2011.06.09

Мах экспортлох, шатахуун импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хурал өчигдөр боллоо.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хурал энэ сарын 27-28-нд, комиссын ээлжит 15 дугаар хурал 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох юм.shatahuun-21

Тиймээс Монголын хэсгийн энэ удаагийн хурлаар 2011 оны 5 сарын 23-нд Москва хотод хуралдсан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдааны биелэлтийн явц, 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах талаар хэлэлцлээ.

Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах үеэрээ тус улсаас жил бүр нэг сая тонн шатахуун импортлох, хойд хөршид мах экспортлох, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын өмчийн асуудал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан юм.

Мөн манай улсад айлчилсан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсийн ажилтай танилцах үеэр яригдсан зүйлийг хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой асуудлуудыг Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгохыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.

Өмнө нь ОХУ-д мах экспортлон тус улсаас газрын тосны бүтээгдэхүүн авах нь хоёр улсын аж ахуйн нэгж хоорондын асуудал байсныг Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хурлаар албажуулсан. Энэ хүрээнд манай улсаас жил бүр 10,000-аас дээш тонн мах авах   квотыг дотоодын үйлдвэрүүддээ албан ёсоор олгох, жил бүр манай улсад 900 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байх хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт тавиад байна.

Эдгээр асуудлыг  баталгаажуулж ажил хэрэг болгохыг Тэргүүн шадар сайд, Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуяг холбогдох яамдын удирдлагад үүрэг болгожээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.