Хүний хөгжил сангийн мөнгөөр малчид банкны зээлээ төлөх эрх зүйн орчныг бий болгоно
2011.06.15

Хүний хөгжил сангийн мөнгөөр малчид банкны зээлээ төлөх эрх зүйн орчныг бий болгоно

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Н.Батбаяр, Х.Баделхан, З.Энхболд болон нэр бүхий 16 гишүүд ‘’Хүний хөгжил сангийн тухай хууль’’-д өөрчлөлт оруулах болон ‘’Хүний хөгжил сангийн тухай хууль’’ хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.mal_vip

 

Монгол Улс уул уурхайн салбараас олж байгаа орлогоо ард түмэндээ тэгш, хүртээмжтэй хувиарлахын тулд 2009 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан.

 

Хуулийн төсөл өргөн барьснаар, малчид, өндөр настан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд тэдний банкин дахь зээлийн өрийг төлөх арга замыг бий болгох, ингэснээр малчдын амжиргааг дэмжих зорилготой гэж гишүүд үзэж байна. Энэхүү хуулийн төслийг малчдыг дэмжсэн, гишүүдийн дэмжлэгийг хүлээх боломжтой асуудал болохыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлж байсан.

 

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Б.Балдан-Очир болон нэр бүхий гишүүд ‘’Хувь хүний орлогын албан татварын тухай хууль’’-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд сүүлийн жилүүдэд хүн ам, хот суурин газар руу шилжих хөдөлгөөн ихсэж, хот орчмын бүсэд хэт төвлөрөл бий болж байгаа учраас аймаг, орон нутгийн дэд бүтэц хөгжихгүй, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээ ч чанар, хүртээмжгүй байгаа учраас хөдөөгийн хөгжлийг дэмжих үүднээс энэ хуулийн төслийг барих болсноо УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Хуулийн төсөлд тусгагдсанаар хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд ноогдуулах хувь хүний орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөх заалт тусгагджээ. Энэ хуулийн төслийг өргөн барьсан гишүүд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй байх замаар аймаг, орон нутгийн иргэдийг дэмжсэн бодитой алхам гэж дүгнэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.