Кёнко их сургуулийн нарийн мэргэжлийн эмч нар Төв аймагт ажиллаж байна
2011.07.25

Кёнко их сургуулийн нарийн мэргэжлийн эмч нар Төв аймагт ажиллаж байна

Шадар сайд М.Энхболдын урилгаар Өмнөд Солонгос улсын Кёнхо их сургуулиас 30 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг Төв аймгийн Зуунмод суман дахь emch-narаймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд багаж тоног төхөөрөмжөө суурилуулж төвхнөөд байгаа билээ. Тэд энэ сарын 21-23-ны хооронд гурав хоногийн турш Зуунмод болон тус аймгийн 27 сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм. Өчигдөр энэ талаар сурвалжлахаар Төв аймгийн Зуунмод сумыг зорилоо. Биднийг очиход Өмнөд Солонгостоо төдийгүй дэлхийд алдартай Кёнхо их сургуулийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр ирсэн иргэдийн хөдөлгөөн их байв. Кёнхо их сургуулиас ирсэн эмч нар чих хамар хоолой, дотор, мэс засал, эхо, рентген, уламжлалт эмчилгээ зэрэг 11 төрлийн үзлэг оношилгоог хийж байгаа аж. Иргэд урьдчилан авсан хуваарийнхаа дагуу солонгос эмч нарт үзүүлж байгаа юм байна. Хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орох хувиараа өмнөх өдөр нь авсан болоод ч тэр үү харьцангуй эмх замбараатай байсан. Гэвч хувиараа хүлээх урт дараалалд бусдын өмнүүр дайрсан, танилын нүүр бараадсан зарим хүн багахан хэмжээний маргааныг үүсгэж байлаа. Эхо, дотор, мэс заслын өрөөний үүд иргэдийн хөлд дарагдсан нэлээд ачаалалтай ажиллаж байгаа харагдсан.

Төв аймаг хот суурин газартай ойр оршдог ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг хүссэн хэмжээндээ авч чаддаггүйг иргэд ам уралдан ярьж байна билээ. Хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэх нь хомс байдаг. Тэр тусмаа хөдөө орон нутгийн алслагдсан сумдын багуудад эмнэлгийнхэн тэр бүр хүрч үйлчлээд чаддаггүй. Тиймдээ ч өндөр хөгжилтэй орны мэргэжлийн эмч нар ирснийг дуулаад лам олдсон дээр мөргөөд авъя гэдэг шиг үзүүлэхээр гэр бүлээрээ ирснээ дурдаж байв. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь 26 сум 97 багийн суурин 90, хөдөлгөөнт 120 гаруй мянган хүнд нарийн мэргэжлийн тусламжийг хоёрдугаар шатлалын зэрэглэлтэйгээр үзүүлдэг байна. Харин алслагдсан багууддаа аймгийн удирлагуудын санхүүжилтээр нүүдлийн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Аймгийн хэмжээнд 0-5 насны хүүхдүүдийн амьсгалын замын болон чих хамар хоолойн өвчлөлт өндөр, эхчүүдийн хувьд төрөлттэй холбоотой хүндрэл гарах нь түгээмэл байдаг байна. Энэ үед өндөр хөгжилтэй орны мэргэжил нэгт нөхдүүд ирж зөвлөгөө өгч байгаад нэгдсэн эмнэлгийн эмч нар талархал илэрхийлж байсан.

Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн салбар энэ жилийг хөгжиж буй орнуудад туслах  аяны жил болгон зарласантай холбоотойгоор Кёнхо их сургуулийн эмч нар Монгол Улс тэр дундаа хөдөө орон нутагт ажиллах хүсэл эрмэлзэлтэйгээр ирснээ хэлж байв. Энэ үеэр Шадар сайд М.Энхболд "Эх нутгийн иргэд" ТББ-ыг нийгмийн халамжийн чиглэлээр түлхүү ажилладаг, гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын хамтын хүчээр иргэдийнхээ боловсрол мэдлэгийн төвшинг нэмэгдүүлэх, тэр дундаа улс орны хувьд нэн тэргүүнд тавигддаг эрүүл мэндийн салбарын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх асуудалд анхаарлаа хандуулж байгаа гэлээ. "Эх нутгийн иргэд" ТББ-аас төрөлхийн зүрхний гажигтай 15 хүүхдийг Өмнөд Солонгос улсад үнэ төлбөргүйгээр эмчлүүлсэн бөгөөд дахин долоон хүүхдийг нэмж явуулжээ. Гурав хоногийн турш зохион байгуулж буй эрүүл мэндийн үзлэг оношилгоонд иргэд сэтгэл хангалуун байгаа харагдсан.

Тэдний дунд өндөр настай аав, ээжийгээ эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулахаар ирсэн нэгэн байхад, дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдээ тэврэн ирсэн ээжүүд ч байлаа. Кёнхо их сургуулийнхан Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр олон төрлийн шинжилгээг хийж буй нь тус эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх давхар боломжтойг Шадар сайд болон албаны хүмүүс хэлж байв. Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн салбарынхны зүгээс тавьсан гол санал нь манай хоёр улсын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн тэргүүлэх салбаруудтай ижил төвшинд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чиглэж буй гэнэ. Мөн Ерөнхий сайдын Өмнөд Солонгос  улсад хийсэн айлчлалын үеэр монгол Улсад төрийн өмчит эмчилгээ оношилгооны төв байгуулах тухай асуудлыг хөндөн ярилцжээ. Улмаар Солонгос улсын Ерөнхийлөгч Ли Мөн Бакийн манайд хийх айлчлалаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны эхлэл болгож оношилгооны төвийг барих талаар гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан С.Дөлгөөн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.