Ерөнхийлөгч УИХ дахь  бүлгийн дарга нартай юу ярив?
2011.06.24

Ерөнхийлөгч УИХ дахь бүлгийн дарга нартай юу ярив?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга Ө.Энхтүвшин , АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАН-ын бүлгийн дэд дарга С.Батболд, АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр нарыг  хүлээн авч уулзан тодорхой асуудлуудаар чиглэл өгч ярилцлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “ Шинээр сонгогдсон  МАН-ын бүлгийн дарга, дэд дарга нарт б2011-06-24uulzalt_big3аяр хүргэе. Та бүхэн идэвхтэй, эрчтэй ажиллаарай. Өнөөдөр би та бүхэнтэй уулзаж, тодорхой дөрвөн асуудлаар ярилцъя гэж бодлоо.

 

Нэгдүгээрт, “Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг,  тэтгэмжийн тухай” хуулийн төслийг өргөн бариад  удлаа.  Төрөөс дээд боловсролд тодорхой дэмжлэг үзүүлээд, тэр хэрээр шаардлагаа чангалаад, шалгуураа өндөрсгөөд явах, нөгөө талдаа монголын нийт айл өрхийн 60 гаруй хувийн эдийн засагт шууд нөлөөтэй асуудлыг шийдвэрлэх ийм хууль байгаа.  Энэ хууль батлагдахыг нийгмийн маш том хэсэг харж хүлээж байгаа шүү. Тэгэхээр энэ хуулийн төслийг батлуулах чиглэлд МАН, АН-ын бүлгийн зүгээс шийдвэртэй ажиллаарай гэж хүсье.

 

Дараагийн нэг чухал асуудал бол сонгуулийн хуультай холбоотой. 2008 оны сонгуулийн дараа тэр үеийн Ерөнхийлөгч, намуудын дарга нар уулзаж, сонгуулийн хуулийг шинэчлэх хэрэгтэй гэдэг тохироонд хүрч, гарын үсэг зурж байсан. Сонгууль шударга боллоо, бидний сонгосон хүн гарч ирлээ гэдэг ард түмний итгэл,  төрд итгэх итгэлийг бэхжүүлэх нь хамгийн чухал. Энэ бол бидний хийх ёстой ажил, үүрэг. Сонгуулийн хуулийг энэ хаврын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй.

 

Шударга ёсыг бэхжүүлэх шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх сэдвээр өнгөрсөн хавар  үндэсний чуулган зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ чуулганд салбарынхан төдийгүй иргэд маш идэвхитэй оролцож, нийгэмд шударга ёсыг тогтооход багана нь болсон салбар бол шүүхийн салбар юм гэдэгтэй санал нэгдсэн. Тийм учраас  Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилгоор 5 хуулийн төслийг бэлэн болголоо. Маш олон хүн ажиллаж, олон удаа хэлэлцүүлж, санал болгоныг авч үзэж, нэг үгээр бол “усыг нь шавхлаа”.  Эдгээр хуулиудыг хэлэлцэн батлахыг Та бүхнээс хүсье.

 

Эцэст нь нефть бүтээгдэхүүний хангамжтай холбоотой асуудал байна. Тавдугаар сард ҮАБЗ-өөр нефть бүтээгдэхүүний хангамжтай холбоотой зөвлөмж гарсан. Харамсалтай нь хэрэгжүүлэх тал дээр хайхрамжгүй байгаад байна гэж харагдаж байна. Уг нь нефть бол стратегийн бүтээгдэхүүн учраас төр нь гадаадаас авах бөөний худалдан авалтыг хариуцаж, дотооддоо аж ахуйн нэгжүүдэд квотоор нийлүүлдэг байх нь зөв хувилбар юм.  Энэ мэт эрхзүйн өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Ер нь нефть бүтээгдэхүүний хангамжтай холбоотой урт хугацааны бодлого баримталж ажиллах талаар Их Хурал , Засгийн газар аль аль талаасаа хамтраад  шийдвэр гаргая. Харин  ойрын хугацаанд  энэ асуудлыг  Засгийн газрын түвшинд хоёр хөрштэйгөө шууд ярилцаад асуудлаа шийдээд явах хэрэгтэй” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “УИХ-ын хаврын чуулган 7 дугаар сарын нэгэнд завсарлана. Бидэнд хугацаа бага үлдсэн гэдгийг ойлгож байгаа. Оюутны тэтгэлгийн хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр бид тохирсон. Харин Сонгуулийн хуулийн  тухайд, бид энэ хуулийг заавал шинэчлэн батлах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгаа. Ажил нэлээн дөхсөн. Гэвч зарчмын хоёр асуудал дээр санал тохирох хэрэгтэй байна.  Нэгдүгээрт  сонгуулийг холимог системээр явуулна гэдэг дээр санал нэгдсэн ч можаритар давамгайлах уу, пропорциональ давамгайлах уу гэдэг нэг асуудал, хоёрдугаарт хүнээ дугуйлах уу, намаа дугуйлах уу гэдэг дээр санал нэгдэж чадаагүй байна.

 

Таны өргөн барьсан шүүхийн багц 5 хуулийн төслийг бид хүлээн аваад, аль болох хугацаа алдалгүй хэлэлцэн батлуулах талаар анхаарлаа хандуулан ажиллая.

 

МАН-ын бүлэг нефть бүтээгдэхүүний хангамжтай холбоотой асуудлыг 2 удаа ярьсан. Цаашдаа дотоодод нефть боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй, энэ чиглэлээр Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй гэж тохирсон.

Ер нь олон чухал асуудал, хууль хүлээгдэж байгаа тул бид шаардлагатай бол амралтын өдөр хуралдая гэж ярьж байгаа” гэлээ.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ерөнхийлөгчийн хэлж байгаа чиглэлүүдийг бид хүндэтгэн хүлээж авч байна. Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, тэтгэмжийн тухай хуулийн төсөл ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд байгаа гэдгийг дахин хэлье. АН-ын бүлгийн хувьд зөвшилцөөд асуудлуудаа хурдан цааш явуулъя гэдэг байр сууриас үйл ажиллагааны, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа.

Нефть бүтээгдэхүүний хувьд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Тэр болтол төр бөөний худалдан авалтыг хийх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бидэнд ийм туршлага байгаа.

Интернэтийн худалдан авалтыг бид яг ийм зарчмаар хийж байлаа.

 

Бид даваа гаригийн хурлаараа, дээд боловсролын тухай хууль, мөн Таван толгойтой холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлийн багц хуулиудыг хэрхэн хурдан хэлэлцэж батлах, шийдвэрлэх вэ гэдгээ ярилцахаар төлөвлөсөн байгаа” гэв.

 

Ерөнхийлөгч  эдгээр ярьсан асуудлуудыг хойшлуулалгүй шийдвэрлэхийг хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.