Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилнэ
2011.07.25

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилнэ

Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль жил ирэх тусам хоцрогдож байна. Учир нь цаг үеэ дагаад хөдөлмөрийн харилцаанд манай улсад  урд  нь байгаагүй hodolmoriin-tuhaiшинэ шинэ өөрчлөлтүүд гарч ирж байгаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулахад хүндрэл учирч эхэлжээ.Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэн найруулах ажлын хэсэг ажиллаж  байна. Мөн иргэдээс энэ хуульд оруулах шинэчлэлтийн  талаарх саналыг НХХЯ-ны сайтаар нээлттэй авч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг  өнгөрсөн баасан гаригт  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас зохион байгууллаа. Нээлттэй хэлэлцүүлэг нь одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг өнөөгийн хөдөлмөрийн харилцааны хэв шинжид гарч буй өөрчлөлт, ажлын цаг, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн баталгаатай холбоотой нэр томъёог оновчтой, нэг мөр, ойлгомжтой болгох, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа юм.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн хуулийг практикт хэрэглэж байгаа байдлаас харвал уг хууль нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжид хэрэглэх боломжгүй, хамрах хүрээ явцуу, жижиг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалж чаддаггүй, тэдгээр байгууллагад хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, цаашид хөдөлмөрийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Иймээс хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн харилцааны соёлыг ажил олгогч, ажилтнуудад төлөвшүүлэх, зохистой хөдөлмөрийн үзэл санааг үндэсний хэмжээнд хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд дараах үндсэн чиглэлийг баримтлан өөрчлөлтийг оруулан шинэчлэн найруулахаар төлөвлөж байна. Үүнд:

1. Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв шинжүүд, бүрэн бус цагаар ажиллах, гурвалсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа шинэ өөрчлөлтүүд, хөгжлийн хандлагад нийцүүлэн хуулийн хамрах хүрээг өргөтгөх;

2. Хуулиар зохицуулж байсан хэт нарийвчилсан зарим зохицуулалтыг уян хатан болгох, нийгмийн түншлэлийн механизмын хөгжлийн түвшинг харгалзан хамтын болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах асуудлын хүрээг нэмэгдүүлэн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрлөх нөхцөлийн наад захын хэм хэмжээг заавал хангуулж, түүнээс илүү сайн нөхцөлийг хамтын гэрээний үндсэн дээр анхан шатандаа тогтоох соёл, эрмэлзлийг бий болгох;

3. Хөдөлмөрийн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэн Иргэний хуулиас хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх зэрэг иргэний гэрээгээр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа иргэдтэй холбоотой заалтуудыг Хөдөлмөрийн хууль руу шилжүүлэх үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, hodolmoriin-tuhai.-3шүүхийн шатнаас өмнө шийдвэрлэх асуудлын хүрээг өргөтгөх, үүнд чиглэсэн зохистой механизм бий болгох;

5. Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох үндсэн дээр ажиллагчдын хөдөлмөрийн таатай орчинд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,

6. Хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг шинээр зохицуулах, насанд хүрээгүй хүн, эмэгтэйчүүд, залуучууд, ахимаг настны хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох;

7. Ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын үүргийг нэмэгдүүлэх, тэдний тэгш оролцоог хангах, харилцан итгэлцэл бий болгох, нийгмийн түншлэлийн хоёр ба гурван талт зарчмыг салбарын болон орон нутгийн түвшинд хөгжүүлэх;

8. Хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шаардлага, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх;

9. Хөдөлмөрийн харилцааны асуудлыг хариуцах байгууллагын эрх үүрэг, зохион байгуулалтыг тодорхой болгох, хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх.

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан "Иргэний тухай", "Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай", “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Нээлттэй хэлэлцүүлгээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод өөрсдийн байр сууриа тус тус илэрхийллээ.

Мөн түүнчлэн тус хуулийн шинэчлэлийн асуудал болон хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад гарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар Удирдлагын академийн багш, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн улсын байцаагч нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Нээлттэй хэлэлцүүлэгт Засгийн газар, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоо, үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, зарим аж ахуй нэгж, байгууллага, орон нутаг, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.