С.Батболд: Төрт улсынхаа түүхийг өвлүүлж үлдээх хариуцлагын эзэд бид
2011.07.18

С.Батболд: Төрт улсынхаа түүхийг өвлүүлж үлдээх хариуцлагын эзэд бид

Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой тохиож хотлоороо сайхан наадлаа.
batbold_pm_mongolia

-Дахин тохиохгүй энэ их ойнуудын гэрч, оролцогч, зохион байгуулагч болж байгаа нь та бидний амьдралын мартагдашгүй баярт үйл явдлын нэг яах аргагүй мөн. Хамгийн гол нь бид эх орноороо бахархах, өнөө ба ирээдүй үедээ төрт улсынхаа бахархам түүхийг өвлүүлж үлдээх үүрэг хариуцлагын эзэн болж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд баярын хурлын үеэр тавьсан илтгэлдээ онцлон дурдав.

Тэрбээр, XX зуунд монголчуудын урагшлан хөгжсөн түүх нь 1921 оны ардын хувьсгалын гол үр дүн байсныг манай ард түмэн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагчид санаачлан удирдаж, түүний мянга мянган гишүүд манлайлан оролцож, ард түмэн нийтээрээ дэмжин хөдөлж, амжилт ялалтанд хүргэж, алдагдсан тусгаар тогтнолоо эргүүлэн баталгаажуулсан.

Ардын нам, ардын хувьсгал, ардын засаг нь тухайн цаг үедээ Монголын бүх ард түмний туйлын зорилго, чин хүслэн, язгуур ашиг сонирхлоос үүдсэн, түүний бодит илэрхийлэл бас биелэл нь болсон түүхэн үзэгдэл, үйл явдлууд байсан. Тийм учраас улс үндэстэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхийг олгосон энэ түүхэн үйл явдлынхаа ойг манай ард түмэн жил бүр дурсан санаж, баясан тэмдэглэсээр өнөөдөр 90 дэх жилтэйгээ золголоо. Ийм урт удаан жилийн түүхтэй, ингэж нийт үндэстнээрээ бахархан тэмдэглэдэг, нийгэм, улс төрийн гайхам үйл явдал XX зууны дэлхийн улс орнуудад тэр бүр байхгүй билээ. Байсан ч тэр нь манайхаас хожуу үеийн үйл явдал байдаг. Тэгэхээр манай Монголчууд ХХ зуунд бас нэг бахархам түүхийг бүтээж чадсан бөгөөд XXI зуунд түүнээ нэр төртэй үргэлжлүүлж байна.

Монголын хүн ам 90 жилийн өмнөхөөсөө тав дахин өсч, дундаж наслалт хоёр дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд чанарын эргэлт гарсан нь хамгийн чухал ололт юм. Энэ бол ардын засгаас хүн амаа өсгөх бодлого тууштай явуулж ирсний үр дүн. Манай ард түмэн "Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ" гэдэг. Улс орны хөгжилд хүн амын хүчин зүйл маш чухал болохыг илэрхийлсэн энэ үгийн утга учир өнөөдөр улам ч тодорч байна. Монгол Улсаа хөгжүүлэхэд хүн хэрэгтэй байна. Энэ бол өнөөдрийн засгийн эрх барьж байгаа хүчнүүдийн гол бодлого.

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин бол ардын хувьсгалын жилүүдэд олсон манай ард түмний хамтын хөдвлмөрийн үр дүн мөн. Дан ганц мал аж ахуйгаас бүрэлдэж байсан эдийн засаг маань өнөөдөр өргөжин тэлж дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Орчин үеийн хот суурингууд баригдпаа. Эрдэс, түүхийн эдийн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж байна. Барилга, зам тээвэр, газар тариалан, хүнсний, мөн мэдлэгт суурилсан гээд олон үйлдвэрүүд ажиллаж, бүтээн байгуулалт өрнөж байна. Өнөөдөр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөгт хүрлээ. Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний хагасын байдлаар 1.9 их наяд төгрөг болж, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурдацтай ахиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувьд хүрлээ.

Энэ бүхнийг дагаад Монгол хүний өрсөлдөх чадвар, хүний хөгжил дээшилж байна. Өнгөрсөн 90 жилд сонгосон зам мөр, бодлого, хөтөлбөр зөв байсны үр дүнд монголчуудын аж төрөх ёс, ахуй амьдрал ийнхүү үндсээрээ өөрчлөгдөж, улс орны дүр төрх ч шинэчлэгдлээ. Өнөөдөр үсрэнгүй хөгжлийн шинэ боломжууд нээгдэж үндэс суурь нь тавигдаж байна.

Түүхийн тэртээх 1368 онд их эзэнт гүрний мөхөл эхэлж, Тогоонтөмөр хаан энэлэл харуусал тээн эх нутгаа зорин тэмцсэн үеэс хойших задрал бутрал, уруудал доройтол, мөхөл сүйрэл рүү дөтөлсөн есөн жарны хоцрогдол, хохирлыг өнгөрсөн 90 жилийн хугацаанд амжилттай даван туулсанюм. Энэ хугацаанд улс үндэстнээ аварч, улмаар нийгмийн дэвшилд хүргэж, улс шиг улсыг шинэ зуунтай золгуулж өнөөгийн ардчилсан Монголыг хөгжүүлж байгаа нь 1921 оны ардын хувьсгалын гайхам ололтын илэрхийлэл юм. Энэ бол Монголын ард түмний бахархам гавьяа. Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааны үр дүн мөн.

Ардын хувьсгалын 90 жилийн түүхийн сүүлчийн 20 жил нь ардчиллаар овоглосон он жилүүд билээ. Ардын хувьсгалаар эхэлсэн нийгмийн их өөрчлөлт явсаар ардчилсан шинэ агуулгаар, шинэ хэмнэл, шинэ хэмжүүр, шинэ үнэлэмжээр нэмэн баяжиж, түүх үргэлжилж буй хэрэг юм. Ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтийг зааглан салгашгүй нэгдмэл үйл явц бөгөөд эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө тэмүүлсэн монгол түмний цаг түүхийн залгамж чанар бүхий нийгмийн хөдөлгөөн мөн. Эрс тэс зөрчил, тэсрэлт бололгүй тайван замаар өрнөсөн, тив дэлхийд үлгэр дууриал болсон манай ардчилалын мөн чанар, онцлог чухам үүнд оршдог. Ардын хувьсгалын баяр ийнхүү ардчиллын агуулгаар баяжиж улам төгөлдөржиж байна гэсэн юм.

Монголын ардчилал эдүгээ эрийн цээнд хүрч, Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх боллоо. Өнөөдөр манай ард түмэн ардын хувьсгалын ололт амжилтаараа бахархаж, түүнийгээ хайрлан хамгаалдаг шигээ ардчилалын ололт, үнэт зүйлээрээ бахархах болсон. Гэхдээ ард түмэн ардчилсан өөрчлөлтөөс ардын хувьсгалынх шиг эдийн засаг, нийгмийн бодит үр дүнг хүсэн хүлээсээр байна. Ийм үр дүнд хүрэхийн тулд улс төрийн хамтын шийдэл, хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг бид ойлгон мэдэрч, хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна.

Тийм ч учраас манай хамтарсан Засгийн газар ард түмэндээ өгөөжтэй, хүний хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай, өндөр өсөлттэй, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох нь манай улсын хөгжил дэвшлийн баталгаа, ардчиллын батлагаа, ирэх 20 жилийн хөгжлийн эх суурь болно гэсэн чиг бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө хичээж байна.

Энэ зорилгоор ирэх жилүүдийг бид Их бүтээн байгуулалтын жилүүд болгон зарлаж байгаа. Оюу толгой, Таван толгойн бүтээн байгуулалтын ажил бол үүний эхлэл юм. Стратегийн эдгээр орд газруудыг түшиглэн аж үйлдвэржилтийн шинэ эрин үеийг эхлүүлж, металлург, хими, барилгын материалын, гангийн зэрэг томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ бүхнийг дагалдан аж үйлдвэрийн төвүүд, эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулна.

Н.Энхлэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.