Монгол улс удахгүй зээлдэгч бус зээлдүүлэгч орон болж чадах уу?
2011.08.19

Монгол улс удахгүй зээлдэгч бус зээлдүүлэгч орон болж чадах уу?

Энэ мөнгийг ав. 10 жилийн дараа хоёр нугалж өгөөрэй. Энэ бол мөнгөтэй орны их мөнгөтэй болдог арга ТОВЧХОН

  • Олон улсын валютын сангийн судалгаагаар энэ жил 10 хувиар өсч буй Монголын эдийн засаг 2013 онд бараг 23 хувиар тэлэх тооцоо гарчээ.
  • Иргэн бүр хувьцаатай Монгол улс хэзээ зээлдэгч бус зээлдүүлэгч орон болох вэ?
  • Өртэй хүн өөдлөх үү?

АНУ-ын үндэсний өдөр тутмын Wall street journal /Уолл Стрийт Журнал/ сонины нэгэн дугаарт: "Нүүдэлчин малчид гэдгээр нь сайн мэдэх Монголчууд өнөөдөр хувьцаа эзэмшигчид болжээ" гэж бичсэн байх юм. Монгол хүн бүр хувьцаа эзэмшдэг болсон нь үнээн, үнэн. Тэр нь Эрдэнэс-Тавантолгой ХХК-н 536 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмших болсон явдал юм. Монголын Хөрөнгийн биржээс ирэх жил энэ хувьцааг арилжиж эхэлнэ.

Мөнгө болон вальютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага болох Олон улсын вальютын сангаас Монгол улсын эдийн засаг сэргэлтийн байдалд орж байна гэж үзэж байна. 

Иргэн бүр тодорхой тооны хувьцаатай, эдийн засаг сэргэж байгаа гэсэн хоёрхон үндэслэлээр бид зээлдэгч бус зээлдүүлэгч орон болж чадах болов уу? Бодит байдлыг харъя.

Эдийн засгийн сэргэлт нь нэгэнт хоёр оронтой тоонд орсон инфляцийн түвшинг улам дээшлүүлж энэ оны эцсээр 20 хувьд хүрэх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоог Олон улсын вальютын сангаас гаргажээ.

Энэ оны долдугаар сарын байдлаар инфляцийн түвшин жилийн 10.1 хувьтай байна. Төв банкнаас энэ түвшинг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж, цахим хуудсаараа дамжуулан энэ оны эцэст инфляцийн түвшин нэг оронтой тоонд хүрэх үү гэсэн санал асуулгыг иргэдээс авч байна.

10.1 хувьтай байгаа инфляцийн одоогийн түвшин үлдсэн дөрвөн сарын хугацаанд инфляцийн түвшин хоёр дахин нэмэгдэж Олон улсын вальютын сангийн таамаглалыг батлахгүй байх найдлага байна. Гэсэн хэдий ч эдийн засаг өсөхийн хирээр үнээ нэмээд байвал мөнгөний үнэ цэнэ алдагдах магадлалтай. 

Жишээлэхэд, долоо хоногийн өмнө Офицерын ордноос Сүхбаатарын талбай хүрэх таксины үнэ 2500 байсан бол өнөөдөр 3500 болсон байна.Мөнгөний ханш буурах үзэгдлийн амьдралд ойрхон жишээ нь энэ.

Төсвийн орлого нэмэгдэж тэлэлт явагдаж байгаа нь Засгийн газрын зардлын өсөлтийг дагуулж байна.

Энэ жилийн их хэмжээний зардлын тэлэлт, Хятад болон дэлхийн зах зээлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, зээлийн дахин сэргэлт, уул уурхайн салбарын үнийн өсөлтийн дарамт бидний нуруунд үүрэгдэнэ.

"Өртэй хүн өөдөлнө" гэсэн үгийг моодонд оруулах гэсэн шиг бүх зүйл зээл, лизингээр шийдэгддэг болсон. Бид зээлэхийн хирээр арилжааны банкууд зээл авах суваг, салбар, үйлчилгээг улам өргөжүүлж бид өртэй болсоор. Зээл нэртэй боловсон өрийн ганцхан жишээгээр орон сууцны зээлийг авч үзье. Монгол банкны Хэрэглэгчийн дунд инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаагаар "Банкны зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх вэ" гэсэн асуултанд иргэдийн 19 хувь нь өснө гэсэн бодолтой байгаагаа илэрхийлжээ. 

Арилжааны банкнуудын богино хугацааны бизнесийн зээлийн жилийн хүү 14.4-21.6 хувийн хүүтэй байна. Жилийн 15-16 хувийн хүүг 15 жилийн турш төлснөөр 30-100 сая төгрөгийн байртай болох нь. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниуд зарагдаж буй орон сууцны үнийг сонирхоход байршил, өнгө үзэмж, талбайгаас хамаарч нэг өрөө байр 14-40 сая, хоёр өрөө 46-65, гурван өрөө 53-185 сая төгрөгийн үнэтэй байна. 

Энэ хуучин байрны үнэ. Шинэ хотхон, орон сууцны үнэ нэг метр квадрат нь дунджаар нэг сая төгрөгийн үнэтэй байна. 

Монгол улс замаа барихын тулд Азийн хөгжлийн банк, Япон улс, Кувейтийн сангаас зээл тусламж авч, уул уурхайгаа хөгжүүлэхийн тулд АНУ, Канад, Австрали, БНХАУ-ын компаниудыг оруулж, өөрсдийн гэсэн өмчтэй болохын тулд дотоодын арилжааны банкуудаас лизингдсээр… Монгол улс өргүй болохын тулд иргэд нь өргүй баймаар.

Дотооддоо болон гадаадад бэлэн болон бэлэн бус, нүдэнд харагдах болоод үл үзэгдэх өргүй болсон тэр цагт зээлдүүлэгч орон болох цаг хэзээ вэ?

Инфляцийн түвшингийн өсөлт, бууралтын талаар мэдээллийг "Нийгэм, эдийн засаг" булангаас үзнэ үү.

Нийтлэлч Г.Мөнхтуяа
Эх сурвалж Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.