Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтад сайн үнэлгээ тавьжээ
2011.07.21

Энэ жилийн баяр наадмын зохион байгуулалтад сайн үнэлгээ тавьжээ

Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жил ой давхацсан Үндэсний их баяр наадам зохион naadmin-tasalbarбайгуулах комиссынхон өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Засгийн газрын хуралдаанаас түүхт ойнууд давхацсан энэ жилийн баяр наадмыг амжилттай зохион байгуулсан гэж комиссыг сайшаасан байна. Шадар сайд М.Энхболд түүхт ой давхацсан жилийн баяр наадмын хүрээнд ойн баярын хурал, "1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал" эрдэм шинжилгээний хурал хийж, "Хөгжил дэвшлийн эрин зуун" фото альбом, Их Монгол Улс байгуулсны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн сери марк гаргасан гэж мэдээлэв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дугаартай болгосноор өмнөх жилүүдэд гарч байсан тасалбар худалдан авсан хүмүүс наадмын нээлт үзэж чаддаггүй, тасалбар хуурамчаар хийсэн, тасалбаргүй хүн оруулсан зэрэг асуудлыг бүрэн шийдэж чадсан гэж мэдэгдлээ.

Үндэсний бөхийн аварга, арслан тус бүр нэг, гарьд, заан тус бүр хоёр, харцага дөрөв, начин цолтон 13 шинээр төрөн гарсныг Зохион байгуулах комиссынхон тодотгож байв. Засуулууд бөхчүүдээ талбай голлуулан барилдуулахгүй тохиолдол цөөнгүй гарсан нь барилдаан будлиантах үндэс болж байсан учир дараа дараагийн наадмаар үүнийг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзсэнээ ч энэ үеэр илэрхийлж байлаа.

 

Хурдан морины уралдааны хувьд энэ жил анх удаа монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсны дүнд хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Үндэсний сурын харваанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 534 харваач оролцож шинээр улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан бол шагайн харваанд 50 багийн 400 шахам харваач цэц мэргээ сорьсон байна.

 

Баяр наадмын үеэр наадамчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэхийн тулд 3460 албан хаагч ажиллажээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийтийн хоолны болон хүнсний бараа бүтээгдэхүүний 780 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ гарган ажиллуулсан байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улс, нийслэлийн төсөв болон баяр наадмын орлогоос хэмээн нийт тэрбум 300 сая төсөвлөсний 432,3 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулсан гэнэ. Харин 320 сая төгрөгийг бай шагналд зориулжээ. Мөн шөвгийн 32 бөх, зургаан харваачаас авсан сэргээшийн шинжилгээг Сөүл хот уруу шинжлүүлэхээр илгээгээд байгаа аж.

 

Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж муу учир 30-40 мянган хүний суудалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон цэнгэлдэх хүрээлэн барих газрыг сонгож, зураг төслийг боловсруулан, зардлын тооцоог гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсныг Шадар сайд М.Энхболд дуулгалаа. Ерөнхий сайд С.Батболд ч энэ чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.