"Байгалиа хайрлан хамгаалъя" самбар танд нөлөөлөх үү?
2011.08.05

"Байгалиа хайрлан хамгаалъя" самбар танд нөлөөлөх үү?

Богдхан уулын дархан цаазат газраар явахад энэ самбар харагдана. Та байгалиа хайрлаж, хамгаалах уу?

  • 1778 онд онголж дархалсан Богдхан уулыг дэлхийн анхны дархан цаазат газарт тооцогддог.
  • Одоогийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт харъяалагдах нутаг дэвсгэрт нэр бүхий томоохон 16 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.
  • Энэ оны эхний хагас жилд Нийслэлийн байгаль хамгаалагчид Богдхан уулын 4 аманд 2 км гаруй хамгаалалтын хашаа босгоод байна.

Богдхан уулын дархан цаазат газраар явахад "Байгалиа хайрлан хамгаалъя" самбар замд дайралдана. Энэхүү самбарыг Нийслэлийн байгаль хамгаалах газрын байгаль хамгаалагчид байрлуулжээ. Зөвхөн сурталчилгааны самбар байрлуулаад зогсохгүй Богдхан уулын хамгаалалтыг өөрсдийн хүчээр чангатсан байна.
Дархан цаазат газарт аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн "дураар нь дургих" байдлыг хязгаарлахаар байгаль хамгаалагчид хашаажуулалтын ажлын хүрээнд төмөр хашаа барьсан байна. Эдгээрээс дурдвал, Төрхурахын амны дээд хэсэгт байгаль хамгаалагчид өөрсдийн хашаа барьж, "Байгалиа хайрлан хамгаалъя" самбар, Түргэний амны дээд амны хамгалалтын бүсэд 350 метр төмөр хашаа хатгажээ.

Нийслэлийн байгаль хамгаалах газрын Манзуширын амны байгаль хамгаалагч Ц.Бирваа ой руу орсон авто машины замыг хааж 800 метр хашаа,  Зүүндэлгэрийн байгаль хамгаалагч О.Хүрэлбаатар 1200 метр газарт хамгаалалтын хашаа, Баруундэлгэрийн амны байгаль хамгаалагч П.Отгонмичид 100 хамгаалалтын хашааг өөрсдийн хүчээр барьж сурталчилгааны самбар байрлуулж хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Ингэснээр дээр дурдсан амууд руу зөвшөөрөлгүй мал бэлчээрлүүлэх, авто тээврийн хэрэгслээр зорчих зэрэг зөрчлүүдийг таслан зогсоож чаджээ. Мөн Богдхан уулын ар бэл, Туул голын эрэг орчмын газрыг хөрсний талхагдлаас хамгаалах зорилгоор авто машины хориглох болон зогсоолын тэмдэг 30 ширхэгийг хийлгүүлж Зайсан, Багатэнгэрийн амуудад байрлуулаад байна.
1778 онд онголж дархалсан Богдхан уулыг дэлхийн анхны дархан цаазат газарт тооцдог. Дархан гэдэг нь халдашгүй гэдэг утгыг илтгэж байгаа. Гэтэл бодит байдал арай өөр дүр зургийг илтгэдэг.

Одоогийн байдлаар Нүхт цогцолбор, Чингисийн хүрээ, Дүнжингарав амралтын газар зэрэг нэр бүхий томоохон 16 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллага байгальд хэр ээлтэй вэ?Улаанбаатараас 5-50 км зайд орших эдгээр жуулчны баазуудад очихоор замд явахад Байгалиа хайрлан хамгаалъя самбар танд нөлөөлөх болов уу? Таны машин байгаль хамгаалагчдын бариад байгаа 2000 гаруй метр хашааг <тойрч гарах уу>? Хэрвээ та ухамсарт хүн бол...

Богдхан уулын дархан цаазат газрын албан ёсны цахим хуудаснаас "Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр" санал асуулгыг явуулж байна. Одоогоор 103 хүн санал агуулгад хамрагдсанаас:

Мод тарих: 33

Хог хаягдлыг цэвэрлэх: 15

Рашаан усаа бохирдуулахгүй байх: 13

Ой хээрийн түймрээс сэргийлэх: 8

Дархан газрын хамгаалалтын горимыг сахих: 27

Ухуулга сурталчилгаа хийх: 7                     гэж хариулсан байна. Харин та?

Богдхан уулын дархан цаазат газрын зурагнуудаас толилуулж байна. Энэ дархан цаазат газарт эртний түүхийн үнэт дурсгалууд, ховор төгөл, эртний мөстлөгийн ул мөр, хадан цохио, рашаан булаг, гороо мөргөлийн замнал, ховор ан амьтан, ургамал элбэг тохиолдоно.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.