УИХ-ын дэд дарга Г.Батхүү ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Пиус Фишерийг хүлээн авч уулзлаа
2011.08.15

УИХ-ын дэд дарга Г.Батхүү ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Пиус Фишерийг хүлээн авч уулзлаа

ТОВЧХОН
  • Германы ‘’Дойче’’ банкыг сонгосон нь манай хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт эрчимжсэний илрэл

УИХ-ын дэд дарга Г.Батхүү ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Пиус Фишерийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.  Ноён Элчин сайдын Монгол Улсад томилогдон  ажиллах албан ёсны хугацаа дуусч байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг хийсэн юм.

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер 2007 оноос эхлэн Монгол Улсад Элчин сайдаар ажилласан бөгөөд МонголУлс, ХБНГУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү онцлон тэмдэглэж байлаа.

 

Ноён Элчин сайд Пиус Фишер УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандан, ‘’Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг эргэн харахад ажил хэрэгч, дурсамжтай үйл явдлаар их он жилүүд байлаа.  Сүүлийн жилүүдэд Монгол Улс,  ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд өргөжин хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс л гэхэд "Эрдэнэс Таван толгой’’ ХХК-ийн хөрөнгө оруулагчаар ажиллах түншийн нэгээр Германы ‘’Дойче’’ банкийг сонгон авсан. Энэ нь манай хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт эрчимжсэний илрэл мөн. Монгол Улс болон Германы парламентын бүлгүүд хоорондын  хамтын ажиллагаа ч мөн  жилээс жилд өргөжиж, парламентчдын уулзалтуудыг хоёр тал харилцан зохион байгуулсаар ирсэн. Ирэх долоо хоногт л гэхэд Германы парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байна. Түүнчлэн ирэх 10 дугаар сард ХБНГУ-ын Канцлер, хатагтай  Ангела Меркель Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлалыг хийхээр төлөвлөөд байгаа билээ.  Цаашид ХБНГУ болон Монгол Улс зөвхөн нэг салбарт бус нийгмийн бүхий л салбарт харилцан хамтран ажиллах эхлэл тавигдсан нь сайшаалтай хэмээн онцлон хэлсэн юм.

 

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Монгол Улс,  ХБНГУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн Монголыг Европын Холбооны /Europian Union/ улсуудтай хамтран ажиллахад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишерийн үүрэг, оролцоо их байсныг тэмдэглэхэд таатай байна хэмээн дурдлаа.

 

Европын холбооны хүчирхэг гүрнүүдийн нэг болсон ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу  татах, Герман дахь Монгол судлалын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх, уул уурхай, техникийн салбарын мэргэжилтнийг Герман улсад бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, түүнийг  нөхөн сэргээх арвин туршлагаас хуваалцан,  хамтран ажиллах, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах зорилготой  байгааг УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр хэлж байв.

 

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер Монгол Улсад элчин сайдаар  ажиллахаас өмнө Энэтхэг, Итали, АНУ, Гвиней болон Сьерра Леон, Камбожид ажиллаж байжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.