Болд тоглолт хийгээд байсан. Тэр их доргилтыг даах болов уу гэж би айж л байлаа
2011.08.16

Болд тоглолт хийгээд байсан. Тэр их доргилтыг даах болов уу гэж би айж л байлаа

ТОВЧХОН
  • Төрийн ордын арын цэцэрлэгт шинэ ордон барихаар зураг бэлэн болсон. Нэлээн их зардал гаргаж хийсэн. Маш гоё загвар байгаа
  • Аль ч оронд төрийн гурван өндөрлөг нэг дор шавааралдаж байдаггүй.

-ТҮШЭЭД ӨӨРСДӨӨ ТӨРИЙН ОРДНОО БАРИУЛАХГҮЙ БАЙНА-
УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламентын шинэ ордон барих асуудал юу болж байгаа вэ?
-Парламентын ордон барих тухай ярихгүй байж болохгүй байна. Өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө тамгын газартай, Монгол Улсын Засгийн газар Хэрэг эрхлэх газартайгаа, УИХ тамгын газартайгаа бүгд нэг байранд байж байна. Хуучин тогтолцооны үед болж байсан байх. Одоогийн нөхцөлд энэ үнэхээр боломжгүй. Үүнээс болоод ажиллах нөхцөл, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар, тамгын газруудын ажилтнуудын ажиллах нөхцөл туйлын хүнд болсон. Орон байрны талаасаа ярьж байгаа юм шүү. УИХ-ын тамгын газрын ажилтнууд гэхэд нэг өрөөнд гурав дөрвөөрөө сууж байна. Засгийн газрынхан намайг уучилна биз. Өнөөдөр засгийн газрын 10 гаруй байр байгаа. Тэрэндээ хэрэг эрхлэх газар, үйлчилгээ аж ахуйн газраа байрлуулчихвал бас хэдэн өрөө сулраад арай дээр болох баймаар юм. Бид бүгдээрээ нэг саванд байна. Ажиллах нөхцөл хүнд байна гэдгийг хэлэхийн дээр аюулгүй байдал талаасаа ч болохгүй. Аль ч оронд төрийн гурван өндөрлөг нэг дор шавааралдаж байдаггүй. Хоёрдугаарт төрийн ордны өргөтгөлийг барих асуудал яригдаад нэлээн хэдэн жил боллоо. Кувейтийн Засгийн газар өөрсдийн хөрөнгөөр хийгээд өгье гэж байгаа. Гэтэл аманд шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгчээр хүн юм өгөөд байхад өөрсдөө мөнгөгүй байж, өөрсдөө барьж чадахгүй байж өнөөдөр хүртэл хойш нь тавиад байна.
-Газрын асуудлаас болоод гацаад байгаа юмуу?
-Газрын асуудал үндсэндээ шийдэгдсэн байсан. Гэтэл зарим гишүүд бариулахгүй гээд мод тариад л , өөрсдийгөө харуулаад байсан. Дараагийн сонгууль энэ тэрд нь хэрэгтэй юм байлгүй дээ. Ингээд хачин байдал үүссэн. Ард түмний цэцэрлэгийг устгах гээд байна гэх мэтээр ярих байх гэж зарим нь айсан байх. Одоо тэгвэл хаана барих вэ гэдэг асуудал гарсан. Гэтэл зарим нь их хачин хачин юм ярьж байна. Хүй долоон худаг, Яармаг, Манзуширийн хийдэд хүртэл барина гэж. Яахав тэнд барьж болно л доо. Дэд бүтэц нь хаана байгаа юм. УИХ тамгын газартайгаа очоод ажиллах боломж нь хаана байгаа юм. Тэгээд ч Төрийн ордны өргөтгөлийг барь гэсэн болохоос шинээр барь гэж амлаагүй шүү дээ. Ингээ өнөөдөр бие бие рүүгээ чихсэн байдалтай байна. Кувейтийн тал “Та нар хэзээ барих юм бэ” гээд байдаг. Манай төрийн түшээд болохоор нэг тийм мундаг мундаг байр суурь илэрхийлээд суугаад байх юм. Тийм учраас Төрийн ордон барих асуудал одоогоор төрийн түшээд УИХ-аас өөрөөс нь шалтгаалаад баригдахгүй байна. Би бол ямар ч байсан бариулах ёстой гэж бодож байна. Энэ зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр барьж болно.
-Энэ баруун талын эмнэлгийн байран дээр бариад, хоёр ордныг хонгилоор холбохоор нэг удаа яригдаж байсан шүү дээ?
-Эмнэлгийн суурин дээр барих бүрэн боломжтой шүү дээ. Гэтэл нэг сайд нь бариулахгүй гээд байдаг. Тэр эмнэлэг тэнд байх ямар ач холбогдолтой юм. Ер нь бусад орны жишгээр эмнэлэг жаахан зайдуухан байдаг. Төрийн түшээд, том албан тушаалтнууд өөрсдөө энэ ордон бариулахгүй байна.
- Мөнгө амласнаас хойш нэлээн удлаа. Мөнгөний ханш унаад, барилгын материалын үнэ нэмэгдээд хэцүү болох юм биш үү?
-Тэрийг одоо мэдэхгүй байна. Тэд өгсөн мөнгөө “больё доо” гэвэл бид яах юм. Өөрсдийн төсвөөс гаргах болно. Сонгууль дөхсөн мөнгө төгрөг хэмнэдэг, ард түмний цэцэрлэгийг хамгаалсан нэг л санаачилга гаргасан жүжигчид олон болчихоод байна. Манайхан бас “мөнгө нь бага байна” гэж хэлээд үзсэн гэж байгаа юм.
-Зураг төсөл нь бэлэн болсон байсан шүү дээ.
-Төрийн ордын арын цэцэрлэгт шинэ ордон барихаар зураг бэлэн болсон. Нэлээн их зардал гаргаж хийсэн. Маш гоё загвар байгаа. АНУ-ын Бундестагийн жишгээр дээрээс шилэн тойроод танилцаж болох боломжтой, доороо гарааштай байх юм. Харин энэ зүүн хэвлэх үйлдвэрийн суурин дээр барина гэвэл энэ зураг таарахгүй юм байгаа юм. Энд тэр ордонг барихад ордны арын цэцэрлэг бүрэн устахгүй. 80 хувь нь үлдэнэ. Ажиллах нөхцөл эрс дээшилнэ. Сэтгүүлчид гэхэд л шинэ ордон баригдвал одоогийн ажиллах нөхцөл нь 200-300 дахин нэмэгдэнэ гэж бодоод байгаа. Зөвхөн сэтгүүлч гэхгүй бүх ажиллагсдын ажиллах нөхцөл сайжирна. УИХ тэр чигээрээ шинэ ордонд орж, архив л эндээ үлдэнэ.
-Тэгээд одоо яах болж байна?
-Намайг сонгохгүй болов уу гэж бодоод ингээд байгаа юмуу. Газар өгдөггүй. Нэг сайд газар харамлаад байдаг. Гэтэл төр нь төрийнхөө ордонг барьж чадахгүй хачин юм болж байна. УИХ шийд гаргаад, эцсийн байдлаар энд барихаар боллоо гэдгээ Кувейтийн талд хэлчих ёстой. Энэ намар багтаж л сууриа ухахгүй бол өвөл ухна гэж байхгүй. Энэ газар хөрс бол хөрсний ус ихтэй. Тийм учраас хүчтэй газар хөдлөлтөд эрсдэлтэй газар. Газар хөдөллөө гэвэл Төрийн ордны УИХ-ын чуулганы танхимын өргөтгөлийн хэсэг үлдээд бусад нь нурна. Төмрөөр бүслүүрдэж бэхэлж, хамгаалах юм гэдэг юм билээ. Хэзээ ч бүслүүрдэх юм билээ. Газар хөдлөх нь хэзээ билээ. “Бог знает“ -Энэ ордон ч бас нэлээн хуучраа биз дээ. Дусаал хүртэл гоождог болсон гэсэн. -Дусаал гоожих юу ч биш хөөе. Энэ барилга олон жил болж байгаа. Өнгөрсөн онд байхаа. Төрийн ордын их танхимын хажууд нуралт болсон. Азаар яаж хүнгүй байсан юм. Шөнө нуралт болоод тэнд байсан бүх тавилга юу ч гүй болсон. Гэтэл рок попын Болд тоглолт хийгээд байсан. Тэр их доргилтыг даах болов уу гэж би айж л байлаа. Наана нь өнгөн засал хийгээд, панердаад л байна. Ингэлээ гээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр Төрийн ордны өргөтгөлийг барих хэрэгтэй байна.
Нийтлэлч
Ш.Эрдэнэчимэг
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.