Уул уурхайтай холбоотой үүсээд буй асуудлуудаар хүсэлт уламжилна
2011.06.09

Уул уурхайтай холбоотой үүсээд буй асуудлуудаар хүсэлт уламжилна

УИХ-ын нэр бүхий долоон гишүүн өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүсэлт уламжлах гэж байна. Тэд Өмнөговийн уул уурхайн ордуудад ажиллаж буй монгол иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа, нефтийн ордтой атлаа гаднаас шатахууны хараат байдаг, уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, урт нэртэй хууль хэрэгжихгүй байгаа зэргийг тусгажээ.
6-gishuun
УИХ-ын даргад уламжлах гэж буй хүсэлтэд,


“Сүүлийн үед иргэд, сонгогчдын зүгээс өнөөгийн төр, засаг улс орны өмнө тулгарч буй асуудлуудыг, ялангуяа уул уурхайтай холбоотой үүсээд буй асуудлуудыг цаг тухай бүрт нь оновчтой, зөв бодлого тодорхойлж, сайтар төлөвлөж шийдэх чадамжгүй байгаа талаар шүүмжилж, бухимдлаа илэрхийлэх боллоо. Ийм байдал ч өнөөдрийн Өмнийн говьд болж буй бодлого, төлөвлөлтгүй, эмх замбараагүй бүтээн байгуулалт, нефтийн нөөцтэй атлаа шатахууны хомсдолд орж байгаа зэргээс илт харагдаж байна.  Амьдралын эрхээр Өмнийн говийн бүтээн байгуулалтыг зорьсон иргэд маань тэнд гадны хүнээс доор үнэлэгдэж, алтан амь нь эрсдэж байхад ард түмний төлөөлөл болсон УИХ сонсоогүй мэт таг чимээгүй суух нь хүлээсэн үүргээ умартсан хэрэг юм.

Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна.  Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, улмаар энэ хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна.  Ялангуяа сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна. Эдгээр асуудлуудыг төрийн бүх шатанд нь ярьж , шүүмжлэлтэй хандаж байгаа боловч ажил хэрэг болгохгүй, цаг хугацаа их алдаж байна.

Иймд бидний төлөөлж буй иргэд, сонгогчдын зүгээс тавьсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн, төрийн бодлогын хэмжээнд тавьж шийдвэрлүүлэх зорилгоор дараахь асуудлуудыг УИХ-д нэн даруй оруулж шийдвэрлүүлэхийг Танд хүсэлт болгон уламжилж байна.

Үүнд:

Нэг. Уул уурхайг даган өрнөж буй бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зөв бодлого, оновчтой төлөвлөлтөөр хангах үүрэг бүхий бүтцийг төрийн удирдлагын тогтолцоонд бий болгож, үйл ажиллагааг нь нэн даруй эхлүүлэх. Ялангуяа цаг алдалгүй нүүрсний экспортын үнэ, тээврийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор зохицуулах. Энэ хүрээнд УИХ-ын бүтцэд бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн түр хороог, Засгийн газрын бүтцэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн яамыг тус тус байгуулах;  

Хоёр. Өмнийн говьд байгаль орчин сүйдэж, иргэдийн эрх ашиг хохирч, хууль журам зөрчигдөж буй асуудлыг цэгцлэх үүргийг төр, засгийн холбогдох байгууллагуудад УИХ-ын тогтоолоор хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хаврын чуулганы төгсгөлд УИХ-д танилцуулах;

Гурав. “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  хуулийн заалтын дагуу Монголын ард түмний оршин амьдрах үндэс болсон байгаль орчин, эко системд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардлыг  аргачлалын дагуу тооцож, уг хуультай холбоотой нэр бүхий компаниудаас нэхэмжилж буй нөхөн олговортой уялдуулан, оруулсан хөрөнгө оруулалт, төлсөн татварын хэмжээг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж аж ахуйн нэгж бүрээр гарган УИХ-д танилцуулах;

Дөрөв. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын асуудлыг стратегийн бүтээгдэхүүний хувьд төр анхааралдаа авч, нефть бүтээгдэхүүн боловсруулах үндэсний үйлдвэрлэлийг бий болгох асуудлыг ажил хэрэг болгож эхлүүлэх хугацаатай үүргийг Засгийн газарт өгч биелэлтийг УИХ-ын намрын чуулганд танилцуулах;   

Тав. Гадны томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээлэлийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

Хүсэлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар нарын үсэг зурсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.