“Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг” эмч
2011.06.20

“Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг” эмч

Пашка гэдэг энэ нэр зарим хүмүүсийн хувьд танил сонсогдох байх. Хүүхдийн тодотголтой эмч түүнийг ялангуяа залуу ээжүүд андахгүй. Анх нэрийг нь сонссон нэгэн түүнийг орос хүн үү хэмээн андуурдаг ч үнэндээ Е.Пашка эмч Казахын ард түмний дундаас төрөн гарсан нэгэн үеийн сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Баруун дөрвөн замын орчимд "Дангал" нэртэй хувийн эмнэлгээ нээгээд нэлээд хэдэн жил болж байгаа. Одоо тэр эмнэлэгт казах, халх, хөгшин, залуугүй бүгд л очиж эмчлүүлдэг юм билээ.

tleikhan_family

Е.Пашка эмч Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрж, өссөн хүн.Тэрбээр 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөнөөсөө хойш Улаанбаатарын иргэн болжээ.Тэрбээр уг нь дотрын их эмч хүн. Мэргэжилдээ дуртай хүний хувьд өөрийгөө үргэлж боловсруулах хүсэлдээ хөтлөгдөн хүүхдийн, уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тасралтгүй суралцаж өдгөө европ болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан эмчилгээ үзүүлж байна. Анагаах ухааны магистр, клиникийн профессор, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэрбээр сайн эмчээс гадна хөдөлмөрч, тусч гэдгээрээ өөрийн хүрээллийн хүмүүст хүндлэгдэж хайрлагдсан эмэгтэй. Хүний мөн чанар үгүй болсон гэх энэ цаг үед Е.Пашка эмч өвдөөд ирсэн хэн нэгнийг мөнгөгүй байлаа гээд хөөгөөд гаргадаггүй. Эмч хүний сэтгэлээр хандаж "Боломжтой үедээ мөнгөө өгөөрэй" гээд эмчлээд л гаргадаг энэрэнгүй нэгэн. Нэг ёсондоо дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг юм байх.Тэвдсэн, сандарсан хүнд үүн шиг том бэлэг гэж байдаггүй.Тэвдсэн үед тэвнээр тусалсан хүнийг хэн мартах билээ. Хэзээ нэгэн цагт баярласан сэтгэлээ илэрхийлээд ороод л ирдэг аж.

 

Е.Пашка эмч 1997 оноос хойш дотор, мэдрэл, хүүхдийн өвчнийг уламжлалт болон орчин үеийн аргаар оношлох үүднээс хувийн "Дангал" эмнэлгээ санаачлан байгуулсан нь өдгөө өргөжин тэлжээ.Тэрбээр хүү, охин хоёртойгоо хамтран эмнэлгийнхээ ажлыг явуулдаг юм байна. Эмнэлэг удирдан, хүн эмчлэхээс гадна тэрбээр төрж өссөн нутаг усандаа хандсан буянтай ажил олныг санаачлан хийжээ. Өнгөрсөн зун л гэхэд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор аймгийнхаа төвд байрлах өндөр антенныг орчин үеийн хэв маягт оруулж хүмүүст хэрэгтээ мэдээллээр чимсэн байна. Ингэснээр өлгийчүүд уг антеннаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ болон өөр бусад мэдээллийг авдаг болсон байна. Түүнчлэн Е.Пашка эмч нутагтаа очих бүртээ нутгийнхныгаа эмчийн үзлэгт хамруулдаг гэсэн. Энэ мэт нийгэм олон нийтийг хамарсан ажлаас гадна тэрбээр казах эмэгтэйчүүдийн нэгэн адил ур ухаан шаардсан хээ хуартай аравч, ширдэг, казах үндэсний цээл. хувцсыг гайхалтай сайхан оёж хатгадаг уран бүсгүй.

 

Е.Пашка дөрвөн хүүхдийн ээж,Төрийн түшээгийн халамжит ха,нь нь.Түүний нөхөр нь УИХ-ын гишүүн А.Тлейхан юм.Том охин Март нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй ч ээжийнхээ ажилд туслахаар дахин суралцаж сувилагч мэргэжил эзэмшин одоо "Дангал" эмнэлэгтээ ажиллаж байна. Мөн бага хүү Бауыржан нь ээжийнхээ мэргэжлийг эзэмшжээ. Харин том хүү Аманжол АНУ-д эдийн засгийн сургууль төгсөөд тэндээ ажиллаж амьдарч байгаа бол бага охин Айжан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч юм байна.

Өдрийн сонин Ч.Анна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.