2012 онд  Салхин цахилгаан станц ашиглалтад орно
2011.06.20

2012 онд Салхин цахилгаан станц ашиглалтад орно

Монгол Улсад баригдах  салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолыг Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд өнгөрсөн дэлхийн салхины өдөр буюу 06 сарын 15-нд зохион байгууллаа. Уг ажлыг “Ньюком группын” Клини Энержи компани гүйцэтгэнэ. Монгол орон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй улс бөгөөд салхин эрчим хүчний нийт нөөц 550.000 мВт байдаг нь салхиар өөрийн цахилгааны хэрэгцээг хангаад зогсохгүй их хэмжээний цахилгаан үйлдвэрлэж экспортлох боломжтой юм байна.

salhiЭнэхүү салхин парк нь хүчин чадлын хувьд 50 мВт байх бөгөөд энэ нь дулааны 2-р цахилгаан станцтай дүйцэхүйц хэмжээний эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ гэсэн үг ажээ. Мөн уг салхин паркийг байгуулснаар нэг жилд 140 мян тн нүүрс, 1.4 сая тн цэвэр ус хэмнэхээс гадна агаарт цацагддаг хорт хийг 150 мян тонноор багасгах боломжийг олгох юм байна. Энэ нь байгаль орчинд ээлтэйгээр зогсохгүй байнгын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, ОХУ-аас импортоор худалдан авдаг цахилгаан энергийн 30 хувийг орлох зэрэг чухал ач холбогдолтой юм. Салхин станцыг 2012 онд ашиглалтад оруулан жилд 160 сая квт цаг гаруй цахилгааныг үйлдвэрлэж,төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэхээр боллоо.

 

Монголын нийт нутгийн салхины нөөцийн судалгаанаас харахад манайх Хятад улсын жилийн эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээний салхины нөөцтэйг тогтоосон байна. Энэ судалгааг үндэслэн "Newcom" групп 2004 оноос хойш Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт салхины нарийн судалгааг хийсэн байна. Судалгааны явцад тус сумын “Салхит уул” гэдэг газарт энгийн үед ч ихээхэн салхи хуримтлагддаг нь тогтоогджээ. Ийм учраас анхны  салхин станцынхаа суурийг энэ ууланд тавихаар болжээ.

Уг салхин цахилгаан станц өөрийн гэсэн онцлогтой. Нийтдээ салхин станцад 30 том салхин сэнс байрлана. 80 тонны салхин турбин 80 гаруй метрийн өндөрт байрлах юм. Сэнсний нэг далбаа нь 40 метрийн урттай ажээ.Тус компани нь цаашид монголын эрчим хүчний нөөцийг нарийвчлан судалж, монголд өөр хаана ямар газарт салхин станц байгуулж болохыг тогтоохоор ажиллаж байна. 2030 он гэхэд дэлхий нийт цахилгааны үйлдвэрлэлийн 15% ийг салхинаас үйлдвэрлэхээр зэхэж байгаатай  Монгол улс хөл нийлүүлэн алхаж эхэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.