Төсвийн алдагдал хоёр оронтой тоонд хүрчээ
2011.08.26

Төсвийн алдагдал хоёр оронтой тоонд хүрчээ

Төсвийн орлого давж биелэжээ
ТОВЧХОН
  • Манай улсын төсвийн орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелэсэн аж.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэр-гүүн ээлжид шаардагдах 34 тэрбум төгрөгийг ч тусгасан байна.
  • Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өссөн байна.
Сангийн сайд С.Баярцогт өчигдөр энэ оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр хурлын эхэнд энэ оны улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3.303.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 42.2 хувьтай байгааг тодруулав. Мөн нийт зарлага 4.084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 52.1 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 9.9 хувийн үзүүлэлттэйгээр УИХ баталсан талаар дуулгасан юм.

Манай улсын төсвийн орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелэсэн аж. Энэ нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар  өссөн  байна. Үүнийг салбарын мэргэжилтнүүд үзэхдээ уул уурхайн олборлох аж үйлдвэрийн буюу зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1-8.5дахин нэмэгдсэн нь  төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээсэн юм. Түүнчлэн импорт үнийн дүнгээр энэ оны эхний долоон сард 4489.0 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95 хувьтай биелэсэн талаар тодруулав. Харин хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай байгаа аж. Мөн нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас найм орчим функтээр нэмэгдэн 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж  биелэхэд  гол  нөлөө үзүүлсэн байна.

Монгол Улсын төсвийн орлогын эхний долоон сарын гүйцэтгэлд үндэслэн дээрх хүчин зүйлсийн. нөлөөллийг тооцож, энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход төсвийн орлого 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Иймд төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай болж буйг албаныхан онцолсон юм. Учир нь тодотголын төсөлд төсвийн орлогын 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох боломжтой юм. Мөн төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн урсгал зардлыг нийт 92.6 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлэхээр тооцжээ.

Тиймээс төсвийн орлого нэмэгдэж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 288 тэрбум төгрөг нэмж тусгахаар болжээ. Үүнд,нийт 230 тэрбум төгрөгийн 150 барилга байгууламжийг энэ онд багтаан ашиглалтад оруулж, 41 багц төхөөрөмжийг худалдан авах боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэр-гүүн ээлжид шаардагдах 34 тэрбум төгрөгийг ч тусгасан байна. Харин энэ оны төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоог боловсруулахад нэгдсэн төсвийн төслийн нийт тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 680.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.003.9 тэрбум буюу ДНБ-ий  9.9 хувь  байна.
Нийтлэлч
О.Сэлэнгэ
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.