АН дахин завсарлага авч УИХ-ын дарга гурван Байнгын хороонд хуралдах үүрэг өглөө
2011.06.30

АН дахин завсарлага авч УИХ-ын дарга гурван Байнгын хороонд хуралдах үүрэг өглөө

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 30-ны пүрэв гарагийн нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг танхимд урьж хэлэлцэх асуудлуудыг дурдаад эдгээр асуудлаар санал байгаа эсэхийг гишүүдээс асуулаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг зөвшөөрөл хүсээд “УИХ дахь АН-ын бүлэг сонгуулийн хуулийг эхний ээлжинд хэлэлцье гэж санал тавиад ажлын хэсэг байгуулж МАН-ын бүлэгтэй зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж дуусаагүй байгаагийн дээр тус бүлгийн УИХ-д тавьсан санал бүрэн гүйцэд хэрэгжээгүй байгаа учраас өнөөдрийн хурлаас үргэлжлүүлэн завсарлага авах, ажлын хэсэгт хуралдах бололцоо гаргаж өгөхийг УИХ-ын даргаас хүсэв.chuulgan_06

 

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхлээд бүтэн долоо хоногийн хугацаа өгөөд байхад намын бүлгүүд чухам юун дээр тохиролцоонд хүрэхгүй байгаа болон завсарлага үргэлжлүүлэн авах хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлахыг УИХ-ын дарга хоёр намын бүлгийн даргаас хүсэхэд АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг:

 

-Өнгөрсөн 7 хоногт ажлын хэсэг албан ёсоор 6, албан бусаар үүнээс олон удаа хуралдсан, протокол хийгдээд явж байгаа, ажлын хэсэг дээр тавигдаж байгаа саналуудын талаар хоёр нам зөвшилцөөнд хүртэл хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийгээд байх нь тодорхой саналаар зөвшилцөхөд хүндрэл үүсгэх тул энэ талаар одоогоор мэдээлэхгүй байхаар тохирсон. Хоёр бүлэг аль болохоор харилцан буулт хийсэн, хүлээн авч болохуйц санал удаа дараа гаргаж байна. Энэ 7 хоногт манай бүлэг өдөр болгон хуралдаж ирц ч сайн байгаа. Санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудаар маш тодорхой санал тавьсан, эцсийн үр дүнд хүрэхийн тулд ямар боловч үргэлжлүүлэн завсарлага авах шаардлагатай байгаа гэж тайлбарлалаа.

 

Харин МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин ярихдаа “Хоёр намын бүлэг хоёр талаасаа янз бүрийн санал тавиад явж байгаа, энэ долоо хоногт МАН-ын бүлэг гурван ч удаа хуралдаж ажлын хэсэг дээр яригдаж байгаа асуудлуудыг бүлэгтээ танилцуулсан. Сая болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр ч асуудлаа танилцуулсан. Можаритар тогтолцоо давамгайлсан байх уу, пропорциональ нь давамгайлсан байх уу гэдэг гол асуудал дээрээ нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна гэж яриад байхаар хүмүүс чухам юун дээрээ гацчихаад байгааг гайхаж байгаа байх” гээд дээрх хоёр тогтолцоо болон түүнтэй холбогдуулан хоёр намын байр суурийг тайлбарлалаа. Тэрбээр мөн “Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлье. Зайлшгүй хэлэлцэх ёстой Үндсэн чиглэл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудлыг үүний зэрэгцээ хэлэлцээд явж болдоггүй юм болов уу гэж асуухад Ч.Сайханбилэг:

 

-Энэ асуудлыг манай бүлэг дээр бас ярьсан, эн түрүүнд сонгуулийн тогтолцооны асуудалдаа ач холбогдол өгөөд зөвшилцөөнд хурдан хүрэхийн тулд эхний ээлжинд энэ л асуудлаа хэлэлцье гэдэг дээр бүлгийн гишүүдийн олонхи нь санал нэгдсэн. Сонгуулийн хуулийн зөвшилцөл яг сүүлийн асуудал дээрээ л гацчихаад ажлын хэсгийг үргэлжлүүлж ажиллуулах шаардлагатай байгаа тул УИХ-ын тухай хуулийн 27-р зүйлийн 1-4-т зааснаар бүлэг завсарлага авах бүрэн эрхийг маань хүндэтгэн үзнэ үү хэмээн учирлалаа.

 

МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд АН-ыг хуучирсан арга барилаараа ажиллаж нэг асуудлаар барьцаалан улс орны амьдралыг гацааж байна. Засгийн газрын үйл ажиллагааг явуулахын тулд Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудал хэлэлцэх хэрэгтэй байна. АН-д сонгуулийн хууль чухал байж болно, харин ард түмэнд амьдралын олон асуудал хэлэлцэх нь чухал байна. Заавал чуулган завсарлуулах нь АН-ын тулгалт гэж бодож байна хэмээн шүүмжлээд АН-ыг хүлээлгүй олонхиороо хуралдах саналтай байгаагаа илэрхийлэв. Хариуд нь АН-ын бүлгийн дарга “Хоёр намын бүлэг ийм чухал асуудлаар зөвшилцөөөд 6 асуудлаас 5 асуудлаар учраа олчихсон үед МАН-ын шинээр сонгогдсон дэд ахлагч ийм хариуцлагагүй үг хэлсэнд их харамсаж байна. Хүнд таалагдах үг хэлэх нь утгагүй байна. Асуудалд бусад гишүүдээсээ илүү нухацтай хандаж, олон талаас нь хараасай гэж хүсэж байна. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг хамгийн сүүлчийн асуудал дээр ийм хандлага гаргахгүй байхыг УИХ-аас хүсэж байна” гэсэн юм.

 

Эдгээр саналын дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ажлын хэсгийн зөвшилцөөн удаан байгаа тул түргэтгэхийг шаардаад “Нийгэмд хүлээлт байна. Олон нийт биднийг ямар асуудал хэрхэн шийдэхийг хүлээн харж байна. Одоо нэгэнт сүүлчийнхээ ганц асуудлыг шийдэх гэж байгаа бол үүнийг бас ойлгож болно” гээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас засарлага өгөхдөө ЭЗБХ, ТБА, ТББХ гэсэн 3 Байнгын хороо хуралдахаар тохиролцсоныг мэдэгдэн эдгээр хуралдааныг зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газрынханд үүрэг болголоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.