Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улсын хамтарсан мэдэгдэл
2011.08.24

Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улсын хамтарсан мэдэгдэл

ТОВЧХОН
  • Хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн “иж бүрэн түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров
  • “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулав.
  • Хоёр тал батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Талууд иргэд харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх зорилгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиро
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг 2011 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Монголын төр, засаг, ард түмэн Ерөнхийлөгч Ли Мен Багт гүн хүндэтгэл үзүүлж, халуун дотноор хүлээн авав.

2. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ли Мен Баг нар хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцааны хөгжлийн чиглэл, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх, Солонгосын хойгийн байдал болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож нэгдмэл ойлголцолд хүрэв. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Ерөнхийлөгч Ли Мен Багт тус тус бараалхав.   

3. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006 оны дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”-ийн үзэл санааны дагуу “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж ирснийг үнэлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

4. Төрийн тэргүүн нар хоёр талын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улс, БНСУ-ын төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж, цаашид хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн “иж бүрэн түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулав.

5. Төрийн тэргүүн нар “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх зорилгоор дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд Гадаад харилцааны сайд нарын түвшинд жил бүр уулзаж хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байхаар тогтов. Хоёр орны харилцааны агуулга, цар хүрээ эрчимтэй өргөжиж байгаатай холбоотойгоор хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, нэгдсэн зохицуулалтыг хангах зорилгоор Засгийн газар хоорондын зөвлөлдөх байнгын механизм байгуулах шаардлагатай гэдэгтэй талууд санал нэгтэй байв. Талууд зөвлөлдөх механизмын хэлбэр, давтамж зэрэг асуудлыг цаашид судалж үзэхээр тохиров.

Мөн хоёр тал батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  болов.

6. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, улс орныхооо хөгжлийг хангахын төлөө хүч чармайлт тавьж байгааг тэмдэглэж, үүнд БНСУ-ын тусламж дэмжлэг хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд БНСУ цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

7. Төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр өргөжүүлэх, ингэхдээ Монгол Улсын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, ялангуяа эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хүнд үйлдвэр, барилга, далайн тээвэр, усан боомт болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мөн байгаль орчны салбарт хөрөнгө оруулах, дэвшилтэт технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

8. Төрийн тэргүүн нар ирээдүйд чиглэсэн хоёр орны харилцааг хөгжүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд иргэд солилцоо, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх  шаардлагатай гэдэгтэй санал нэг байв.

Талууд иргэд харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх зорилгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиров.
Талууд хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэх, виз олгох журмыг хялбарчлах арга замыг эрэлхийлж  ажиллахаар болов.

9. Төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын түүх, соёлын өнө удаан жилийн хэлхээ холбоо нь хоёр орны харилцааны хөгжлийн чухал суурь болж байгааг тэмдэглэж Солонгос дахь Монгол судлал, Монгол дахь Солонгос судлалд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг нааштай судалж үзэхээр болов.

Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил”, “Солонгос дахь Монголын жил” -ийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг талууд онцлов.

10. Төрийн тэргүүн нар дэлхийн дулаарлын нөлөөгөөр ЗХА-ын улс орнуудад байгалийн гамшиг, цөлжилт, хуурайшилтын үр уршиг нэмэгдэж байгааг ойлгож, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенци зэрэг олон талт яриа хэлэлцээнд хамтран оролцох, ногоон хөгжил, ойжуулалт, ус, мөн байгалийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Талууд шүлхий, шувууны томуу зэрэг хил дамнасан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээрийн салбарт хоёр орны мэргэжлийн байгууллага болон бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахаар тогтов.

11. Монголын тал саяхан Индонезийн Балид болсон Өмнөд, Умард Солонгосын уулзалтыг сайшааж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх, Солонгос хоорондын яриа хэлэлцээг сэргээх талаар Өмнөд Солонгосын хүч чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Зургаан талт яриа хэлэлцээг сэргээх нөхцлийг бүрдүүлэх, Өмнөд, Умард Солонгосын харилцаанд бодит ахиц гаргахын тулд хоёр Солонгос үр дүнтэй яриа хэлэлцээг эрчимтэй өрнүүлж байхын чухлыг талууд онцлон тэмдэглэв. 

Талууд Умард Солонгосын уран баяжуулах хөтөлбөрийн үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлж, Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүй, магадлах боломжтойгоор татгалзах нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоог бэхжүүлэхэд нэн чухал болохыг тэмдэглэв. 

12. Төрийн тэргүүн нар Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ үүднээс Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүс нутгийн орнуудын механизм бий болгоход хувь нэмэр оруулахын төлөөх монголын талын хүч чармайлтыг солонгосын тал үнэлэв.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт /АПТА/, мөн АПЕК-т нэгдэх хүсэлтийг солонгосын тал нааштай судлаж үзэхээр болов. Мөн монголын тал Зүүн Азийн дээд түвшний уулзалт (East Asia Summit)-д оролцох сонирхлоо илэрхийлэв.
Талууд НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотолж, энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллын төлөөх хүч чармайлтыг дэмжихээ илэрхийлж, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризмтэй тэмцэх, санхүү, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан глобал зорилтыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиров.

13. Төрийн тэргүүн нар хүний эрхийг эрхэмлэн хүндэтгэж, ардчиллыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжил, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын үндэс мөн гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Ялангуяа, Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаад Ерөнхийлөгч Ли Мен Баг баяр хүргэж, энэ хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаар болов.

Хоёр Ерөнхийлөгч Азийн бүс нутагт ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг батжуулан өргөжүүлэх зорилгоор Ардчиллын төлөө Азийн Түншлэлийн Санаачилга дэвшүүлэн ажиллах талаар санал нэгдэв.     

14. Төрийн тэргүүн нар айлчлалын үеэр Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын тохиролцоо, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Мэдлэгийн эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхэд чухал алхам болж байгааг үнэлэв. 

15. Төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргасан чухал үйл явдал болж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Ли Мен Баг найрсгаар хүлээн авч зочилсон Монгол Улсын төр, ард түмэнд талархлаа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хүлээн авав.



Улаанбаатар хот,
2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.