Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзав
2011.08.23

Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзав

ТОВЧХОН
  • Төрийн Албаны Зөвлөлд шалгуурын менежментийн ‘’Мерит’’ системийг оновчтой ашиглаж чадахгүй байна

Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос болон Канадын Төрийн Албаны Зөвлөлийн хуульч, мэргэжилтнүүд Канад Монголын Төрийн Албаны Зөвлөлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай өнөөдөр Төрийн ордонд уулзалт хийв.

 

Монгол Улс Канадын Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зурсан байна. Үүний үндсэн дээр Монгол Улс дахь Төрийн Албаны Зөвлөлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шинэчлэлтийн төсөл дээр ажиллаж байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагааны шинэчлэлийн хүрээнд,

Нэгдүгээрт, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл нээлттэй зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх,

Хоёрдугаарт, Төрийн Албаны Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхийг хөгжүүлэхэд зохистой хэрэгцээ шаардлагын талаар хоёр тал санал бодлоо солилцож, нэгдсэн шийдэлд хүрэх,

 

Гуравдугаарт, Төрийн Албаны Зөвлөлийн Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч ямар шаардлагыг хангасан байвал зохистой вэ гэдэгт анхаарах болон одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой зөвлөмжүүдийг Монголын талд хүргэсэн болохоо Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос мэдэгдэв.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр хэлэхдээ, Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэн тэр цаг үеэс хойш, Төрийн Албаны Зөвлөлд шалгуурын менежментийн ‘’Мерит’’ системийг оновчтой ашиглаж чадахгүй байна. ‘’Мерит’’ систем өөрөө төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын чадвар мэдлэгийг шалгадаг, эрх мэдлийг оновчтой ойлгомжтой болгож байдаг зарчим бөгөөд манай улсад бүрэн утгаараа хэрэгжихэд дахин 5-10 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгааг онцоллоо. Мөн төрийн албанд хариуцлагатай албан тушаал хашихын тулд жинхэнэ ур чадвараараа бус, харин танил тал, улс төрийн нам, улс төрчдийн нөлөөллийг авах хүсэлтэй албан хаагчид их болсныг УИХ-ын гишүүн Д.Одбаяр шүүмжилж байв. Иймээс Монгол төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгахад Канад Улсын Төрийн Албаны Зөвлөлийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг хэллээ.

 

Монгол Улсын Эдийн засаг тэлж, цар хүрээ нь өргөжиж байгаа энэ цагт дээрхи хүчин зүйлийн нөлөөллөөр ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрэлдэж байгаа. Үүнийг дагаад Төрийн Албаны Зөвлөлийг ч өргөжүүлэх шаардлага бий болохыг онцлов. Цаашид Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийг Ардчилсан нийгэмд сонгодог утгаар төлөвшүүлэн хөгжүүлэхэд, Канад улстай хамтран ажиллахдаа баяртай байгаа болохоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр илэрхийлснийг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.