УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Архангай аймагт боллоо
2011.06.15

УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Архангай аймагт боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний  20 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газраас эрхлэн орон нутгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газартай хамтран УИХ-ыг үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгүүдийг аймгуудад ээлж дараатай зохион явуулж байна. Өмнө нь Орхон, Дорноговь, Төв аймгуудад болсон  уг өдөрлөгийг  Архангай аймагт энэ сарын 13-ны өдөр зохион явууллаа. Өдөрлөгийг нээж,  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ: ‘’Бид УИХ-ыг сурталчлах нээлттэй өдөрлөгт ихээхэн ач холбогдол өгч байгаа. УИХ-ын үйл ажиллагаа олон түмэнд ил тод байх, сонгогч хөдөлмөрчид зөв ойлгож байх, УИХ олон түмэнтэйгээ байнгыarkhangaiooн холбоотой байх, УИХ-ын үйл ажиллагаанд иргэд сонгогчид идэвхтэй оролцох зэргийг онцгой анхаарч тодорхой зорилт тавин ажиллаж байгаа юм. Бид энэ өдөрлөгөөр иргэдтэй амьд холбоотой байж, УИХ-ын ил тод байдлыг хангаж, УИХ-ын талаар бид ч мэдээлнэ, та бүхнийхээ санал бодлыг авч ажиллах юм. Архангай бол хүн ам, эдийн засгийн үзүүлэлтээрээ том аймгуудын тоонд ордог. Тухайн  тойргоос УИХ-ын гурван гишүүн иргэд сонгогчидоо төлөөлөн, УИХ-д ажиллаж байгаа. Иймд УИХ-ыг Архангай аймагт сурталчлах өдөрлөгийг нэлээд жинтэй хийхээр бэлтгэсэн байгаа.  Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг дутуу дулимаг ойлгож байдгаас УИХ-ын үйл ажиллагааг буруу тайлбарлах, мушгин гуйвуулах хандлага ч бий. Тэрбайтугай төрийн түшээ нөхдийн хийж байгааг үйл ажиллагааг буруу зөрүү ойлгодогоос дайрч доромжлох ч явдал байдаг. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Ард түмний сонголтыг хүндэтгэх учиртай. Өнөөдөр ард түмэн өөрийн төрийн түшээдийг төрдөө суулгаж, бидний нэрийн өмнөөс төрийнхээ үйл ажиллагаанд оролц гэж сонголт хийсэн. Ард түмэн нь төрийн түшээдээ хүндэтгэж байх учиртай. Үүний цаана төрийн нэр хүнд, төрийн үйл ажиллагааны үнэн зөв бодит байдал байгаа юм. УИХ-ын   үйл ажиллагааг сурталчлахдаа УИХ-аас батлан гаргасан хуулиудын тухай, УИХ-ын бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулах болно. УИХ-аас батлан гаргах гэж байгаа хоёр ч хуулийн төслөөр та бүхэнтэй нээлттэй  ярилцлагыг хийнэ.  Энэ нь УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийг олон нийтэд таниулах, мэргэжлийн хүмүүсийн болон иргэдийн санал бодлыг хуульд тусгах зорилготой. Асуудлыг хамтдаа  ил тод хэлэлцэн, шүүн тунгааж байдаг ардчилсан нээлттэй байгууллага бол Монгол Улсын Их Хурал. Иймд  УИХ-ын үйл ажиллагааны талаар ил тод хэлэлцэж, тунгаах энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцохыг Архангайчууд та бүхнээсээ хүсье. Ард иргэд, сонгогчдын нийтлэг эрх ашиг, сонирхолыг хамгаалах төрийн тулгуур багана бол УИХ юм. Иймд УИХ-ын талаар хэдийчинээ өргөн дэлгэр мэдлэгтэй байна, төдийчинээгээр УИХ-аа ойлгож, дэмжиж, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн үг’’ хэмээн  онцоллоо. Тус өдөрлөгт оролцсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлсэн үгэндээ, анх удаа Монгол Улсын Их Хурлыг сурталчлах өдөрлөгийг ийнхүү орон нутагт зохион байгуулж байгаа нь  маш чухал ач холбогдолтой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага гээд хуульчилсан байдаг. Гол ажил нь  хууль батлах. Хууль боловсруулах ажил нь Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гээд хууль өргөн барих байгууллагыг нь ч заагаад өгсөн байдаг. Хууль өргөн барихдаа мэдээж ард олныхоо санал бодлыг сонсож, хууль эрх зүйн актуудыг УИХ-д оруулж ирдэг. Архангай аймгаас ард түмнийхээ итгэлийг хүлээж, гурав дахь удаагаа УИХ-д сууж байна. УИХ үйл ажиллагааны хувьд маш төвөгтэй процесс. Бичиг цаастай маш ихээр зууралдахын хирээр ард түмнийхээ санал бодлыг сонсохоос өгсүүлээд ард түмнийхээ хүсэлтийг хэрэгжүүүлэх үүднээс маш их ажиллах шаардлага гардаг. Гэхдээ манайх парламентын тогтолцоонд 20 жил байх хугацаандаа одоо л төлөвшиж эхэлж байна. Энэ 20 жилийн хугацаанд жинхэнэ хууль дээрээ суусан, жинхэнэ утгаараа парламентын тогтолцоогоороо ажилласан үе нь Улсын Бага хурал гэж ойлгодог. Яагаад гэвэл Бага хурлын гишүүд хаашаа ч хөдлөхгүйгээр хууль боловсруулж, баталсан гэж ойлгодог. Монголын эдийн засаг, зах зээлийн харилцааны бүх хуулийг Бага хурлын хоёрхон жилийн хугацаанд суурийг тавьсан. Тухайн үед хөдөө гадаа явж,  тойрогтоо ажиллана гэсэн ойлголт байхгүй байсан.  Харин 1992 оноос хойш чуулганы завсарлагаанаар тойрогтоо удаан хугацаагаар ажиллах боломж бүрдсэн тогтолцоонд шилжсэн. Хууль хэлэлцэх үйл явц өөрөө хуульчлагдсан байдаг учраас амаргүй. Төсвийн хууль ороод ирлээ гэхэд 4 удаа хэлэлцэнэ гээд хатуу заасан байдаг учраас түүнийгээ л баримтална. УИХ бол асар их ажилладаг тогтолцоо. Өнөөдөр 76 гишүүнийг янз бүрээр шүүмжилдэг.  Ямааны хууль, хонины хууль гаргалаа гээд л . Гэвч батлан гаргасан хууль нь хүнд чиглэсэн хуулиуд байдаг. УИХ бол одоо төлөвшиж байна. Хэлэлцэж байгаа хуулиуд маш их маргаан мэтгэлцээний дунд явагддаг. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиуд хичнээн их мэтгэлцэх тусмаа маш чанартай гардаг. Мэтгэлцэхгүй, гүйгээд гарчихвал эргэж буцах хууль гардаг. Ийм учраас парламент бол өөрөө мэтгэлцээний талбар. Монголын ард түмэн өөрсдийн сонгосон гишүүнээрээ дамжин, төрд оролцож байна гэж ойлгож болно. Төлөөлөл  болгон Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгож, орон нутгийнхаа үйл ажиллагаанд иргэд оролцдог. Монгол Улсын Их Хуралд гишүүдээ сонгож, түүгээрээ дамжин, төр барих эрхээ эдэлдэг. Сонгуулийн явцад хүн ганц минутанд өгч байгаа санал бол та төрд өөрийн сонголтыг хийж, төрөө байгуулж байгаа хэрэг гэж үздэг. Энэ утгаараа аваад үзвэл, парламентын сонгууль гэдэг бол ард түмнийхээ төр барилцах эрхийг хүндэтгэсэн хамгийн чухал үйл явц юм. Сонгуулийн хууль өөрөө их ач холбогдолтой, сонгуульд оролцох процесс нь чухал ач холбогдолтой, сонгууль зөвөөр явах нь маш чухал ач холбогдолтой, дараа нь сонгогдсон УИХ-ын гишүүд нь үүргээ биелүүлж, эрхээ эдлэх  тухай асуудал яригдах ёстой. УИХ-ын гишүүд өнгөрсөн 20 жил их зүйлийг хийж бүтээсэн, тасралтгүй сонгогдсон гишүүд ч бий. Парламентын төлөвшилд энэ чухал ач холбогдолтой гэж боддог.Өдөрлөгийн үеэр Иргэний эрүүл мэндийн  даатгалын тухай хууль, Газрын тухай хуулиар нээлттэй ярилцлага зохион байгуулах юм байна. Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож, тал талаас нь сайтар мэтгэлцэн ярилцах байх. Мэтгэлцээн бол парламентын зарчим байдаг. Энэ арга хэмжээг орон нутагт зохион байгуулж буй УИХ-ын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье гэлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ энэ удаагийн УИХ бол 5 удаагийн сонгуулийн үр дүнд бүрэлдсэн. УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй, 7 байнгын хороонд хуваагдаж ажилладаг.  Мөн намын бүлгүүдэд хуваагддаг. УИХ-ын гишүүн бүр хоёр байнгын хороонд ажилладаг. Миний хувьд Төсөв болон Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг.  Үүний зэрэгцээ байнгын хороодын дэргэд  7 дэд хороо ажилладаг. Байнгын хороо 21 хүртэл гишүүдтэй байдаг. Түр хороо байгуулагдан ажиллаж, харин тавьсан зорилтоо хэрэгжүүлээд дараа нь татан буугдана.  Аливаа асуудал шийдэхдээ УИХ , Засгийн газар болон эрдэмтэд, иргэд оролцсон  ажлын хэсэг байгуулагдан ажилладаг. УИХ хууль гэдэг бүтээгдхүүн гаргадаг. Мөн аливаа хууль болон УИХ-ын тогтоол нь  нийгмийн бүхий л амьдралыг зохицуулж байдаг. Нэгэнт хууль гарвал Монгол улсын 2,7 сая хүний хувь заяанд оролцож явдаг зүйл. Хууль  хэдий чинээ чанартай  гарна хүмүүсийн амьдрал зөв болдог. Буруу хууль гарвал ямар уршигтайг та бүхэн мэднэ. Хэлэлцүүлэг сайн явсан хууль сайн гардаг. Чимээгүй гарсан хууль хуудуутай хууль болчих гээд байдаг. УИХ-ын 76 гишүүнээс Архангай аймгаас сонгогдсон 3 гишүүнээс гадна Архангайгаар овоглосон 13 хүн байгаа. УИХ дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх асуудлыг авч үзэж байгаа. Тухайлбал,  одоогийн Засгийн газрын гишүүдийн 3-аас бусад нь УИХ-ын гишүүн байгаа, үүнийг хязгаарлах талаар ярилцаж байгаа. Засгийн газрын нийт бүрэлдхүүний  гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэсэн заалтыг хуульчилж  өгье гэсэн санал яригдаж байгаа. Дараагийн нэг асуудал нь Эрдэнэт, Дархан гэх мэт  хотуудын  статусыг өргөх асуудал яригдаж байна. Мөн намаас талцдаг асуудлыг цэгцэлье. Цөөхөн хүнтэй  Монгол улс намаар талцдаг нь зохимжтой биш. Орон нутгийн сонгуульд нам оролцдогийг болиулах санал яригдаж байна. Өнөөдөр аймгийн болон сумын ИХТ-ийн сонгууль болдог. Намууд нэр дэвшүүлдэг. Хамгийн олон суудал авсан нам нь Засаг даргаа дэвшүүлж байсныг өөрчилж, намууд нэр дэвшүүлэх биш, иргэд өөрсдийгээ дэвшүүлье. Иргэдийн өөрөө өөрийгээ удирдах ёс гэж байдгийг хэрэгжүүлье. Сумын Засаг даргаа ард иргэд бүх нийтээрээ шууд сонгодог тогтолцоонд орье гэж байгаа гэлээ.

Өдөрлөгийн нээлтийн үеэр УИХ түүний Тамгын газрын танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав танилцуулсан.

Нээлтийн ажиллагааны дараа УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд санал авах нээлттэй ярилцлагыг  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуулийн төслөөр тус тус зохион байгууллаа, Мөн өдөрлөгийн үеэр УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвд шаардлагатай техник хэрэгслийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гардуулан өгсөн. Үдээс хойш  УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Архангай аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ, Иргэдтэй хийсэн уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж УИХ-ын үйл ажиллагаа болон УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцооны талаарх мэдээлэл хийж. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа иргэд сонгогчидын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулт өглөө. Өдөрлөгийн төгсгөлд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн талаар орон нутгийн Тамир телевизийн шууд ярилцлагад УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.