С.Ламбаа сайд ямар ажил амжуулж явна вэ?
2011.08.12

С.Ламбаа сайд ямар ажил амжуулж явна вэ?

Улс төрийн их амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарынхаа ундарсан их ажлуудыг амжуулж, албаны айлчлал, зочин гийчин ихтэй, гадаад дотоод томилолт ч олонтой, тун ч завгүй ажиллаж байна.

 

Жил бүрийн 8-р сарын хоёрдахь долоо хоногт болдог Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрийн өмнөхөн буюу өнгөрөгч долоо хоногт тэрээр Австрали улсыг зориод ирсэн юм. Австрали улсын Куинсланд мужийн Брисбан болон Гладстон хотод “Нийгмийн салбарын хөгжлийн төлөөх Монгол улсын уул уурхайн салбар ба Төр Хувийн Хэвшлийн Түншлэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдах эрчимтэй сургалт болон танилцах аялалд Монгол улсаас төлөөлөгчид оролцож, С.Ламбаа сайд төлөөлөгчдийн багийг ахлан ажилласан байна.

lambaa_setguulch

2011 оны 8 дугаар сарын 4-нөөс 15-ны өдрүүдэд үргэлжилж байгаа Австрали дахь энэхүү сургалт, аялалын үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцах аялал болон эрчимтэй сургалтыг нээж Монгол Улсын Засгийн Газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулга хийсэн ба Монгол улсад хөгжиж буй уул уурхайн салбарын нөлөөллийн бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хамтрагч талуудтай харилцан шийдвэрлэх талаар  ярилцлагад оролцож, Австрали улсын уул уурхайн бүс нутаг дахь нийгмийн асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэж буй туршлагаас судалж, өөрийн орны нөхцөл байдалд тохирсон арга зүй, хамрах хүрээг хамтран тодорхойлох, төр болон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниуд хооронд байгуулах гэрээнд эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн тусгах талаар санал солилцов. Монгол улсад хөгжиж буй уул уурхайн салбарын нөлөөллийн бүс нутаг дахь хүн амын эрүүл мэнд болон нийгмийн  талаар авах арга хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах нь танилцах аялалын гол зорилго ажээ.

 

Харин өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Сэлэнгэ аймгийг зорив. Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд энэ үеэр Сэлэнгэ аймагт шинээр баригдах Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн шав тавих ёслол, эрүүл мэндийн салбарын түүхэн музейн нээлт болох аж. Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, баярын хуралд оролцох юм. Сэлэнгэчүүд эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрүүдэд болж байгаа ойн арга хэмжээндээ зориулж Хүндэтгэлийн концерт, эрүүл мэндийн салбарын түүхэн киног зочид төлөөлөгчдөд сонирхуулахаар бэлтгэсэн байна.

 

С.Ламбаа сайд Сэлэнгэ аймгийг зорихын өмнөх өдөр БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Чон Ил-ийг хүлээн авч уулзсан бол өчигдөр өглөөгүүр эртлэн Солонгос улсын Инхагийн их Сургуулийн Эмнэлгийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтанд Солонгосын талаас Инхагийн Их Сургуулийн Дэд ерөнхийлөгч, Инхагийн Их Сургуулийн Эмнэлгийн төвийн Ерөнхийлөгч профессор Сеунг Рим Пак болон Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн захирал Жунг Хе Ким нар хүрэлцэн ирсэн юм. Эдгээр уулзалтуудын үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 3 дугаар сард Монгол Улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд хоорондын Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгааг цохон тэмдэглээд 2011 оны 7 дугаар сард Эрүүл мэндийн сайд С.Ламбаа БНСУ-д ажиллаж, тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Чин Сү-хитэй уулзаж тохиролцсоны дагуу дээр дурдсан Санамж бичгийг утга, агуулгын хувьд өргөжүүлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болгон өргөжүүлэхээр тохиролцсон дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс хийж байгаа ажлын явцаас танилцуулав.

 

Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр уг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар хийгээд цаашид хийхээр төлөвлөгдөөд байгаа бусад томоохон үйл ажиллагаануудын талаар харилцан ярилцлаа. Эрүүл мэндийн сайд БНСУ-д ажиллахдаа тус улсын Асан Медикал Центртэй хамтран Улсын клиникийн төв эмнэлэгийг түшиглэж Монгол улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхтэй холбоотой харилцааг зохицуулэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-ын Хьюндай групп Асан Медикал Центрээр дамжуулж Монгол улсад хандивласан бөгөөд энэ оны 11 дүгээр сард анхны мэс заслыг хоёр улсын эмч нарын баг хамтран гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

 

Эрүүл мэндийн яам УКТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарыг БНСУ-д сургах, давтан сургах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатайгаар ханган ажиллаж байгаа юм. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсанаар анагаах ухааны дэвшилтэт технологиос нэвтрүүлэх, БНСУ-ын өндөр чанарын эм, биологийн бүтээгдэхүүнийг Монгол улсад шууд нийлүүлэх, Клиникийн нэгдсэн II эмнэлгийг түшиглэн байгуулах Үндэсний оношлогоо, эмчилгээний төвд Солонгосын нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг ажиллуулах замаар үндэсний боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Эдгээр болон бусад хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа Монгол улсад суугаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Чон Ил илэрхийлж байлаа.

 

Харин Инхагийн Их Сургуулийн төлөөлөгчид өөрийн эмнэлгийн талаар олон улсын JCI стандартыг хангасан эмнэлэг болохоо онцлон яриад тус эмнэлэг АНУ, Хятад, ОХУ-ын Хабаровск, Владивосток хотуудтай сүлжээгээр холбогдон ажиллаж байгаа туршлагаасаа ярилаа. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хариуд нь тус эмнэлэгтэй яаралтай тусламж, сэхээн амьдруулах тусламжийг хөгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллаж, улмаар тус эмнэлгийн олон улсын сүлжээнд 1,2-р КНТЭ-үүдийг холбон оруулж ажиллуулах талаар сайтар судалж үзэх хэрэгтэй байгааг онцлов.

 

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа бямба гарагт Сэлэнгэ аймгаас нийслэлд амжин ирж, ЭМЯ-наас зохион байгуулах эрүүл мэндийн салбарын ажилтны баярын арга хэмжээнд оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.