Үйлдвэрчний эвлэлийн холбооны их хурлын  төлөөлөгчдөд илгээлт хүргүүлэв
2011.06.15

Үйлдвэрчний эвлэлийн холбооны их хурлын төлөөлөгчдөд илгээлт хүргүүлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит ХХ их хурлын төлөөлөгчдөд илгээлт хүргүүлж, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.demberel_05

УИХ-ын дарга илгээлтдээ, Монголын үйлдвэрчний эвлэл нь манай улсын олон нийтийн нэр хүнд бүхий ууган байгууллагын нэг бөгөөд манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе үеийн тогтолцоонд нийцүүлэн хөдөлмөрчин хүний эрх ашгийг тууштай хамгаалсаар ирсэн билээ.

 

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг 1991 онд батлан гаргаж, манай иргэд ардчилал, зах зээлийн нөхцөлд хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор үйлдвэрчний байгууллагад эвлэлдэн нэгдэх үндсэн зарчмыг бататган тодорхойлсон билээ. Улсын Их Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай зэрэг хуулиудад ажил эрхлэх боломжийг хангах, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй орчинг улам сайжруулах талаархи үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрх, үүргийг эрх зүйн хувьд баталгаажуулсан юм.

 

Түүхэн замыг туулсан, баялаг туршлагатай Монголын үйлдвэрчний хөдөлгөөн өнөөдөр олон улсын жишиг түвшинд үйл ажиллагаагаа явуулах боллоо. Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд болон хөдөлмөрийн хамтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх талаар Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо үлэмж чармайлт гарган ажиллаж байгаад Монгол Улсын Их Хурал гүнээ талархаж байна.

Цаашдаа ч Улсын Их Хурал хөдөлмөрчин хүний нийгмийн баталгаа, эрх ашиг, хөгжлийг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч, холбогдох бодлого, шийдвэрийг боловсруулах шаардлагатай байна. Энэ нь үйлдвэрчний байгууллагуудын санал, санаачилга, оролцооноос шууд хамаарах болно гэдгийг тэмдэглэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.