Засгийн газар Замын-Үүдэд анхаарал хандуулахгүй байна гэлээ
2011.08.18

Засгийн газар Замын-Үүдэд анхаарал хандуулахгүй байна гэлээ

ТОВЧХОН
  • Байнгын хорооны гишүүдийн ирцийн дээд түвшин 74,0 хувь, доод түвшин 53,0 хувь, дундаж ирц 63,0 хувь, хуралдааны үргэлжилсэн хугацаа 17,25 цаг, үүнээс дээд түвшин 2,40 цаг ба дундаж хугацаа 2,00 цаг хуралдсан статистик үзүүлэлттэй гарчээ.

УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр тус байнгын хорооноос 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэхийн хамт ирэх намрын чуулганаар АБГБ-ын байнгын хорооноос хийх ажлын болон хэлэлцвэл зохих асуудлын талаар ярьсан юм.

 

Тус байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хууль, УИХ-ын тогтоол 9, олон улсын гэрээ хэлэлцээрийн 5 төсөл, нийт 14 асуудлыг Байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан юм байна. Олон улсын 4 гэрээ, конвенцийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөж, Засгийн газарт 4 хуралдааны тэмдэглэлийг хүргүүлсэн аж. Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай 3 байнгын хорооны тогтоолын хэрэгжилт, Замын –Үүд боомтын үйл ажиллагаа, Шатахууны хомсдол үүссэн нөхцөл байдал, авах арга хэмжээний тухай, Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл, үүрэг өгөхөөр бэлтгэн ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Ханх хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын гишүүн Д.Сэдванчигийн асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар мөн сонсчээ.

 

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 10 удаа, 18,00 цаг хуралдаж, Байнгын хорооны хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж, 18 санал, дүгнэлтэд нийт 43 санал тусгагдаж, 29 томъёоллоор санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолын төсөл боловсруулан хэлэлцүүлж, 1 тогтоол баталж гаргасан бөгөөд Ажлын хэсэг 9 удаа, 12,20 цаг хуралдсан аж.

 

Байнгын хорооны гишүүдийн ирцийн дээд түвшин 74,0 хувь, доод түвшин 53,0 хувь, дундаж ирц 63,0 хувь, хуралдааны үргэлжилсэн хугацаа 17,25 цаг, үүнээс дээд түвшин 2,40 цаг ба дундаж хугацаа 2,00 цаг хуралдсан статистик үзүүлэлттэй гарчээ.

 

Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхаарч, өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.

 

-Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн 10 заалт бүхий тогтоол батлан гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн.

 

-1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат ахлан ажиллаж байна.

 

-Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт тус тус ажиллаж, салбарын хуулийн хэрэгжилтийн явц болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

 

-Хууль зүйн байнгын хороотой хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн, Баруун туруу, Завхан аймгийн Улиастай сумдад байрлах Зэвсэгт хүчний болон хил хамгаалахын анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаатай танилцсан.

 

-2011 оны 2 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь хил, хяналтын байгууллагуудын удирдлагатай уулзаж тулгамдаж буй асуудал, боомтын ажиллагааны талаар гаргасан саналуудыг нэгтгэж Байнгын хорооны дарга Я.Батсуурь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нартай хамтран Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Төмөр замын газар, Улаанбаатар төмөр замын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцсон.

 

Өнгөрөгч 5 дугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт онол-практикийн бага хуралд яам, газар, холбогдох байгууллагуудаас нийт 120 гаруй хүн оролцсон байна. Бага хурлаас зөвлөмж гаргаж, хуралдаанд тавьсан 15 илтгэлийг олон нийтэд сурталчилжээ. Тайлангийн хугацаанд Байнгын хорооноос 2010 онд Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-аар Тамгын газрын ажилтнуудад сургалт-семинар зохион байгуулсан байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимтай хамтран “Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл мэдээлэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан аж.

 

Байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан “Цэрэг стратегийн сургалт”-д оролцож Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, зэвсэгт хүчний шинэчлэл зэрэг сэдвээр илтгэлүүдийг сонсон, хэлэлцүүлэг хийж, Налайх дүүрэгт байрлах Агаарын довтолгооноос хамгаалах ангийн зэвсэг, техниктэй танилцсан байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороо болон хилийн аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд “Монгол Улсын хилийн нөхцөл байдал, хил хамгаалалтыг боловсронгуй болгох, хилийг бүсчлэн хамгаалах тухай” танилцуулгыг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хийж, УИХ-ын гишүүдтэй харилцан санал солилцсон аж. Мөн хил хамгаалах албанд ашиглаж байгаа бүх төрлийн зэвсэг, техниктэй газар дээр нь очиж танилцсан юм байна.

 

АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь өнгөрсөн чуулганы үеэр Замын-Үүдийн боомт дээр ажилласан тухайгаа онцлон дурдаж, тус боомтын хувьд гурав, дөрвөн жилийн өмнөх шиг бэрхшээл одоо дахиж  гарч мэдэхээр байгааг хэлж байсан. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын нийт экспорт, импортын ихэнх хувь нь дээрх боомтоор нэвтэрч байгаа тул Замын -Үүдийг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь улам нарийвчлах, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдах болсон гэж Байнгын хорооны дарга ярилаа. Тус боомтын ачаа барааг саадгүй нэвтрүүлэх, иргэдийг шуурхай хилээр нэвтрүүлэх болон бусад тулгамдсан асуудлаар энэ талын холбогдох албаныхантай уулзан, тодорхой үүрэг чиглэлийг өнгөрсөн хавар өгсөн ч байдал дээрдээгүй хэвээр байгаа аж. Засгийн газрын зүгээс ч энэ чиглэлд дорвитой анхаарал хандуулахгүй байна гэдгийг тэрээр хэлж байв.

 

Ирэх намрын чуулганаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх асуудалд Батлан хамгаалахын үзэл баримтлалыг шинэчлэх тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Төрийн нууцын тухай зэрэг асуудал голлох байр эзэлж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.