Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тэд ингэж ярилаа
2011.06.16

Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тэд ингэж ярилаа

Өдрийн сонин"-ы энэ удаа­гийн редакцийн хэлэлцүүлэг "Монголд нефть боловсуулах боломж бий юу" гэсэн сэдэвтэй байлаа. Хэлэл­цүүлэгт Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Газрын тосны газын дарга Д.Амар­сайхан, "Монгол секью" компанийн захирал, ака­демич Т.Намжим, "Хэт" компанийн дэд захирал Б.Хүдэр-Ян болон "Өд­рийн сонин"-ы Тамгын газрын дарга Т.Дашням, Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга Д.Мөн­гөндалай, Улс төр, гадаад мэ­дээл­лийн албаны дарга Э.Энэрэл, Эрэн сурвалж­лах, тоймчдын ал­баны тоймч П.Хашчулуун нар оролцсон юм. Мөн өдөр тутмын сонин, телевизүүд, мэдээллийн сайтуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэг хоёр цаг орчим үргэл­жил­сэн. Оролцогсод газрын тос боловсруулах үйлдвэр эх орондоо байгуулахад тулгамдаж буй асуу­дал, арга зам, төр, хувийн хэвш­лийн оролцоо ямар байх гэхчилэн ярилцав. Хэлэлцүүлэг хэрхэн өр­нөснийг уншигчдадаа хүргэе.

П.ХАШЧУЛУУН: -Өнөөдрийн газ­рын тосны бүтээгдэхүүний хомс­­­дол нь нийгмийн сэтгэл зүйд энэ салбарын олон талын мэдээллийг дэлгэж өглөө. Олон хүн өөр өөрийн байр сууриа хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр илэрхийлж байна. Энэ altangerelбүхний эцэст хаа хаанаа "Монгол Улс ямар ч байсан дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй бо­лох ёстой юм байна" гэсэн нэгдсэн ойлголттой боллоо. Гэхдээ сая тонноор үйлд­вэр­лэдэг том оврын үйлдвэртэй болох ёстой юу, эсвэл эхлээд 120-200 мянган тонныг боловс­руулдаг бага, дунд оврын үйлд­вэрүүдтэй  болох ёстой юу гэсэн асуудал маргаантай байна. Үүн дээр УИХ нь ямар байр суурь­тай байгаа юм. Засгийн газар нь, хувийн хэвшлийн аж ахуй нэг­жүүд ямар бодол чиглэлтэй байгааг асуумаар байна. Эхлээд Их хур­лаас эхлэх үү?

П.АЛТАНГЭРЭЛ: -Газрын тос бо­ловс­руулах үйлдвэр байгуулах асуудал саяхнаас л олны анхаа­ралд орж байна. Уг нь аль хэдийнэ анхааралдаа авах асуудал. Мон­гол Улс тусгаар тогтносон улс шиг улс байя гэвэл газрын тосны бү­тээг­дэхүүн, эрчим хүчээ дотооддоо хангадаг байх ёстой. Газрын то­соор гадаадаас хараат байгааг осолтой гэдгийг үе үеийн эрх бариг­чид ярьсаар ирсэн ч өнөөг хүртэл шийдээгүй. Тиймээс С.Оюун, Н.Ганбям­­ба, Д.Арвин, Я.Батсуурь нарын бидний хэдэн гишүүн энэ асуудлыг яаравчлуулах зорилгоор УИХ-ын тогтоолын төсөл боловс­руулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Бидний үзэж байгаагаар газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулах асуудал дээр Засгийн газарт жинхэнэ та­шуу­рын амт үзүүлэх ёстой. Ердөө л Засгийн газрын гишүүдийн тол­гойг илдэг нь олон болчихоод ташуурддаг нь цөөхөн болчихож. Энэ асуудалд Засгийн газар са­наа­чилгатай ажилласан бол өдийд нефть боловсруулах жижиг үйлд­вэр ажиллаад эхэлчихсэн байх бай­лаа. Миний хувьд УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээгүй учраас УИХ-ын нэрийн өмнөөс ярих боломж­гүй. Харин тогтоолын төсөл санаа­чилсан гишүүний хувьд өөрийнхөө санааг хэлье. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газрын мэдээллийг сонсох үеэр энэ асуудлын талаар асуусан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд "Төрийн оролцоотой үйлдвэр байгуулна" гэж хачин юм ярьсан. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгөө гаргаад жижиг үйлдвэр байгуулъя, шилдэг технологи оруулж ирье, дотоо­дынхоо түүхий нефтийг ашиглая гээд төслөө өгчихөөд байхад "Төр оролцоно. Хувийн хэвшлийнхэн чадахгүй" гэдэг төр гэж байх уу.

Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Би энэ чиглэлийн мэргэ­жилтэн биш ч салбарынхантай нь ярилцаж байхад нефть боловс­руулах үйлдвэр байгуулахад гур­ван л асуудал байна. Нэгдүгээрт, хамгийн сайн технологи байх ёстой. Хоёрдугаарт, түүхий эдийн хангалтаа яаж хийх нь тодорхой байх, гуравдугаарт, хөрөнгөө яаж босгохоо шийдсэн байх ёстой. Энэ гурван асуудлыг шийдчихсэн бай­хад үйлдвэр барина гэж байна. "Хэт" компанийнхны өгсөн мэдээл­лээр тусгай зөвшөөрөл авчихвал 24 сарын дотор үйлдвэрээ байгуулна гэсэн. Яамнаас өгсөн мэдээллээр энэ компани 120 мянган тонн газ­рын тос боловсруулах үйлдвэр барих юм байна. Энэ компани Дорнод аймагт үйлдвэрээ байгуул­чихвал зүүн гурван аймгийн хэрэг­цээг хангах төдийгүй бусад хэрэг­цээг хангаж болж байна. Тиймээс бидний байр суурь бол, нефть боловсруулах үйлдвэр байгуу­лахдаа газар нутгийнхаа онцло­гийг харгалзах ёстой. Хотын төвд нэг том үйлдвэр байгуулчихаад бүтээгдэхүүнээ аймгууд руугаа татах уу, эсвэл бүсчилсэн байд­лаар энэ асуудлыг шийдэх үү. Төр энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой. Өдийг хүртэл нефть боловс­руулах үйлдвэр байгуулаагүй нь сайд, дарга нарын хувийн эрх ашгаас үүдэлтэй зөр­чил, томоохон компаниудын төрд оруулдаг лоб­би­ноос үүдэлтэй хойшилж буй явдал. Өөр ямар ч шалтгаан байх­гүй. Төр, засгийн арчаагүйгээс өнөөг хүртэл нефть боловсруулах үйлдвэрээ байгуулж чадахгүй явж ирлээ.

Д.АМАРСАЙХАН: Газрын тос боловсруулах анхны үйлдвэр бай­гуулах санал 2000 онд ирсэн.Түүнээс хойш нийт 17 аж ахуйн нэгж хүсэлтээ манай байгууллагад ирүүлсэн.Тэдний асуудлыг тухай бүрт нь шийдэж болно, болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэл­тийг гаргахдаа дөрвөн аж ахуйн нэгжид "Танай техник, эдийн зас­гийн үндэслэл (ТЭЗҮ) шаард­лагад нийцэхгүй байна" гэж мэдэгд­сэн. Үлдсэн 13-т нь бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаад харьяа яаман­даа хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, манайд хандсан аж ахуйн нэгжүү­дийн асуудлыг шийдсэн.Тухайн үеийн Үйлдвэр худал­дааны яам­наас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдээс дөр­вийнх нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа.Тухайлбал, Эрдэ­нэт хотод жилд 50 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай хийн конденсатын үйлд­вэр бий.Тэднийх саяхан 700 тонн хийн конденсац оруулж ирээд бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэсэн. "Мон­гол секью" компани гэхэд ТЭЗҮ хийж, тусгай зөвшөөр­лөө авчихсан. Эрдэнэтэд байдаг тос тосолгооны үйлдвэр өнөөг хүртэл ажиллаж байна. Хамгийн сүүлд тусгай зөвшөөрөл авсан "Сод Монгол" групп ТЭҮЗ-ээ дуус­гах шатандаа явж байна.Үлдсэн гур­ван компанийн хувьд яаман дээр ажлын хэсэг дүгнэлтээ гар­гачих­сан байгаа.

Д.ЗОРИГТ: Газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулах асууд­лыг өргөн хүрээнд харах хэрэгтэй.Тусгай зөвшөөрөл олгонгуут үйлд­вэр баригддаг бол аль хэдийнэ үйлдвэртэй болчих байсан. Яагаад үйлдвэр баригдахгүй байгааг сайн харах хэрэгтэй. Гурван жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авсан ч үйлдвэрээ байгуулаагүй компани байна шүү дээ. Юунаас болоод үйлдвэр баригдахгүй байна гэдэг асуудлыг бодлогын хүрээнд тооцох ёстой. Эхний шалтгаан нь, Монгол Улс газрын тосны түүхий эдийн нөөцөө ердөө өнгөрсөн жил батал­гаа­жууллаа. Өнөөдрийн батлагд­сан нөөц одоо яригдаж байгаа томоо­хон хэмжээний үйлдвэрийг хангаж хүрэхгүй. Бодит байдал ийм. Хэн ямар хөрөнгөө, эдийн засгийн ямар үр дагавартай хийх билээ. Газрын тосны нөөцөө хара­хад л батлагд­сан нөөц нь Тамса­гийн сав газарт 119 сая тонн байна.Түүнээс үйлд­вэрийн нөөц нь 19 сая тонн. Үүнийг үндэслээд жилийн хоёр сая тонн газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулах боломж мэдээж байх­гүй. Эхний ээлжинд зүүн бүсийн гурван аймгийн хэрэг­цээг хангах жижиг оврын үйлдвэр барья гэж байгаа. Гэхдээ жижиг оврын үйлд­вэрийг төрийн зүгээс хувийн хэвш­лийнхэнтэй хамтарч байгуулна. Яагаад төр оролцож байгаа юм бэ гэхээр, эдийн засгийн тооцоо хий­хээр энэ салбар алдаг­далтай байдаг. Үүний гол шалтгаан нь тээвэрлэлт байгаа юм. Энэ эрсдлийг төр харж байна. Дээрээс нь энэ салбар стратегийн ач хол­бог­­долтой учраас төр орохоос аргагүй хэрэг. Судалгаа хийж үзэ­хэд, газ­рын тосны үйлдвэр байгуу­лахад эдийн засгийн алдагдлаа удаан хугацаанд нөхдөг. Нөгөө талаас түүхий эдийн хангамжийн асууд­лаа шийдэхийн тулд эхний удаад төр оролцоод, хөл дээр нь боссоны дараа хувийн хэвшилд хүлээлгэж өгөх учиртай.

П.ХАШЧУЛУУН: -Д.Зоригт сай­­­дын ярьж буй энэ асуудал өнгөр­сөн өдрүүдэд хэвлэл мэ­дээл­лээр хангалттай яригдсан сэдэв. Энэ хэлэлцүүлгээр мар­гааш яах вэ, юу хийх ёстой вэ гэдгийг ярих нь зөв болов уу гэж бодож байна?


-Д.ЗОРИГТ: Маргаашийг харж ярихын тулд эдийн засгийн тооцоог ярих ёстой. Дахиад хэлье. Дарханд үйлдвэр байгуулах төсөл 600 сая ам.долларын баталгааг төрөөс гаргаж өгөхийг хүсэж байгаа. 600 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Хөгжлийн банк, Сангийн яаманд энэ саналыг өгсөн. Сангийн яам "Өнөөдрийн хуулийн орчинд ийм хэмжээний мөнгөнд баталгаа гар­гах боломжгүй" гэсэн. Гэхдээ энэ асуудлыг шийдэх л ёстой.

Б.ХҮДЭР-ЯН: -Манай компани энэ асуудлыг 2000 оноос судал­сан. Өнгөрсөн жил нөөц батлагд­сантай холбоотой газрын тос бо­ловс­руулах үйлдвэрээ барихаас өөр аргагүй болсон. ТЭҮЗ гарга­чихсан, ашигтай төсөл. Жилд 120 мянган тонн газрын тос боловс­руулах хүчин чадалтай жижиг үйлдвэр байгуулна. Дорнод айм­гийн Булган суманд үйлдвэр бай­гуулах газраа авсан. Одоо үйлд­вэрээ захиалах шатандаа явж байгаа. Үйлдвэр маань олбор­лолтын талбайгаас 180-аад км-ийн зайд байх юм. Тэгэхээр авто тээв­рээр тээвэрлэлт хийчих учраас асуудал бий. Нийт 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг зээл болон өөрийн хөрөнгөөр шийднэ. Энэ төслийг хийхээс ч аргагүй, хийх ч болно. Одоо тусгай зөвшөөрлөө л хүлээж байна.

Т.НАМЖИМ: Манай компани Дархан-Уул аймагт том хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар 2007 оноос тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж эхэлсэн. Жилд хоёр сая тонн нефть боловс­руулах хүчин чадалтай том хэм­жээний үйлдвэр. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр санхүүжилтийн хэмжээ их байсныг дахин шинэчилж 600 сая ам.доллар болгосон. Ийм хэм­жээний хөрөнгийг Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр зээлэхээр тохиролцсон. Одоогоор Засгийн газраас баталгаа хүсэж байгаа. Манай компанийн хувьд төртэй хамтрахад бэлэн байгаа. УИХ-ын 2010 оны 45 дугаар тогтоолд "Дар­хан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн оролцоотой консорциум байгуулж үйлдвэрийг барьж эхэл­нэ" гэж заасан. УИХ-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 23-ны 302 дугаар тогтоолд ч энэ тухай заасан байгаа. Тэгэхээр төрийн орол­цоотой консорциум байгуулах ажил бэлэн болчхоод байгаа.

П.ХАШЧУЛУУН: -Хэлэл­цүүл­гийн уур амьсгалаас харахад Зас­гийн газар "Монгол секью" ком­панийг, УИХ "ХЭТ" компанийг дэмжсэн байдалтай байна. Тийм үү?


Д.ЗОРИГТ: -Ингэж ойлгож бо­лох­­гүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Аль нь ч үйлдвэр байгуулсан монополь чанартай байх учраас төрийн оролцоо зайлшгүй байх ёстой. Үүнд ямар нэг байдлаар ялгавар­тай хандаагүй. "Монгол секью" компани нэлээд нарийвчилсан ТЭЗҮ гаргачихсан, санхүүгийн асуудлаа шийдэхээр Сангийн яамтай ярилцаж байгаа. Харин "Хэт" компанийн төсөл ТЭЗҮ өгчих­сөн байгаагаас санхүүгийн батал­гаагаа гаргаагүй байгаа. Энэ сал­барт төрийн оролцоо байх ёстой л гэсэн адил байх сууринаас бид хандаж байгаа. 

Э.ЭНЭРЭЛ: -Төрийн орол­цоо­той байх нь яагаад буруу гэж, эсвэл яагаад зөв гэж. Талууд байр сууриа илэрхийлээч?


П.АЛТАНГЭРЭЛ: -Стратегийн ор­дод төрийн оролцоо байснаар Үндэсний аюулгүй байдал хан­гагдчихгүй. Харин ч хувийн хэвш­лийнх тусам Үндэсний аюулгүй байдал хангагдана.Төр ямар нэг зүйлд оролцоод ирэхээр хувийн хэвшлийнхэн төрд дуудагдаж, заг­нуул­саар байгаад дуусдаг.Тусгай зөвшөөрөл өгчихөөд байхад үйлд­вэрээ байгуулаагүй байгаа нь төрийн л буруу. Тусгай зөвшөөрөл олгодог дүрэм, журмаа тодорхой болгох ёстой. Тусгай зөв­шөөрөл­дөө "За танайх тийм хугацаанд тийм ажлаа хийсэн байх ёстой. Түүнийгээ хийхгүй бол төр орол­цоно шүү" гэдгээ тодорхой заачих. Түүнээс "Та нар чадахгүй. Төр оролцоно" гээд байвал ажил явах­гүй. Шалтгаан нь ердөө л энэ. Журамтай байсан бол хэдүйн жи­лийн өмнө зөвшөөрлөө аваад үйлдвэрээ байгуулаагүй нэгнийх нь тусгай зөвшөөрлийг хураагаад чаддагт нь өгчих байсан.Төр бод­логоор бүх зүйлээ зохицуулдаг болохоос дотор нь ороод хувь эзэмшигч болно гэдэг утгагүй. Төрийн оролцоо энэ асуудалд ямар ч хэрэггүй. Т.Намжим гуай УИХ-ын тогтоолыг ярьж байна. Гэтэл энэ хөтөлбөр, тогтоолыг баталж байхад ОХУ манай газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн хан­гаад асуудалгүй байсан. Одоо байдал өөр болчихлоо.Т.Намжим гуай гурван улсын гэрээгээр түүхий нефть оруулж ирээд үйлдвэр бай­гуул­на, төрөөс 600 сая ам.дол­ларын баталгаа гаргаж өгнө гэж ярьж байна. Гэтэл хоёр улсын хооронд шатахуун нийлүүлэх гэрээ хэрэгжихгүй байгааг бид харж бай­на. Бусад улсууд маш олон улстай хиллэдэг учраас түүхий нефть оруулж ирээд боловсруулж болдог. Гэтэл манайх Хятад, Оросоор л дамждаг. Тэгэхээр түүхий нефть ч зөөсөн, боловсруулсан нефть ч зөөсөн хараат хэвээрээ л байна. Харин бид хараат бус болох тухай ярьж байна. Засгийн газарт тэр үйлдвэр байгуулах 51 хувийн мөнгө байгаа юм уу. Хятадаас л гуйна шүү дээ.



Д.ЗОРИГТ: Засгийн газрын бодлого гэж ярьж болохгүй л дээ. УИХ-ын 2010 долдугаар сарын 9-ний өдөр баталсан 45 дугаар тогтоолд Засгийн газар болон хувийн хэвшлийн оролцоо­той консорциум байгуулах тухай заасан. Тэгэхээр Засгийн газар энэ тогтоолыг дагахаас хоёр компанид хоёр өөрөөр хандаж болохгүй. Үйлдвэр дээр төрийн оролцоотой байна гэдэгт УИХ-ын тогтоол, Зас­гийн газрын бодлого байна. Үүгээ­рээ л явна. Харин УИХ дээр энэ асуудлыг шийдээд өөр тогтоол гаргавал бид эсэргүүцэхгүй.

П.АЛТАНГЭРЭЛ: Энэ тогтоол чинь хэрэгжихгүй байсаар гурван жил өнгөрлөө. Хэрэгждэг тогтоол болгоё л доо.

Д.ЗОРИГТ: Ноднин жил нөө­цөө баталгаажууллаа. Одоо үйлд­вэр барих асуудлаа ярьж байна. Ураг­шаа явж байгаа биз. Т.Нам­жим гуай 2007 онд үйлдвэр байгуу­лах асууд­лыг хөөцөлдөхдөө гад­наас түүхий эд авна гэхээс өөр яах байсан юм. Үүнд зарчмын ялгаатай байр суурь байхгүй шүү. УИХ-д таны өргөн барьсан тогтоол бат­лагд­вал хэрэг­жүүлээд л явна. Нө­гөө талд гурван жил яваад сан­хүүгийн хохирол амссан бэлэн жишээ байна. Харин түүхий неф­тийн хангамжийн асуу­дал бол тусдаа. Нефтийн хараат бус болох нь стратегийн том зо­рилт. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй. Гэхдээ өөрийн нөөцөө өнгөрсөн жил баталсан хүмүүс "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуу­лаагүй нь төр зас­гийн 20 жилийн алдаа" гэж ярьж болохгүй. Үе шаттай явах ёстой.

Э.ЭНЭРЭЛ: -Үндэсний аюул­гүй байдлын үзэл баримтлалд 2020 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бү­рэн хангана гэж заасан байгаа. Энэ заалт хэзээ хэрэгжих вэ?

Д.АМАРСАЙХАН: -Газрын тос­ны бүтээгдэхүүний тухай хуульд газ­рын тос боловсруулах үйлдвэр байгуулахад байгаль орчинд хор нөлөөгүй, орчин үеийн техник технологи бүхий орчин үеийн шаард­­­лага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг шаардлага тавь­даг. Мөн санхүүгийн асуудал шийд­сэн, түүхий эд бэлэн байх зэргийг заасан байдаг. "Монгол секью" гэхэд 2007 оноос хойш явлаа. 2010 оны аравдугаар сараас л мөн­гөнийх нь зээлжих эрх тодорхой болсон. Тусгай зөвшөөрөл авсан ком­паниудаас санхүүгийнхээ ба­тал­­гааг гаргасан компани нэг ч байхгүй. Төрөөс түүхий эдийнх нь эх үүсвэ­рийг шийдэх үүднээс 2003 оноос хөөцөлдөж эхэлсэн. Эхний байд­лаар 2003 онд "Роснефть"-ээс "Монголд боловсруулах үйлдвэр байгуулсан нөхцөлд түүхий эд авна" гэсэн тохиролцоонд хүрсэн. 2007 онд тухайн үеийн Ерөн­хийлөгч Н.Энхбаяр Арабын орнуу­дад айлчлахдаа гурван улсаас тус тус сая тонн түүхий эд авахаар болсон. 2006 онд Казахстанаас жилд хоёр сая тонн түүхий эд авч байхаар болсон. Үүн дээр дотоо­дын нөөц 2010 оны долдугаар сард тодорхой болсон. Тогтоогдсон нөөц  200 сая тонноор нэмэгдэнэ. Тэгэхээр Тамсагийн сав газраас нефть олборлож болох хэмжээ нь 23 сая тонн болох юм. Хайгуулын ажил эрчимжүүлж, дахиж нөөц бий болохоор энэ тоо өснө. "Хэт" ком­па­нид газрын тос өгье гээд ярихад эхний ээлжинд тусгай зөвшөөрөл болон "Монголын талд ногдох газрын тосыг бид авъя" гэсэн гэрээг Засгийн газартай хийчихсэн байх ёстой. Энэ гэрээ өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Тамсагаас Монголын талд ногдох түүхий эдийг Засгийн газар дэлхийн биржийн ханшаар худалдаж байгаа. Үүнийг "Хэт" яаж авах нь тодорхойгүй хэвээр л байна.

Д.МӨНГӨНДАЛАЙ: -Яг хэдий хуга­цаанд Монгол Улс дотооддоо нефть боловсруулах боломжтой вэ гэдэг тодорхой хугацаа хэлэх боломж байна уу?

Д.АМАРСАЙХАН: Хугацааны хувьд манай байгууллага болон олборлогч компаниудын судал­гаагаар 2015 онд Монгол Улсад нэг сая тонн нефть олборлоно. Зүүн аймгийг хангах жижиг үйлд­вэрийг байгуулахад суурь тавьс­наас хойш 1.5 жилийн дараа эц­сийн бүтээгдэхүүн гаргана. Түүнээс өмнө энэ компани хөрөнгөө ший­дэх ёстой. Засгийн газрын мэдлийн газрын тосыг "Хэт" компани боловс­руулах асуудал яригдаж байна. Энэ жил л гэхэд Тамсагаас Монго­лын мэдлийн 70 тэрбум төгрөгийн тос гарна.

П.ХАШЧУЛУУН: -Д.Зоригт сайд аа, 2015 онд нэг сая тонн нефть олборлох нь үнэн үү?

Д.ЗОРИГТ: -Юу гэсэн үг вэ. Зас­гийн газрын хэрэгжүүлэгч агент­лагийн үг бол Засгийн газрын үг. Тиймээс тийм гэж хариулна.

Д.АМАРСАЙХАН: Тос нь өөрийн улсын юм чинь үйлдвэрээ байнга ажиллуулж байх шаард­лагатай. Үүний тулд төр оролцох гээд байгаа юм. Том үйлдвэрийн түүхий эдийг төр сүүлийн 5-6 жилд бэлтгэж өглөө.

Д.ЗОРИГТ: Түүхий тос үнэтэй эд. Жилд 70 тэрбум төгрөгийн түүхий тос боловсруулж төсөвт оруулж байна гэдэг их мөнгө. Компаниуд зах зээлийн үнээр түүхий тосоо авах юм бол бас л асуудал. Урт хугацаанд хэрэгжих төсөлд бага хүүтэй, урт хугацаатай зээлээр санхүүжихийн тулд төрийн орол­цоо хэрэгтэй. Төр өөрийнхөө хам­тарсан үйлдвэртээ түүхий эдээ оруулж байж үйлдвэр чинь босно биз дээ.

Б.ХҮДЭР-ЯН: Манай компа­нийн хувьд 50-хан сая ам.долларын асуудал яригдаж байна. Гэхдээ 50 сая ам.доллараа барьж байгаад үйлдвэр барих асуудал биш. Тус­гай зөвшөөрлөө авчихаад үе шат­тай хөрөнгө оруулалттай хийнэ. Тусгай зөвшөөрөлгүй компани хаана, хэнтэй санхүүгийн асуудлаа ярилцаж хөрөнгө босгох юм бэ. Хэрвээ тусгай зөвшөөрлөө авчих­вал үе шаттай санхүүжүүлээд явах боломжтой. Нэг жижиг үйлдвэр барьснаар монополь болно гэж байхгүй. Нөөц нь байгаа юм чинь өөр олон үйлдвэр байгуулаг л дээ.

П.АЛТАНГЭРЭЛ: Төр хувийн хэвшлийг дэмжинэ гэж байгаа бол тусгай зөвшөөрлийг л өгчих. Чадах­гүй бол буцаагаад авчих.

Д.ЗОРИГТ: -"Хэт" компани төрийн оролцоотой компани байж болно гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа. Тийм үү?

П.АЛТАНГЭРЭЛ: Ингэж тулгаж болохгүй шүү, Зоригт сайд. Хүдэр-Янг дарамталж байна. Төр хувийн хэвшлийг ингэж л дарамталдаг. Өнөөдрөөс эхлээд Хүдэр-Ян улам л хүнд байдалд орох юм байна.

Б.ХҮДЭР-ЯН: Газрын тос бо­ловс­руулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Э.ЭНЭРЭЛ: -Яагаад жижиг хэм­жээ­ний үйлдвэрүүд бай­гуулж болдоггүй юм бэ. Орост л гэхэд тийм жишиг бий шүү дээ. Үүнд заавал төр оролцох гээд байх шаардлага байгаа гэж үү?

Т.НАМЖИМ: -Манай компанид 85 хувийн хөрөнгө оруулалтыг Японы Засгийн газар дааж зээл олгох юм. 15 хувийг нь Японы корпораци санхүүжүүлээд өгье гэж байгаа. Энэ бол шийдчихсэн асуу­дал. Төвийн бүсийг хангах томоо­хон үйлдвэртэй байх ёстой. Ма­найх төвийн бүсээ хангана. Тэгэ­хээр энэ хоёр төслийг сөргүүлэх ямар ч шаардлагагүй.

Д.ЗОРИГТ: Энэ хэлэлцүүлгээр арга замыг хайх асуудлыг ярих ёстой. Засгийн газраас Дарханд "Монгол секью" компанийн төслийг хэрэгжүүлэх талаас нь ажиллана. Жижиг үйлдвэрүүдийг ч дэмжиж ажиллах болно. Төрийн мэдэлд байгаа түүхий тосыг зүүн бүсэд яаж боловсруулах асуудлыг ярьж бай­на. 50-хан сая ам.доллар гэж ярьж байна. Энэ бага мөнгө биш. Үүнийг босгоход ямар нэг байдлаар төр оролцоно. Төрийн оролцоотой байвал мөнгө босгох зэрэг ажил нь өөрөөр явна. Түүнээс өнөөдөр тусгай зөвшөөрөл олголоо гэхэд жилийн дараа ямар байхыг хараа­рай.

П.АЛТАНГЭРЭЛ: 120 тонн ша­та­хуун боловсруулахад төр орол­цох ямар шаардлагатай юм бэ.

Д.ЗОРИГТ: Компани нь энэ ажил явагдах ёстой гэж байгаа нь төр оролцохыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.

Д.АМАРСАЙХАН: Төр орол­цож байгаагийн учир нь "Монгол секью" жилийн гурван хувийн хүү­тэй зээл авч байгаа. "Хэт"-ийнхэн өөрсдөө хөөцөлдөөд зээл авахаар жилийн 10-15 хувийн хүүтэй зээл авна.

П.АЛТАНГЭРЭЛ: -Засгийн газ­рын­хан мэргэн хүмүүс шиг бүхнийг урьдчилаад харж ярьдаг. Хэн ямар хүүтэй зээл өгөхийг мэдэж байгаа юм байна. Харамсалтай нь ингэж урьдчилж харахдаа дандаа буруу хардаг.  Эцэст нь хэлэхэд, тусгай зөвшөөрөл хүсч байгаа бүх компа­нид зөвшөөрлийг нь өг. Харин тодорхой хугацааны дараа ажлаа хийж чадахгүй бол зөвшөөрлөө хураагаад, төр оролц. Миний хувьд дахиад л хэлье. Хувийн хэвш­лийнхэн чадна, тусгай зөв­шөөр­лийг нь өгчихөөч ээ гээд байхад "Үгүй ээ төр заавал оролцоно. Оролцох ч ёстой" гэж гацаагаад байгаагийн чинь цаана огт өөр эрх ашиг явж байгаа шүү. Нөхцөл байдал цаг, цагаар өөрчлөгдөж байгаа.

Б.ХҮДЭР-ЯН: Одоо манайд тусгай зөвшөөрөл л хүлээгдэж байна. Үүний дараа санхүүгийн асуудал шийдэгдэх бүрэн боломж­той. Дахиад хэлэхэд, үйлдвэрийн санхүүжилт нэг өдөр пал хийтэл орохгүй. Бидний ТЭЗҮ-ээр Монго­лын талд оногдож байгаа нефтийг зах зээлийн үнээр нь худалдаж авсан ч ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр энэ бол тийм ч бололцоогүй асуудал биш. Манай бүтээгдэхүүн "Евро-3" стан­дар­тыг хангана. Өөрөөр хэлбэл, одоо зах зээлд борлуулж байгаа шатахуунаас илүү чанартай байна гэсэн үг.

Д.ЗОРИГТ: Санхүүжилтийн асуудлыг шийдүүлэхгүй гээгүй. Харин төр оролцвол зээлийн хүү буурна. Төрд оногдож байгаа түү­хий тосыг хөнгөлөлттэй үнээр бор­луулбал, хэрэглэгчдэд хүрэх бүтээг­дэхүүний үнэ буурна. Энэ бүх боломжит нөхцөлийг бүрдүүлэх гээд байгааг эсэргүүцэх нь ямар учиртай юм бэ. Ингэж боссон маш олон орны туршлага байгаа.

П.АЛТАНГЭРЭЛ: Өөр аргаар дэмж. Төрийн мэдлийн түүхий эдээ хямд­ралтай үнээр олго.

Т.НАМЖИМ: Манай төслийн хоёр сая тонн газрын тос боловс­руулах хүчин чадалтай үйлдвэр төвийн бүсийн хэрэгцээг хангана. Санхүүжилт нь шийдэгдэх асуудал. Японы олон улсын хамтын ажил­лагааны банкны дэд ерөнхийлөгч нарын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд, УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга­тай уулзахдаа "Танай энэ төсөл Монгол-Японы харилцааны бэлгэ тэмдэг болно. Бид санхүүжүүлэхэд бэлэн. Та нар төр, хувийн хэвш­лийн оролцоотой компаниа хурдан байгуул. Тэгээд гэрээ хэлцэлээ хийе" гэсэн гэв.

Уншигчдаас нэр бүхий гурван компани мөн бүх хөрөнгө гаргаад үйлдвэр бай­гуулъя гээд байгаа "Mongolian oil and gas" компанийн тухай яагаад ярихгүй байна вэ гэсэн асуултыг Д.Зоригт сайдын нэр дээр ирүүлс­нийг лавлахад мөнөөх шалгуур даахгүй байсан, хөрөнгийн батал­гаа гаргаж өгөх­гүй байгаа учраас гэсэн хариул­тыг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Мон­­­голд нүүрснээс шатахуун гаргах төсөл боловсруулсан "Ий-Си-Эм" компанийн төлөө­лөгч тусгай зөв­шөөрөл хэрхэн авах талаар асуу­хаар уулзалтад ирсэн байсан юм.Түүний асуул­тад Д.Зоригт сайд хариулахдаа "Нүүрс боловсруулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл өгдөг­гүй. Үйлд­­­вэрээ барьж болно. Танайхыг бол бүрэн дэмжиж байгаа" гэсэн юм. Харин П.Алтангэрэл гишүүн "Тэгээд бусдыг нь бүрэн бус дэмжиж байгаа юм уу" гэс­нээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Өдрийн сонин Тэмдэглэсэн Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.ЦЭРЭННАДМИД

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.