Орчин үеийн "Есөн өрлөг"-өөр хэнийг нэрлэх вэ?
2011.08.21

Орчин үеийн "Есөн өрлөг"-өөр хэнийг нэрлэх вэ?

Шударга, зоригтой, ухаалаг баатар бидний үед дутагдаад байх шиг ТОВЧХОН

  • Монгол улсын төлөө зүтгэх хүн нь шударга, өргөсөн тангарагтаа үнэнч, тууштай, зоригтой, гавъяатай, хэнд захирагдаж, ямар улсад зүтгэхээ мэддэг.
  • Орчин үеийн Зэв хэн бэ?

Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойд зориулав.

"Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая!" гэж дөрвөн жил тутамд 76 хүн УИХ-ын гишүүн болдог. Тэд энэ тангарагтаа үнэнч байна уу? Дөрвөн жил харвасан сумнаас арай удаан өнгөрч удахгүй шинэ, хуучин улс төрчид ахин УИХ-ын 76 гишүүнээр тодорно. Заавал их хуралд сонгогдохгүйгээр ажил мэргэжилдээ үнэнч мөртлөө амбицладаггүй хүн ч байдаг. Иргэдийн дундаас Ард түмний баатар ойрын жилүүдэд тодорсон уу?

 

Тэгвэл XIII зууны үед амьдарч байсан төрийн зүтгэлтэн, ардын дундаас төрсөн баатар, Чингис хааны есөн өрлөгийн нэг Зургаадай буюу Зэвийн түүхийг эргэн санацгаая. Үүний тангараг өдгөөгийн УИХ-ын гишүүдэдтэй тун төстэй. Ялгаатай нь өргөсөн тангаргаа үйл хөдлөлөөрөө харуулсан юм.

Орчин үеийн Зэв хэн бэ?

Тайчууд аймгийн Бэсүд овогтон Зургаадай Түдгэ баяны хар бор ажлыг гүйцэлдүүлж хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ. Эрийн цээнд хүрээд тэрээр мэргэн харвадгаараа тал нутгаар нэг алдаршсан юм. 

1202 онд Чингис хаан эртний өшөөт Тайчууд нартай дайтахад Зургаадайн тавьсан сум түүний хүзүүг шархдуулжээ. Тулалдааны дараа олзлогдсон дайснаас Чингис хаан:

-       Хэн миний ам цагаан хул морины хүзүүг харвав гэж асуухад Зургаадай өвдөг сөгдөж, аймшиггүйгээр:

-       Харвасан хүн би билээ. Хаантан та ял болгож намайг ална гэвэл алтугай. Алгын чинээ газрыг өмхийрүүлэх алд бие минь энэ байна. Харин хаантан та аваръя гэж санаад амийг минь хэлтрүүлбэл хэлтрүүлтүгэй! Хэрэв амийг минь үлдээвэл цээлийн усыг цалгитал, цэгээн чулууг хагартал чин зоригийг барьж Чингис хаан танд би хүчин зүтгэе! гэж өчжээ.

-       Ийм шударга хүнд итгэж болно. Энэ мөчөөс эхлээд чи шуугих зэв болтугай! гэснээр Зургаадайг Зэв гэх болжээ.

Тэр цагаас хойш Зэв дайны хүнд рүү нь чиглэж, дайсны хэцүү рүү нь халдсаар насан эцэслэтлээ өргөсөн тангарагтаа үнэнч явсан юм.

Чингис хааны 9 өрлөг сайд:

Бэсүдийн Зэв (?-1224)

Арлудын Боорчи

Урайнхайн Зэлмэ (1159-1220)

Жаларын Мухулай (1171-1223)

Ойрадын Хархирүгэ

Үүшний Борохул (1190-1223)

Сүлдүсний Сорхан шар

Зүрчидийн Чуу мэргэн

Татарын Шихихутаг (1180-1262)

Зөвхөн энэ баримтанд үндэслэвэл Монгол улсын төлөө зүтгэх хүн нь шударга, өргөсөн тангарагтаа үнэнч, тууштай, зоригтой, гавъяатай, хэнд захирагдаж, ямар улсад зүтгэхээ мэддэг нэгэн байх нь.

Монгол улсын "Есөн өрлөг" буюу төрийн шилдэг есөн зүтгэлтэн хэн бэ? Манай үеийн баатар гэж та хэнийг нэрлэх вэ?

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.