МАХН-ынхан хэвлэлийн хурал хийлээ
2011.06.27

МАХН-ынхан хэвлэлийн хурал хийлээ

Улсын дээд шүүхээс  нэр бүртгүүлэх эрхээ өнгөрөгч баасан гаригт авсан МАХН-ын удирдлагууд өнөөдөр  мэдээлэл хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, хуульч О.Баасанхүү,  намын бусад гишүүд дэмжигчид оролцлоо. Хурлын үеэр  МАХН-ын хийж хэрэгжүүлэх ажил болоод, улс төрийн хүчин,  иргэний  хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагад хандан уриалга гаргаснаа  дуулгалаа. МАХН-аас гаргасан уриалгад.maxn_hural

“Манай нам байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдуулан МАН-ын зүгээс явуулж буй увайгүй үйл ажиллагаа, хийж байгаа хариуцлагагүй мэдэгдэлд харамсч буйгаа илэрхийлж, хууль ёсыг сахиж, улс төрийн өндөр ёс суртахууныг баримтлан, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, МАХН-ын эсрэг санаатайгаар явуулж байгаа хууль бус, ёс зүйгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг МАН-аас шаардаж байна.Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх ёстой ч эрх баригчид хууль ёсыг уландаа гишгэж, ёс суртахуунгүй авирлаж байхад ямар ч хариуцлага хүлээдэггүй атал иргэд шударга ёсны төлөө үнэн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, эрх  баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагааг засуулах гэж шүүмжилснийхээ төлөө элдвийн дарамт, шахалтад орж, зүйл бүрээр хавчигдан хэлмэгдэж байгааг МАХН эсэргүүцэн буруушааж байна” гэжээ.

Түүнчлэн МАХН цаашид үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, монгол хүний аюул, айдасгүйгээр, авьяас чадвараа бүрэн нээж, эх орондоо эзэн нь болж, жаргалтай амьдрах орчинг бүрдүүлэх, эрүүл мэнд, боловсролд чанарын өөрчлөлт гаргах, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны доройтолыг нэн даруй зогсоож, нөхөн сэргээх зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд МАХН бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэхээ мэдэгдсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын нэрийг бүртгэх асуудал  олон сар дуншлаа. Намын нэрийг бүртгүүлэхгүй гэх МАН толгойлогчтой хэсэг хүмүүс янз бүрээр саад хийсэн ч Монголын хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд асуудлыг шударгаар шийдлээ гэж үзэж байна. Энэ өдрөөс хойш бид улам эрчтэй ажиллах болно. Нам бүртгэх нь техникийн чанартай атал улс төрийн шинж чанартай болгосон. Цаашид бид дан ганцаараа бус улс төрийн  бусад хүчнүүдтэй хамтран ажиллах болно” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.