Оюутны 70 мянгыг олгох талаар журам боловсруулна
2011.08.16

Оюутны 70 мянгыг олгох талаар журам боловсруулна

ТОВЧХОН
  • Халамжийн чанартай тогтолцоог халах нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа
  • Хамгийн гол нь тухайн оюутан хангалттай сайн суралцдаг байх ёстой
Улсын баяр наадмын өмнөхөн УИХ Дээд боловсролын санхүүжилт, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдахтэй зэрэгцэн оюутан бүрт сар болгон тогтмол 70 мянган  төгрөгийн тэтгэлэг өгөх нь  зөв, буруу гэх яриа газар авсан.  Тэтгэлгийг олгож эхэлснээр оюутанд Хүний хөгжил сангаас жилд нэг удаа олгох 500 мянган төгрөг, төрийн сангийн зээл,  бусад сургалтын төлбөрийн хөнгөлөлт  хумигдах уу зэрэг  асуулт хөвөрсөөр байгаа юм. Тиймээс дээрх асуудлаар БСШУЯ-ны Боловсролын газрын дарга Б.Баасанхүүгээс хариулт авлаа.

-Дээд боловсролын санхүүжилт, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль батлагдаад сар  гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хууль хэзээ бодит  ажил болж  хэрэгжих вэ гэх асуултыг иргэдийн зүгээс нэлээд сонирхож байна?
-Хуулийг наадмын өмнөхөн баталсан. 2012 оны нэгдүгээр сарын 01-нээс  дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэх учиртай юм. Батлагдаад удаагүй байгаа учир оноос өмнө тодорхой болгох асуудлууд цөөнгүй байна. Намрын чуулганаар оюутанд тэтгэлэг олгоход зарцуулагдах хөрөнгийг төсөвт суулгана. Мөн хэд хэдэн журмыг Засгийн газраар батлуулах ёстой. Энэ  ажлыг бид  хариуцан хийж байгаа. 
-Журмаар ямар асуудлыг зохицуулах вэ?
-Хуулиндаа  заасан зүйл, заалттай уялдуулан хэд хэдэн журам гаргаж, батлуулан энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, Гадаадаас монголд  суралцаж буй оюутнууд тэтгэлэг авах эсэх,  сар бүрийн тэтгэлэг, төрийн санг хэрхэн зохицуулах, сургалтын байгууллагууд буюу их, дээд сургуулиудад дэмжлэг үзүүлэх  зэрэг асуудлыг журмаар зохицуулна. Оноос өмнө  журам батлагдахаар иргэдийн асуугаад байгаа асуудлууд тодорхой болно гэсэн үг.
-Оюутнуудын хамгийн их асууж байгаа зүйл бол Хүний хөгжил сангаас оюутанд олгох 500 мянган төгрөгийг ирэх онд олгох уу гэх асуулт. Энэ асуултад хариулт өгөөч?
-Хүний хөгжил сангаас  оюутанд  жилд нэг удаа олгож буй 500 мянган төгрөг, оюутанд сар бүр тэтгэлэг олгох асуудал нь тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайдын ярьснаар бол ирэх 2012 онд Хүний хөгжил сангаас олгож буй 500 мянган төгрөгийг олгох нь хэвээр байх болов уу.
-Оюутанд тэтгэлэг олгох хууль батлагдсанаар Төрийн сангаас оюутны нийгмийн байдлыг харгалзан үзүүлдэг хөнгөлөлт хумигдах уу?
-Бүтэн болон хагас өнчин, эцэг эх нь төрийн албан хаагч эсвэл малчин, нэн ядуу, гурван хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцдаг бол гэхчлэн үзүүлдэг оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд бүгд халамжийн чанартай. Тэгэхээр энэ халамжийн чанартай тогтолцоог халах нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа. Сайн сурдаг оюутан тэтгэлэг авах нь эрүүл, зөв тогтолцоо юм. Энэ бүхнийг журмаарзохицуулна.
-Тэгэхээр ирэх оноос хэрэгжих 70 мянган төгрөгийг оюутан бүр авах  боломжгүй гэсэн үг үү?
-Сар бүр тэтгэлэг авах эрх нь  бүх оюутанд нээлттэй. Хамгийн гол нь тухайн оюутан хангалттай сайн суралцдаг байх ёстой. Хэдийгээр одоогийн байдлаар журам батлагдаагүй байгаа ч хуулиндаа  тухайн оюутны сургалтын чанарыг харгалзан үзэх тухай заасан. Тэгэхээр F сурдаг байсан ч сар бүр тэтгэлэг авна гэж ойлгож болохгүй. Ер нь ганц оюутан биш сайн ажиллаж буй боловсролын байгууллагыг дэмжинэ. Тиймээс намар дахин аттестачлал явуулна. Үүний дараа хэдэн сургуулийн, хэдэн  оюутан тэтгэлэг авах нь тодорхой болно.


ЖИЧ:
Шинэ хуулиар бол магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэлэг буюу 70 мянган төгрөгийг арван сарын турш авах  боломжтой болох юм.
Нийтлэлч
С.Отгон
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.