Зам засварын ажил арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд дуусна
2011.08.05

Зам засварын ажил арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд дуусна

Зам засвар
ТОВЧХОН
  • Гэрээ ёсоор хамгийн сүүлийн зам засварын ажил аравдугаар сарын 30-нд дуусах ёстой.
  • Засварт орсон замуудын явган хүний замыг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн ТҮК-иуд хариуцаж хийхээр болсон.
Зам засварын ажил хэрхэн үргэлжилж байгаа болон хэзээ дуусах талаар Нийслэлийн авто замын газрын хэвлэлийн ажилтан Д.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Зам засварын ажлын явц ямар байна вэ. Засвар хэзээ дуусах бол?
-Нийслэл дэх авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд Нийслэлийн авто замын газраас нийт 46 төсөл хэрэгжүүлж байна. Зам засварын ажил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй эрт эхэлсэн. Оны эхний хагасын байдлаар ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Гэрээ ёсоор хамгийн сүүлийн зам засварын ажил аравдугаар сарын 30-нд дуусах ёстой. Тэгэхээр арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд замын ажил бүрэн дуусна гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр түлшний хомсдол үүссэн. Үүний улмаас замын ажлууд нэлээд хойшилсон. Мөн ойр ойрхон орж байгаа усархаг бороо засварын ажлыг нэлээд уяж байна. Гэхдээ алдагдсан хугацаагаа нөхөөд ажиллах боломжтой.
-Одоогоор ямар замууд хаалттай байгаа вэ. Цаашид хэчнээн зам хаагдах бол?
-Нийслэлийн төвд түгжрэл үүсгэхээр хаагдах зам одоо байхгүй. Хамгийн сүүлд буюу өчигдөр өглөө Бага тойруугийн замыг нээсэн. Өөрөөр хэлбэл, ШУТИС-аас МУБИС-ийн уулзвар хүртэлх 400 метр замын 2.6 км замын зорчих хэсгийг бүрэн нээгээд байна. Засварт орсон замуудын явган хүний замыг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн ТҮК-иуд хариуцаж хийхээр болсон. Одоо үлдсэн ажил болох хашлагын гагнаас болон хог хаягдлыг зайлуулах ажил хийгдэж байна. Ерөнхийдөө хотын төв орчмын зам засварын ажил дууссан. Цаашид хаах замуудын хуваарь удахгүй гарна. Одоогоор хаалттай байгаа замууд бүгд хотын гаднах замууд. Тухайлбал, 22-ын товчоо чиглэлийн 10.16 км замыг аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Мөн Таваншарын төмөр замын 396 дугаар уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 1-15 хүртэл хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр замын ажил хийгдэж эхэлсэн. Зам хаасантай холбогдож нийтийн тээврийн зорчих хэсэгт тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Энэ асуудлыг Нийслэлийн нийтийн тээвэр болон цагдаагийн газруудтай хамтран зохион байгуулалтыг хийж байна. Мөн Сонсголонгийн уулзвараас ТЭЦ-IV-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийгээд замаа нээсэн. Харин 800 метр замыг хаахаар төлөвлөөд байна.
-Хотын захаар хийгдэж байгаа зам засварын ажил нэлээд удаашралтай байх шиг.
-Замын ажил гэдэг зөвхөн ил байгаа хэсгээ хучна гэсэн үг биш. Зам доогуурх дулааны шугамыг шалгах, цахилгааны шугам шилжүүлэх, үерийн далангийн асуудлуудыг шийдэх гээд зам доогуур хийгддэг ажил их. Зам засахад тухайн газарт байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй тохиролцох зэрэг бэлтгэл ажил бас их бий. Эдгээрээс шалтгаалж захын дүүргүүдийн зам засварын ажил жаахан удаашралтай байгаа.
Нийтлэлч
М.Жаргал
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.