С.Ламбаа сайд ОРБИС олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2011.06.28

С.Ламбаа сайд ОРБИС олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр ОРБИС олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд зүүн хойд азийн орнуудын захирал Жорж Смит, хөтөлбөр зохицуулах менежер Селесте Робинсон болон зүүн хойд азийн орнуудын хөтөлбөр зохицуулагч Речел Вон нар оролцлоо.
lambaa_tt
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүндэт зочдод хандан Монгол улсад дахин ирж нүдний эмч мэргэжилтэн болон багаж тоног төхөөрөмжийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулаад зогсохгүй нүдний бүх төрлийн өвчтөнд оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Үүний дараа ноён Смит Эрүүл мэндийн яам нь ОРБИС олон улсын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд Монгол улсад нүдний эмгэгийн салбарт цаашид таван чиглэлээр түлхүү ажиллах шаардлага байгааг онцлон тэмдэглэв. Үүний дотроос хүүхдийн нүдний эмгэгийн оношлогоо, эмчилгээ ялангуяа дутуу нярайн эрт үеийн торлогийн эмгэгийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг дурьдлаа. Гэхдээ нэн түрүүнд ОРБИС байгууллагын сайн дурын нүдний эмч нар болон манай улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтарсан судалгаа, шинжилгээ хийн зайлшгүй чухал хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг судлан тогтоосны үндсэн дээр цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон, хоёр талаас харилцан тохиролцож урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэйг онцлон хэллээ. Түүнчлэн нүдний эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон тоног төхөөрөмжийн инженерийг сургах, төгсөлтийн дараах болон давтан сургалтанд хамруулах, авьяас чадвартай, цаашид ихийг хийж бүтээх залуу эмч нарыг дэмжиж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэн хэлэв.

Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааны энэхүү саналуудад сайд С.Ламбаа талархаж байгаагаа илэрхийлээд, 6 сарын 30-ны өдөр ОРБИС олон улсын байгууллагын болон нисдэг нүдний эмнэлгийн багийн нийт гишүүдийг албан ёсны хүндэтгэлийн оройн зоогт урив.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.