Монгол улсын "мөнгөний сан хөмрөг" нэг жилийн дотор хэр нэмэгдсэн бэ?
2011.08.29

Монгол улсын "мөнгөний сан хөмрөг" нэг жилийн дотор хэр нэмэгдсэн бэ?

Монгол улсын "мөнгөний мод" улам өндөр ургаасай... ТОВЧХОН

  • Монгол улсын мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 67.1 хувиар өсчээ.
  • Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 11.4 хувиар өссөн байна.
  • Эдийн засгийн эерэг, сөрөг үзүүлэлтүүд бүгд өсөлттэй байна.

Монгол банкнаас гаргасан 2011 оны долдугаар сарын мөнгөний статистикийн тоймоос хүргэж байна.

Монгол улсын мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 67.1 хувиар өсч, 5920.4 тэрбумд хүрээд байна. Нийт гүйлгээнд байгаа болон арилжааны банкуудын төв банкин дахь харилцахын мөнгийг хамтад нь нөөц мөнгө гэдэг бөгөөд одоогоор 1344.8 тэрбум төгрөг хүрчээ. Ийнхүү Монгол улсын нөөц мөнгө Төв банкны мэдээлж байгаагаар  2010 оныхоос 73.8 хувиар өсөөд байна.

Улс орны эдийн засгийн чухал үзүүлэлтэнд гадаад, дотоод цэвэр актив ордог.Гадаад активд мөнгөжсөн алт, чөлөөт валют, бэлэн валют, чек, гадаадын банкин дахь харилцах данс болон хадгаламж, Олон улсын валютын сан дахь нөөц актив зэрэг ордог байна.

Тэгвэл манай улсын гадаад цэвэр активын хэмжээ өнгөрөгч сард 3064.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Дотоод цэвэр актив 2856.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Нийт хадгаламж өмнөх сараас 3 хувиар өссөн байна. Нийт хадгаламжийн жилийн өсөлт сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байна гэж Төв банкнаас мэдэгдлээ. Иргэдийн төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөс 65 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх оноос 57.5 хувиар өсч, 4681.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хувийн хэвшилд 2551 тэрбум төгрөгийн зээл олгосон бол иргэдэд олгосон зээлийн хэмжээ 86 хувиар өсөөд байна. Банкуудын төгрөгийн зээлийн хүү өмнөх сараас 1.2 хувиар өсч, жилийн 17.4 хувьтай байна.

Хэрэглээний үнийн индекс өмнөх сарын эцэст өмнөх жилээс 10.1, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 11.4 хувиар өсчээ. Улаанбаатар хотын сарын инфляцид хүнс болон тээвэр, бараа үйлчилгээний үнийн өсөлт нөлөөлсөн байна.

Нийтлэлч Г.Мөнхтуяа 

Эх сурвалж Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.