Зуслангийн хогийг дуут дохиогоор тээвэрлэнэ
2011.08.17

Зуслангийн хогийг дуут дохиогоор тээвэрлэнэ

Хоггүй цэвэр орчин
ТОВЧХОН
  • Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэдэх Зуслангийн товчооноос ногоон бүсийн хамгийн хүндрэлтэй асуудал бол хог хаягдал байдаг
  • Ажлын хэсгийн цэвэрлэсэн, хориглосон газруудад иргэд хог хаяад байдаг юм.
  • Таних тэмдэг, самбар гэх мэт зүйлс байрлуулахаар иргэд урж, алга болох тохиолдлууд байгаа. Үүнийг дахин сэргээнэ. Тэгээд есдүгээр сар гарахаар Туул, Сэлбэ гол дагуу нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Нийслэл хотын ногоон бус буюу зуслангуудад жилийн жилд хог болон бие засах газрын асуудал сөхөгдөж, хурцаар тавигддаг. Хог хаягдал нь хөрсийг ихээр бохирдуулж, олон төрлийн халдварт өвчин үүсэх шалтгаан болдог. Иймээс зуслангуудын хог хаягдал арилгахын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Байгаль хамгаалах албаны Зуслангийн товчооны ахлах мэргэжилтэн Н.Билэгсайхантай уулзаж тодруулсан юм.
-Зуслангуудад хог хаягдлын асуудал байнга гарч, энд тэнд хур хог үүссэн байх юм. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэдэх Зуслангийн товчооноос ногоон бүсийн хамгийн хүндрэлтэй асуудал бол хог хаягдал байдаг. Энэ асуудлын хүрээнд жил бүр шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. 2009 онд нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад 60 гаруй хогийн цэг байна гэсэн судалгаа гарч байсан. Хашаагүй, эмх замбараагүй, нийтийн эзэмшил газар их хур хог байсан. Бид эдгээр хогийн цэгийг жил жилээр цөөлж хашаажуулах бодлого баримталж байгаа. Одоогоор бол 20 орчим хогийн цэг байгаа. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниуд өдөр тутам тээвэрлэлт хийж байгаа. Нийслэлийн ногоон бүсэд иргэд зугаалах, эрүүл агаарт байх гэж ирдэг. Ер нь ногоон бүсийн орчинд хогийн цэг байх шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Төвлөрсөн нэг цэгтэй болгоно гэсэн үг үү?
-Тийм. Төвлөрсөн нэг цэг, замын уулзварт хогийн цэг бий болгох ажлыг хийж байна. Ажлын хэсгийн цэвэрлэсэн, хориглосон газруудад иргэд хог хаяад байдаг юм. Дараа жилийн зуслангийн улирал эхлэхээр дуут дохиогоор тээвэрлэх арга хэлбэрийг нэвтрүүлнэ гэж төлөвлөж байна. Уг нь энэ жилээс дуут дохиогоор тээвэрлэх аргыг нэвтрүүлнэ гэж бодож байсан ч шатахууны хомсдолоос шалтгаалаад хэрэгжүүлж чадсангүй. Гэсэн ч урд урдын жилүүдийг бодвол төв зам дагуу хог хаягдал байхгүй, цэвэр цэмцгэр байгаа. Сэлбэ голыг Төрийн болон Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор улиралдаа нэг удаа цэвэрлэж байна.
-Энэ жил хийх ажлын биелэлт хэдэн хувьтай байна?
-Энэ жил хийхээр төлөвлөсөн арилгах, цөөлөх ёстой хогийн цэгүүдээ үндсэндээ цэвэрлэж дуусаад байна. Таних тэмдэг, самбар гэх мэт зүйлс байрлуулахаар иргэд урж, алга болох тохиолдлууд байгаа. Үүнийг дахин сэргээнэ. Тэгээд есдүгээр сар гарахаар Туул, Сэлбэ гол дагуу нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Зарим нэг цэвэрлэсэн газруудад иргэд хог хаяад, эмх замбараагүй харагдуулаад байгаа болохоос биш энэ жилийн ажил маш сайн явагдаж байгаа.
-Зуслангийн бие засах газрууд, тэр тусмаа модон жорлонгуудыг цөөлөх, шинэчлэх ажил явагдаж байна уу?
-2009-2010 онуудад Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс Чингэлтэй дүүрэгт тав, Сүхбаатар дүүрэгт хоёр сайжруулсан бие засах газрыг зуслангуудад тавьсан. Тэдгээр 00-ууд ажиллуулахад орчны бохирдол үүсгэхгүй, эрүүл ахуйд хамгийн тохиромжтой боловч ашиглалтын зардал өндөртэй.
-Одоо яагаад ажиллахгүй байгаа юм бэ?
-Зуслангийн товчооноос дүүргүүдийг нь хэдий шахаж, шавдуулсан ч хөрөнгийг нь төсөвлөөгүй учир одоог хүртэл ашиглалтад оруулаагүй байгаа. Гэхдээ товчооноос удаа дараалан албан бичиг хүргүүлсний үндсэн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа учир удахгүй ашиглалтад орох байх. Мөн шинээр найман ширхэг сайжруулсан нийтийн бие засах газрыг нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад байрлуулсан. Энэ бол түрүүчийнхийгээ бодвол ашиглалтын зардал багатай. Харин зуслангийн иргэдэд түлхүүр хүлээлгэж, хариуцуулж өгнө. Энэ 00-уудыг ашиглалтад оруулснаар нийслэлийн ногоон бүсийн талбай дээр байгаа нийтийн эзэмшлийн стандарт бус олон 00-уудыг устгана.
-Хуучин стандарт бус 00 байсан газар тохижилтын ажил хийх үү?
-Ирэх жилээс стандарт бус 00-уудыг устгаж, оронд нь иргэдийн тусламжтайгаар хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Захирагчийн ажлын албанаас тендер зарлаж энэ ажлыг гүйцэлдүүлэх байх. Тиймээс энэ жил баригдсан 00-ууд ашиглалтад ороод эхлэхэд иргэд санаачилгаараа нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа хуучин ОО-оо татан буулгах хэрэгтэй. Ингэснээр бид эрүүл цэвэр орчинд амьдарна гэсэн үг.
Нийтлэлч
Ч.Ариунболд
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.