Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ажлын айлчлал өндөрлөв
2011.06.10

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ажлын айлчлал өндөрлөв

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 3-10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Унгар, Австри улсад тус тус ажлын айлчлал хийж, БНУУ-ын Будапешт хотод болох Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт, БНАУ-ын Вена хотод зохиогдох Европ, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад тус тус оролцлоо.
Грек улстай санамж бичигт гарын үсэг зурав
zandanshatar_44АСЕМ-ын уулзалтын өмнө Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Грекийн Гадаад хэргийн сайд  Димитрос Доутсастай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол, Грек хоёр улс газар нутгийн хувьд хол ч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал гэдгийг хоёр тал онцлов. Грекийн талаас манай улстай соёлын салбарт түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа хэлсэн бол манай тал эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
46 улс гишүүнээр ажилладаг
АСЕМ-ын гишүүн орнууд дэлхийн нийт бүтээгдэхүүний 50 хувь, хүн амын 60 хувь, харин худалдааны 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь энэ арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг бэлээхэн харуулж байгаа юм. Тодруулбал АСЕМ-д Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн арван орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улс гишүүнээр ажилладаг. АСЕМ-ын уулзалт хоёр жилд нэг удаа болдог.  

АСЕМ-ын уулзалт “Уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын төлөө хамтран ажиллах нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Энэ уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн бэлэн байдал, мөн санхүү эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хамтын ажиллагаа болон дэлхийн тулгамдсан асуудлаар гадаад хэргийн сайд нар хуралдлаа.

Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү уулзалтын гол хэлэлцээр нь улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын хүрээнд яригддаг. Манай улсын хувьд АСЕМ-д 2006 онд гишүүнээр элссэн.
10 гаруй улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
АСЕМ-ын уулзалтаас харахад бүс нутгийн төдийгүй олон улсын төвшинд Монгол Улстай хамтран ажиллах сонирхол өндөр байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар салбар хуралдаануудад Монголын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Энэтхэг, Истони, Грек, Герман, Австрали зэрэг 11 улсын Гадаад хэргийн  сайд нартай уулзлаа. Эндээс хамгийн их анхаарал татсан нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчитэй хийсэн уулзалт байлаа. Өмнөд хөрш Монгол Улсыг улс төр болон эдийн засгийнхаа хамгийн идэвхитэй хамтрагч түнш орон гэж үзэж байгаагаа, мөн хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ингэж ойр ойрхон уулзаж байгаа нь хамтарч ажиллаж, үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи энэ үеэр илэрхийлсэн юм.  
Дөрвөн салбар хуралдаанд оролцов
Манай Гадаад харилцааны сайд уламжлалт бус аюулгүй байдлын асуудал ба дэлхийн тулгамдсан асуудал, санхүү эдийн засгийн тогтвортой хөгжил, хямралаас хохирол багатай гарах, улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын хамтын ажиллагаа гэсэн нийт дөрвөн салбар хуралдаанд оролцлоо. Манай улс ирэх намар байгаль экологийн асуудлаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд уулзалт зөвлөлгөөн зохион байгуулна. АСЕМ-ын хуралдаанд 46 орны Гадаад хэргийн сайд нар оролцлоо.
АСЕМ-ын сэдэв Венад үргэлжиллээ
Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүн экспортлох, эсвэл импортоор бараа бүтээгдэхүүн авах тээврийн зардалдаа зарцуулдаг. Учир нь манай улс далайд гарцгүй учир тээвюрийн зардал өндөр гардаг. Тэгвэл тээврийн зардлыг бууруулах, транзит тээврийн өртгийг багасгах асуудал БНАУ-ын Вена хотод зохиогдох Европ, Төв Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдаж, гарцыг хамтдаа хайлаа. Мөн Японд болсон байгалийн гэнэтийн гамшиг зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд эдийн засгийн том ухралт болсон талаар хөндөж ярилцлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.