“Ногоон өсөлт”-ийн олон улсын чуулга уулзалтад Л.Гансүх сайд оролцоод ирлээ
2011.06.24

“Ногоон өсөлт”-ийн олон улсын чуулга уулзалтад Л.Гансүх сайд оролцоод ирлээ

Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотноо 2011 оны зургадугаар сарын 20-21-ний өдрүүдэд болсон “Ногоон өсөлт”-ийн олон улсын чуулга уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцоод ирлээ. gansukh_forum

БНСУ-ын Засгийн газар ба Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтад Азийн орнуудын төрийн түшээд, байгаль орчны асуудал хариуцсан сайд нар, олон улсын эдийн засаг, хөгжлийн томоохон байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ногоон өсөлтийн жишээ туршлагыг харилцан судлах, хамтран хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх нь энэ удаагийн уулзалтын үндсэн зорилго байв. Иймээс ч “Эх дэлхийгээ хөгжүүлэх–Хариуцлагатай иргэншил” гэсэн сэдвийг хоёр өдрийн уулзалтын үндсэн сэдэв болгон, тал бүрээс нь хэлэлцлээ.

Байгалийн баялгийн хомсдол, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааралтайгаар эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн бодлого бол ногоон өсөлтийн бодлого юм.

“Ногоон өсөлт”-ийн санаачилга, “Ногоон өсөлтийн стратеги”-ийг Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж байгааг Л.Гансүх сайд хурлын индрээс илэрхийлэв. Түүнчлэн, өөрийн зүгээс энэ санаачилгыг байгаль орчныг доройтуулалгүйгээр эдийн засгийн хөгжилд хүрэх гүүр, даяарчлалын өөр нэг арга зам хэмээн үзэж байгаагаа онцоллоо.

БОАЖЯ-ны Уур амьсгалын зохицуулах албаны дэргэд энэ оны гуравдугаар сард “Ногоон өсөлтийн хороо” байгуулсан нь эл санаачилгыг дэмжиж буйн нэг илрэл юм. Монголын “Ногоон өсөлтийн хороо”-ны үйл ажиллагаа эхлээд удаагүй ч “Ногоон эдийн засгийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж эхэлсэн. Энэ хөтөлбөрт “Тогтвортой үйлдвэрлэл, ногоон хэрэглээ”, “Татварын бодлого, төсвийн шинэчлэл”, “Байгаль орчинд хөрөнгө оруулах” ба “Тогтвортой дэд бүтцийн хөгжил” гэсэн асуудлуудыг тусгасан байгаа. Монгол Улсын Засгийн газраас ногоон өсөлт, хөгжлийг нийгмийн бүх салбарт хэрэгжүүлэх бодлогоо ийнхүү тодорхойлж эхэлсэн нь энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгааг илрэл юм.

БНСУ нь ногоон өсөлт, хөгжлийн асуудлыг олон улсын тавцанд санаачлан өрнүүлсний дээр өөрсдийн энэ санаачилгаа хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн дэлхийн цөөхөн орны орны нэг. Ерөнхийлөгч Ли Мун Бакаар удирдуулсан Солонгос улсын Засгийн газар 2008 онд Ногоон өсөлтийн стратегийг санаачлан, ногоон өсөлтөд суурилсан бодлого хэрэгжүүлснээр байгаль хамгаалалдаа үсрэнгүй амжилт гаргасны зэрэгцээ эдийн засгийн хувьд амжилтад хүрчээ. Тэд энэ стратегийн бодит үр дүнд үндэслэн G20-ийн тэргүүлэгчдийн нэг болсон. 2010 онд богино хугацаанд эдийн засгаа амжилттай өсгөснөө ч энэ бодлоготой холбон тайлбарлаж байна. Тиймээс ногоон өсөлтийн стратегийг дэлхийн эдийн засгийн хөгжил болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах шинэ загвар төлөвлөгөө болгон гаргахаар олон улсын тавцанд гаргаж ирсэн юм. Тус улс анх 2010 онд ногоон өсөлтийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх, бодлого боловсруулах “Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэн”-г байгуулж байсан бол өнөөдөр өөрсдийн жишээ туршлага, олон улсын хамтын ажиллагааны арга зүйгээ олон улсад ийнхүү танилцуулж байна.

Чуулга уулзалтад оролцогчид хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй ярилцахдаа нэг гол санаанд нэгдэж байв. Энэ нь баялгаа шавхсан өнөөгийн хөгжлийн хандлагаараа дэлхийн улс орнууд цаашид явсаар байвал байгаль орчны доройтлоос үүдэн хүн төрөлхтөнд учирч болох аюул хохирлын талаарх яриа юм. Иймд ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн цаашдын чиг хандлага, тогтвортой хөгжилд нөлөөлөх арга замын талаар санал бодлоо солилцож, дэлхийн тогтвортой хөгжилд олон улсын хамтын ажиллагаа хамгийн чухал болохыг оролцогчид чухалчлан ярьцгаалаа.

“Ногоон өсөлт”-ийн санаачилга, “Ногоон өсөлтийн стратеги”-ийг өдгөө дэлхийн олон улс бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.