Сэлбэ голыг сэргээх ажил эхэлжээ
2011.08.19

Сэлбэ голыг сэргээх ажил эхэлжээ

ТОВЧХОН
Сэлбэ голыг сэргээж, тохижуулан  залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг болгохоор  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар "Сэлбэ гол" төсөл хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн дундуур урсдаг Сэлбэ голыг сэргээх ажил хэрхэн хийгдэж байгааг сурвалжиллаа.

Төслийнхөн Зуун айлын гүүрний доороос  ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Энэ жилдээ багтаан Арслантай гүүр хүртэлх голын сав газрыг янзлах гэнэ. Төслийн тендерт ялсан "Норбу", "Шимт газар" зэрэг компаниудын үйл ажиллагаа эхэлжээ. Гүйцэтгэгч байгууллага болон зохион байгуулагчдад ОХУ-аас ирсэн мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч байгаа аж. Томоохон техникүүд голын урсацыг өөрчилж, усыг далангийн баруун талаар гялгар уутан дээгүүр урсгаж байлаа. Мөн голын голдиролыг түр өөрчилж хөрсийг нь 20-80 см хүртэл гүн ухаад, ус хөрс хоёрыг заагласан пилонк буюу хар гялгар уутыг хөрсөн дээр дэвсэх ажил хийгдэж байлаа. Энэ гялгар цаас нь олон жил газрын хөрсөн доор байсан ч үжирч мууддаггүй юм байх. Үүнийг уул уурхайн компаниуд өргөн ашигладаг гэнэ. Мөн гялгар уутан доорх хөрсөнд гурван давхар зузаатгал хийж дээгүүр нь голын мөлгөр чулуугаар өнгөлөх аж. Нийт найман тэрбум төгрөгөөр Сэлбэ голыг сэргээж өнгө зүстэй цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөөд буй аж.

 

Сэлбийг сэлбэж буй ажлын явцын талаар "Норбу", "Шимт газар" зэрэг компаниудаас тодруулахыг оролдсон боловч "Зуун айлын гүүрээс Арслантай гүүр хүртэлх талбайг бид засаж янзлах үүрэгтэй ажиллаж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

 

Зураг төсөлд зааснаар бол Сэлбэ голын өнгө зүсийг танигдахын аргагүй өөрчилж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгох ёстой гэсэн. Гадаадын хөгжилтэй орнуудын хот дундуур урсдаг голын тохижилтоос дутахааргүй үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэн баригдах юм. Үүний тулд нэгдүгээрт урсацыг сайжруулах буюу голын усыг хөрсөнд нь шингээхгүй байх арга хэмжээг авч байгаа юм. Дараа нь хөрсөн дээрх усыг Сэлбэ гол руу цутгах ажил хийгдэх юм байна.  Үүний тулд ирэх намар орох борооны усыг Сэлбэ гол руу шууд урсгах хоолойг суурилуулах аж. Мөн 50 гаруй см шатлал, үетэйгээр голын усыг удаашруулан урсгахаар болжээ. Эхний ажлууд хийгдэж дууссаны дараа тохижилтын ажил эхлэх аж. Ингэхдээ хуучин бетонон даланг хуулж, оронд нь боржин чулуун хана хийх аж. Ханын боржин чулууны хэвийг Солонгос улсад захиалгаар хийлгүүлэхээр болжээ. Ингээд түүний дараагаар таримал зүлэгжүүлэлт хийх гэнэ. Хоёр талаар нь хамгийн сүүлийн үеийн гоёмсог гэрэлтүүлэг суурилуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Өөр нэг томоохон ажил нь голын дунд хэд хэдэн газар усан оргилуур суулгах бөгөөд амнаас нь ус гардаг чулуун арслангууд ч голын хоёр талын далан дээр хийхээр зураг төсөлд тусгажээ.

ЭНЭ ЖИЛ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ СЭЛБЭ ГОЛД ЗАРЦУУЛНА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч А.Ганхуягтай ярилцлаа.

-Сэлбэ голын сав газрыг өөрчилж залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар болгох гэж байгаа юм байна. Ажлын явц ямар байна вэ?

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сэлбэ голыг сэргээж, цэцэрлэгт хүрээлэн бүхий иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгохоор "Сэлбэ гол" төсөл хэрэгжүүлж байна. Зураг төсөл нь батлагдаад, гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Одоогоор ажил нь дөнгөж эхэлж байгаа болохоор тодорхой зүйл ярих боломжгүй. Гэхдээ энэ жилдээ багтаагаад 1300 метр газрыг засахаар төлөвлөсөн. Ямар ч байсан голын урсацыг сайжруулах ажил хийгдэнэ.

-Энэ ажилд хэдэн тэрбум төгрөг гаргах вэ?

-Энэ жилдээ хоёр тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн. Гэхдээ яг ажил нь хийгдээд эхэлсэн чинь төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэхгүй болоод байгаа юм билээ. Зөвхөн хөрс хууллаа гэхэд л хүнд даацын машинаар шороо зөөх болж байгаа. Тооцоолж буйгаар мянга гаруй удаа зөөх юм билээ. Үүний өртөг гэх мэт.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан тушаалтнуудын мөнгө олох нэг арга хэмээн нэлээд шүүмжлэлтэй зүйлс бичсэн байна лээ. Энэ талаар?

-Харин тийм утга бүхий зүйлс бичигдсэн байна лээ. Тиймээс ажлаа хийж эхэлчихээд Сэлбэ голын бүтээн байгуулалтын  талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Мөн биднийг нийтэд хэрэгтэй, сайхан соёл амралтын газар байгуулсны дараа буруу ойлголттой зарим нь ухаарах биз.

Сэлбэ голын сав газарт байгаа зарим айлуудыг ирэх хавраас нүүлгэнэ. Нэлээд олон айл зураг төслийн бүсэд ороод байгаа юм билээ. Үүнээс гадна толгой өвтгөсөн нэг асуудал нь Дарь-эхийн замыг хааснаас үүдэн Сэлбэ голоор явах  машины цуваа тасрахгүй байгаа аж. Энэ нь тэдний ажилд багагүй саад болж байгааг дурдаж байсан юм. Тиймээс уг замаар машин явуулахгүй байлгахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, хорооны холбогдох удирдлагууд хяналт тавихаар болжээ. Төслийн танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.