БНСУ-ын Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын сайд хатагтай Чин Сү-хэ-тэй албан ёсны уулзалт хийв
2011.08.23

БНСУ-ын Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын сайд хатагтай Чин Сү-хэ-тэй албан ёсны уулзалт хийв

ТОВЧХОН
  • БНСУ-ын бренд Эм, биологийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрээс шууд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх
  • БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Үндэсний оношлогооны төвд Солонгосын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БНСУ-ын Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын сайд хатагтай Чин Сү-хэ-тэй 2011 оны 8-р сарын 22 нд Төрийн ордонд уулзаж, МУ-ын ЭМЯ, БНСУ-ын ЭМНХЯ хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, тохиролцоонд гарын үсэг зурав. Харилцан тохиролцсоны дагуу хамтын ажиллагааг доорхи чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх болсон байна.

  1. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Монгол улсад эмчлэх боломжгүй өвчнүүдийг цаашид Монгол улсад эмчилдэг болох зорилтод хүрэхийн тулд БНСУ-тай хамтран ажиллах. Үүнд:
    • Оношлогоо, эмчилгээний орчин үеийн арга, технологийг Монголд нэвтрүүлэх талаар ажиллах;
    • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй онош тавигдсан өвчтөнийг БНСУ-д илгээсэн тохиолдолд Солонгосын эмнэлгийн байгууллагууд Монголын өвчтөнүүдэд зориулсан үнийн тусгай санал буюу оношлогоо, эмчилгээний тусгай багцийг санал болгох талаар хоёр улсын ЭМЯ ажиллах;
    • БНСУ-ын дэлхийд танигдсан бренд эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг Монгол улсад үйлдвэрээс шууд нийлүүлэх асуудлаар хамтран ажиллах;
  2. Солонгосын эмч, мэргэжилтэн нарыг Монгол Улсад ажиллаж, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, эмчлэх сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн лицензийг хүлээн зөвшөөрөх талаар хоёр улсын ЭМЯ ажиллах (Хоёр улсын эрүүл мэндийн яамны зүгээс нэгдсэн зохицуулалт хийх)
  3. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Үндэсний оношлогооны төвд Солонгосын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах замаар Монгол эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчнийг БНСУ-д давтан сургах
  4. БНСУ-ын бренд Эм, биологийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрээс шууд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх (цаашид Монгол-Солонгосын хамтарсан үйлдвэрийг Монгол Улсад байгуулах талаар ажиллах)

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд МУ-ын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тусгай арга хэмжээ болох “Сөүл төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Талууд энэхүү тохиролцоог цаашид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болгон өргөжүүлэх чиглэлээр мөн идэвхитэй хамтран ажиллах ажээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.