2011.07.08

Амжилтаа бататгаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөж явахыг ерөөлөө

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын салбарын хамт олон, дасгалжуулагч, нийт тамирчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, ард иргэдийн бие бялдар, эрүүл мэнд, соёлыг хөгжүүлэх талаар төр тууштай бодлого явуулж ирлээ. Өнөөдөр биеийн тамир, спортын салбар үндэсний спортын төрөл, онцлогтой уялдсан бүх нийтийг хамарсан салбар болон өргөжжээ.

 

Спорт нийтийг хамарсны зэрэгцээ улам бүр мэргэжлийн шинжтэй боллоо. Монголын тамирчид тив, дэлхийн болон олимпийн уралдаан тэмцээнд оролцож нэр алдраа цууриатуулсан амжилт гаргаж байна. Ийм бахархлыг Бээжингийн 29 дүгээр зуны олимпийн гялалзсан амжилтууд харууллаа. Энэ бол тус салбарын үйл ажиллагаа, тамирчид, дасгалжуулагчдын нөр иххөдөлмөрийн үр дүн гэдгийг бид бахархан тэмдэглэхэд таатай байна.

 

Биеийн тамир, спортын салбарын хөгжлийг хангах талаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, тамирчдаа дэмжин 2003 онд “Биеийн тамир, спортын тухай” хууль, 2009 онд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталж, салбарыг удирдлага, зохион байгуулалт, техник тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хувьд бэхжүүлэх арга хэмжээ авсан юм.

 

Биеийн тамир, спортын ажлын чанарыг улам сайжруулах, олон улсын түвшинд хүргэх, тамирчид, дасгалжуулагч, арга зүйч, мэргэжилтнийг өндөр түвшинд бэлтгэх, дэлхийн болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар үндэсний хэмжээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх нь өнөөгийн нэн чухал зорилт болж байна.

 

Даяаршиж буй дэлхий ертөнцөд биеийн тамир, спортын шинэ төрөл зүйл, шинжлэх ухааны шинэ шинэ ололтыг өөрийн оронд нэвтрүүлэх, олон улсын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны хамтарсан судалгааны чиглэлээр идэвхтэй ажиллаж спортын амжилт, биеийн тамирын ажлын үр нөлөө, чанарыг  дээшлүүлэх бүрэн боломжтойг онцлоод ололт амжилтаа улам бататгаж, биеийн тамирын үйлчилгээг ард түмэндээ тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх, тив, дэлхий, олимпийн уралдаан тэмцээнд үзүүлдэг амжилтаа ямагт ахиулж, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.