Замын-Үүд боомтоор нэг өдөрт 590-620 авто тээврийн хэрэгсэл гарч байна
2011.08.22

Замын-Үүд боомтоор нэг өдөрт 590-620 авто тээврийн хэрэгсэл гарч байна

ТОВЧХОН
  • Замын-Үүдийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа болохыг мэдэгджээ
  • Авто замын боомт дээр ажиллаж байгаа хилийн цэргийн боловсон хүчин дутагдалтай гэсэн асуудал дахин гарахгүй аж
  • Ирэх оны төсөвт хилийн боомтын цогцолборыг хөгжүүлэх төсвийг суулган, УИХ-ын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүслээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хилийн боомтын асуудлаар Төрийн ордонд уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хилийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхөө, Хилийн цэргийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга А.Лхагвасүрэн болон Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг нар оролцлоо.

Гаалийн ерөнхий газрын дэд даргын хийсэн мэдээлэлд, Замын-Үүд боомт, Сайншанд, Дархан, Дорнодын хувьд төмөр замын бүсүүдэд бараа буулгаж, хяналт бүрдүүлэлт хийх боломжийг бүрдүүлэхгүй олон жил болж байгааг хэлээд үүний шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал болохыг хэлж байв. Мөн хилийн боомтууд дээр рентген аппарат, хилийн боомтын тохижуулалт, хилийн боомтын цогцолбор хөгжлийн асуудлыг шийдвэрлэх цаг болсныг УИХ-ын байнгын хороодын дарга нарт дуулгалаа.

Гаалийн ерөнхий газрын зүгээс ""Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр""-тэй хамтран хилийн боомтуудын тохижилтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хилийн боомтуудын хөгжлийг ижил түвшинд хөгжүүлэх чиглэлээр Замын-Үүд, Гашуун Сухайт, Шивээ хүрэн, Ховдын Булган зэрэг боомтуудад ирэх долоо хоногт Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд ирж, нөхцөл байдалтай танилцахаар болсныг мэдэгдэв. Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд дүгнэхдээ, Замын-Үүд боомтын хүчин чадал муу байгаа болон хил залган орших Эрээн боомтын хөгжлөөс хэт хоцорсон зэрэг нөхцөл байдал нь Замын-Үүдийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа болохыг мэдэгджээ.

Хилийн цэргийн ерөнхий газрын ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Замын –Үүд боомтын нөхцөл байдлыг тодорхойлж арга хэмжээ авахаар ажилласан байна. Ажлын хэсгийн зүгээс нэгдүгээрт, Замын-Үүдийн боомтоор нэвтрэн өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахын тулд , авто замын боомт дээр ажиллаж байсан боловсон хүчний тоог 20-иор нэмэгдүүлжээ. Иймээс Авто замын боомт дээр ажиллаж байгаа хилийн цэргийн боловсон хүчин дутагдалтай гэсэн асуудал дахин гарахгүй аж.

Авто замын боомт дээр паспорт шалгалтын кабины тоог долоогоор нэмэхээр болжээ. Мөн төмөр замын боомт дээр ачааны галт тэрэг шалтгалтанд ороход урт хугацаа зарцуулдаг байсан доголдлыг арилгахын тулд Эрээн боомтын санхүүжилтээр төмөр замын дагуу хилээс Замын-Үүд боомт хүртэл теле-камерийн хяналтыг ашиглаж эхэлсэн болохоо танилцуулсан юм. Ингэснээр хилийн боомт дээр тээврийн хэрэгслийг хянаж шалгах хугацаа 10-15 минутаар багассан байна.
batsuuri_yamee
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхөө уулзалтын үеэр, Замын-Үүд боомтоор нэг өдөрт 590-620 жижиг тэрэг гарч байгаа харин том оврын машин 200 гаруй нэвтэрдэг болохыг хэллээ. Зорчин өнгөрч буй иргэдийн хувьд оргил үеэр өдөрт 6000-7000 хүн Замын-Үүдийн боомтоор нэвтэрдэг аж. Цаашид Хилийн боомтын цогцолборын асуудлыг шийдвэрлэхгүй бол хөрш зэргэлдээ хятадын боомтын хөгжлөөс хоцрогдсон учраас хүндрэл гарч болзошгүйг энэ үеэр дуулгалаа. Иймд ирэх оны төсөвт хилийн боомтын цогцолборыг хөгжүүлэх төсвийг суулган, УИХ-ын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Уулзалтанд оролцсон Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг Хилийн боомтууд дахь авто тээврийн хэрэгслийн нөхцөл байдлын талаар УИХ-ын байнгын хорооны дарга нарт танилцуулсан юм. Замын-Үүдийн боомтод байгаа жижиг болон том оврын машины тоог гнарийвчлан гаргах боломжгүй байгаа бөгөөд албан бус тоогоор 2600 орчим ачааны машин Замын-Үүд боомтод бүртгэлтэй байгааг дурдав. Замын-Үүдийн тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байгуулсан, хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу зөвхөн эрх бүхий байгууллагын машин нэвтрэх ёстой гэсэн журам Замын-Үүд болон Эрээн боомтод үйлчилдэг.  Хятадын Эрээн хотын удирдлагын зүгээс өнгөрсөн долдугаар сарын 3-наас  эхлэн 10 жилээс илүү насжилттай тээврийн хэрэгслийг улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй болон стандартын зориулалтаа өөрчилсөн автомашиныг нэвтрүүлэхгүй гэсэн журмыг баримтлах болжээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцэж,  өнгөрсөн долдугаар сард Замын-Үүдэд тээвэрчид хилийг хоёр удаа хаасан байна.

Иймээс Авто Тээврийн газрын зүгээс Хятадын талтай хоёр орны Авто тээврийн байгууллагуудын уулзалтыг ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж, энэ үеэр Замын-Үүдийн боомтын асуудлын ярилцахаар төлөвлөснөө уулзалтын үеэр мэдэгдэж байв.

Хилийн боомтын асуудлаар мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг сонссон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар дээрхи байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгсөн юм.  Үүнд Хилийн хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдаа холбоог сайжруулан, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааг шуурхай болгох. Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын чанарыг сайжруулах. Ирэх намрын чуулганаар 2012 оны төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр, Замын-Үүдийн хөрөнгө оруулалт, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг нэн даруй боловсруулж бэлтгэх. Хилийн боомтууд дахь ложистик, ачаа бараа тээвэрлэлт, шилжүүлэлт хийх төвийг байгуулахын тулд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг татан оруулахад анхаарах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор  дэмжих хэрэгтэй гэж үзлээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.