Д.Лүндээжанцан: Ойлголцолд хүрч чадахгүй байгаад УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч нарын байр суурь нөлөөтэй
2011.06.23

Д.Лүндээжанцан: Ойлголцолд хүрч чадахгүй байгаад УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч нарын байр суурь нөлөөтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.30 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.
uih_2010

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч байгааг мэдэгдэж бүлгийн саналыг хүндэтгэн хүлээн авч шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Тэрбээр, хуулийн төсөлд намын бүлгүүдийн Ажлын хэсгийн санал зөрөлдөөнтэй гурван асуудал байгаа. Сонгуулийн хуулийг энэ хаврын чуулганаар батлах нь Улсын Их Хурлын хамгийн гол асуудал. Иймд Ардчилсан намын бүлэг энэ хуулийн төсөлд тэргүүлэх ач холбогдол өгч Ажлын хэсэг хуралдаанаа үргэлжлүүлэх шаардлагатай байна гэсэн тайлбар өгсөн юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Дэгийн тухай хуулиар чуулганы нэгдсэн хуралдаан дээр намын бүлгүүд завсарлага авах эрхтэй. Чуулганы хуралдаанд намын бүлгүүдээс тодорхой асуудлууд дээр завсарлага авч ирсэн. Ардчилсан намын бүлгээс гаргаж байгаа хүсэлтийг зөвхөн өнөөдрийн чуулганы хуралдаанд завсарлага авч байна гэж ойлгож байна. Маргааш чуулганы хуралдаан хуваарийн дагуу хуралдах ёстой. Мөн ажлын хэсгүүд хуралдаанаа шуурхайлах хэрэгтэй байна гэлээ.

 

Харин УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, намын бүлгийн Ажлын хэсгийнхэн хоёр ч уулзалт хийсэн. Санал зөрөлдөөнтэй 6 асуудлаас 3 дээр нь ойлголцолд хүрч чадахгүй байна. Ардчилсан намын бүлгийн Ажлын хэсэг тодорхой хувилбар гаргах байх. Чуулганы хуралдаан гацах боломжгүй гэж үзэж байна. Манай бүлгээс тавьсан саналууд тодорхой байгаа. Бид аль болох ойлголцох хэрэгтэй. Улс орны эрх ашиг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр нэг мөр ойлголцолд хүрч чадахгүй байгаад УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч нарын байр суурь нөлөөтэй гэж бодож байна. Иймд миний бие бүлгийн даргын ажлаа өгөхөө мэдэгдэж байна. Шинэ бүлгийн дарга асуудлыг ярилцах нь зөв байх гэсэн тайлбарыг хийсэн юм.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, бид бие биедээ улс төрийн өнгө аястай үг чулуудалцах хэрэггүй. Аль аль тал нь Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлая гэж байгаа. Иймд намын бүлгүүдийн Ажлын хэсгийнхэн уулзалдаж хуулийн төслийн талаар дахин сайтар ярилцаж асуудлыг шуурхайлах хэрэгтэй гэсэн үүрэг өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.