Төв цэвэрлэх  байгууламжаас гарч буй усыг 98 хувь цэвэршүүлнэ
2011.08.13

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг 98 хувь цэвэршүүлнэ

Цэвэрлэх байгууламж
ТОВЧХОН
  • Энэ тоног төхөөрөмж нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй уснаас хоногт 80 шоо метр бохир усыг 98 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай.
Төв цэвэрлэх байгууламж 98 хувь цэвэршүүлсэн усыг Туул голд нийлүүлж эхэллээ. "Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын менежмент" төслийн хүрээнд бага оврын цэвэрлэх байгууламж буюу мембран биореакторыг Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулж ашиглалтад оруулав. Уг төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. БНСУ-ын санхүүжилтээр хийгдэж буй энэ төслийн хүрээнд Нидерландаас хамгийн сүүлийн үед цэвэрлэх байгууламжид ашиглаж буй мембран шүүлтүүр авчирч, суурилуулсан аж.

Энэ тоног төхөөрөмж нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй уснаас хоногт 80 шоо  метр бохир усыг 98 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай. Ус ууж ч болно гэж БНСУ-ын мэргэжилтэн  нээлтийн үеэр хэлж, өөрөө ууж үзүүллээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усанд умбуур бодис буюу бохир үлдэгдэл 160.7 гэсэн хэмжээтэй байдаг аж. Харин мембран шүүлтүүрээр дамжуулан цэвэршүүлсэн усанд умбуур бодис нүдэнд бараг харагдахгүй, нарийн шинжилгээгээр таваас дээш хэмжээтэй байгаа юм байна.

Бага оврын цэвэрлэх байгууламжийн нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд оролцож "Туул гол бохир, ялангуяа Улаанбаатараас баруун тийш нутаглаж байгаа иргэдийн мал ч түүнээс ундаалж болохооргүй хэмжээнд хүрч, экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа. Туулын бохирдлыг бууруулахад энэ төхөөрөмж бодитой хувь нэмэр оруулна" гэсэн юм. Энэ төхөөрөмжийн гол хэсэг болох мембран шүүлтүүр нь дэлхийн зах зээл дээр нэг шоо метр нь нэг сая доллараар үнэлэгдэж буй гэнэ. Манай Төв цэвэрлэх байгууламж 160-200 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Бүгдийг нь мембран шүүлтүүртэй болгоход нэлээд их хөрөнгө шаардагдах аж.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.