ойлголт. Гэтэл Монголын “ардчилсан” гэж нэрлэгддэг 1992 оны Үндсэн хууль “Монгол Үндэстэн бол Монгол төрийн эзэн мөн” гэдэг конституцын гол үзэл санааг ямар ч эргэлзээгүйгээр  тов тодорхой заасан байх ёстойг санаатайгаар орхигдуулж Монголын төрийг эзэнгүйдүүлж Монгол үндэстний бүрэн эрхэнд санаатайгаар халдсан юм. Ийнхүү санаатайгаар Монгол үндэстнийг орхигдуулсан учраас Монголын төр эзгүйдсэн.  Монголын төрийн жинхэнэ эзэн болох Монгол үндэстэнийг орхигдуулсан явдал нь Монгол үндэстний бүрэн эрхийг өчүүхэн чинээ бодолцоогүй үндсэн хуулиар сүүлийн хорин жил Монгол орныг замнахад хүргэжээ.

2. Аливаа төр хэрэв бүрэн эрхтэй л юм бол тухайн бүрэн эрхтэй төр нь ард түмний эрх ашгийг дээдлэн баталгаажуулах ёстой. Хэрэв бүрэн эрхт төр нь ард түмний эрх ашгийг умартаж бусад үндэстний эрх ашгийг өөрийн үндэстний эрх ашгаас дээгүүр тавьсан бол бүрэн эрхт төртэй буюу бүрэн эрхт улс гэж хэлэгдэх үндэслэлгүй болдог. Эрх баригчдын магтан дуулсаар байгаа Оюутолгойн гэрээ нь Монгол үндэстэн буюу Монголын иргэдийн эрхийг хөсөрдүүлж Оюутолгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг Монгол үндэстний эрх ашгаас дээгүүр тавьсан гэрээ болсон нь Монголын төр, Монгол үндэстэн өөрийн олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхээ алдсаныг тов тодоор харуулж байна.Тэгвэл Монгол улсын бүрэн эрхийг уландаа гишгэсэн тэрхүү гэрээг хийж гүйцэтгэсэн байгууллага, улс төрийн нам, парламент болон түүний гишүүд, засгийн газар болон түүний гишүүд, ҮАБ-ын зөвлөл ба түүний бүрэлдэхүүн, цаашлаад Оюутолгойн хувьцаа эзэмшигчид нь Монгол улсын бүрэн эрхэд халдсан гэмт хэргийн агуулгатай гэрээг байгуулалцаж үндэстний эрх ашгийг хохироож Монгол улсаас урвасан гэдэг нь тодорхой байна.

3. Монгол улсын газар түүний хэвлий доорх баялаг нь ард түмний өмч бөгөөд Монгол улсын бүрэн бүтэн байдлын баталгаа гэж үндсэн хуульд заасан байтал Уул уурхайн лиценз эзэмшигчдэд уул уурхайн ордыг эзэмших эрх олгосон  явдал нь  Монгол улсын бүрэн эрхэд халдсан явдал мөн.

4. Монгол орныг дэлхийн цөмийн хаягдлыг булшилдаг цэг болгохоор эрх баригчид удаа дараа хэлэлцээр хийж ирсэн явдал бол Монгол үндэстний бүрэн эрхэд халдсан явдал мөн учраас тэрхүү гэрээг үйлдэгчдийг уучлах ямар ч арга зам байхгүй бөгөөд баримтаар нотолгоожуулж тэдгээр гар бие оролцогчдыг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

5. Өнөөдөр Монголд 1 сая гаруй хүн ажилгүй бөгөөд тэд хөдөлмөр эрхэлж ар гэр амьдралаа залгуулж чадахгүй байхад Засгийн газар өөрийн иргэддээ ажлын байр бий болгох үүргээ умартаж дур мэдэн Хятадын 17505 иргэдийг зөвхөн Өмнөговьд ажлын байртай болгож байгаа явдал бол Монгол улсын бүрэн эрхэд халдсан бас нэг ноцтой гэмт хэрэг юм.

6. Өмнөговьд гааль болон хилийн хамгаалалтын байгууллагууд хятад хэлийг болон англи хэлийг албаны хэл болгож ашиглаж байгаа явдал бол Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал төдийгүй Монгол улсын бүрэн эрхэд халдсан явдал мөн.

7. Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдрах ямар ч зөвшөөрөлгүй 4000 гадаадын хүмүүс оршин сууж бүрэн эрхт Монгол улсын газар шороон дээр бүрэн эрхт  БНХАУ –ын мөнгөн дэвсгэртээр худалдаа наймаа хийж байгаа нь Монгол улсын бүрэн эрхт байдал алдагдсаныг харуулж байна.

8. Монгол улсын бүрэн эрхийн хүрээнд газар нутгийн бүрэн бүтэн байдал Монгол улсын бүрэн эрхийн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Тэгвэл Монгол улсын засгийн газар Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж Халх голын сав газраас 30 мянган га газрыг Солонгос улсад худалдсан явдал бол Монгол улсын бүрэн эрх алдагдсан гэж үзэх нэг баталгаа мөн.

Түүхийн баримт сөхөхөд 1840 оноос Палестиний газар шороог газар тариалангийн зориулалтаар лиценз болгон гадныхан эзэмшиж Лондонгийн хөрөнгийн биржид Палестиний газар тариалангийн лицензийг арилжаалсанаар өдгөө Палестинчууд өөрийн газар шороогоо алдсаныг бид мэднэ. Үүнээс шалтгаалан Палестинчууд 20-р зууны дүрвэгчид болж улс үндэстнээрээ хүн төрөлхтний гутамшиг болон үлджээ.

 

Өнөөдөр Монголын төрд байгаа энэ хэдэн луйварчидын гадаадынхны захиас даалгавраар Монголын газар нутгийг бүхэлд нь ашигт малтмалын лиценз гэдэг нэрээр аваад олон улсын хөрөнгийг бирж дээр зарж наймаалж байгаа нь 21 дүгээр зуунд Монголын ард түмнийг газар нутаггүй болгох гэсэн  далд зорилгыг агуулж байна гэлтэй. Монгол улсад Палестиний ард түмний эмгэнэлтэй бөгөөд гутамшигтай түүх давтагдах бэлтгэл ажлыг хэдийнээ бүрэн хэрэгжүүлж буй энэ хэдэн луйварчин гэм хэрэгтнүүд, Оюутолгойн гэрээ, “Энержи ресурси”, “Саусгоби Сэндс” мэтийн стратегийн орд газрыг ашиглаж байгаа компаниуд гадаадын оффшор зонд компани байгуулж Монголын баялгийг барьцаалж үнэт цаас болгож байгаа явдал бол стратегийн ач холбогдолтой уул уурхайгаас орж ирэх орлого оффшор зоны /гадаадын/ дансанд орж Монголд ямар ч үр өгөөж өгөхгүй бөгөөд “Еl Dorado” буюу хоосон цөл болно гэж Жон Хопкинсийн Их сургуулийн Төв Ази ба Кавказын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2009 оны судалгааны тайланд бичжээ. Энд өгүүлснээр “Монголчууд та нар бол харах л заяатай болохоос биш хазахын заяагүй ард түмэн” гэж хэлж байна. Гэтэл дээрх компаниудыг өнөөгийн засгийн эрхэнд байгаа луйварчид Монголын компани мэтээр сурталчилж ард түмнийг төөрөгдүүлсээр байна.

 

Монгол үндэстэнд тулгараад байгаа асуудлууд иргэний эрхийн асуудлын хүрээнээс  хол давжээ. Өнөөгийн энэхүү улайрсан их хулгай луйврын хэрэг яв явсаар үндэсний бүрэн эрхийн асуудал болон хүрээгээ тэлж байгаа учраас зөвхөн иргэний хөдөлгөөний тэмцлийн аргаар шийдвэрлэх ямар ч бололцоогүй боллоо. Ер нь үндэсний бүрэн эрх алдагдсан үед хүний эрх, иргэний эрхийг ярих нь ямар ч  утгагүй хэрэг болдог.  Ийм оронтой харьцаж байгаа улс орон, хувь хүмүүсийн эрх ашиг ч давхар хохирох аюул нүүрлэдэг.

Монгол үндэстний бүрэн эрх алдагдах нь “Монгол үндэстэн орших уу, эс орших уу” гэдэгтэй шууд холбоотой учраас Монгол хүн бүр, хойч үеийн Монголчууд оршин тогтнох эсэх асуудалд хариуцлагатай хандаж үндэстний түвшинд зохион байгуулалтад орж тэмцэхгүй бол дэлхий дахины дүрвэгчид болсон Палестинчуудын хувь тавилан Монголын хойч үеийг тойрон өнгөрөхгүй гэсэн баталгаа алга байна. Тиймээс хүн төрөлхтний бахархал, хүндэтгэл болсон Монгол үндэстэн оршин тогтноё гэвэл Хамаг Монгол өөрийн хувь тавилангийн төлөө тэмцэх цаг нь болжээ.

Монгол үндэстэн нэгдэж тэмцэхээс өөр замгүй болсон гэдгийг өөрийн үндэстний хувь тавилангийн төлөө санаа зовж явдаг хүний хувьд нийт Монголчууддаа “цаг нь болсон шүү, нөхцөл байдал ноцтой болсон шүү” гэдгийг давтан хэлье. Улс оронд нүүрлэсэн энэхүү хүнд хэцүү байдлаас ард түмэн, улс эх орноо аварч, хойч ирээдүйгээ гэрэл гэгээтэй замд хөтөлж оруулж чадах шинэ нөхцөл байдлыг ойлгож ухамсарласан, хүн төрөлхтний оюуны сангаас шинэ мэдлэгээр зэвсэглэсэн эрч хүчтэй тэр л хүмүүс гарч ирж энэ ариун үйл хэргийг гүйцэлдүүлэхээс өөр арга зам бидэнд үлдсэнгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Өдрийн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.