Хоёр Улсын Ерөнхийлөгчийн албан хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч боллоо
2011.08.31

Хоёр Улсын Ерөнхийлөгчийн албан хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч боллоо

ТОВЧХОН
  • Монгол Улс Европын Холбоо, түүний гишүүн Финланд Улсыг өөрийн гуравдагч хөрш, түнш гэж үздгийг тэмдэглэлээ.
  • Хууль зүй, дотоод хэргийн яамд хооронд хамтын ажиллагаа тогтоох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах сургалтад хуульчдыг хамруулах хүсэлтэй байна
  • Одоо уул уурхайн дэд бүтцийг бий болгоход хөнгөлөлттэй зээл авах, хамтран ажиллах, шинжлэх ухаан, боловсрол, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, ойн аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг салбарт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр бий болгомоор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен нар албан ёсны хэлэлцээ өнөөдөр төрийн ордонд хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Тарьяа Халоненд өөрийн нь урилгыг хүлээн авч, Бүгд Найрамдах Финланд Улсын төр, засгийн төлөөлөгчдийг тэргүүлэн Монгол Улсад айлчлахаар ирсэнд талархал илэрхийлээд “Албан ёсны энэ айлчлал Монгол, Финландын харилцааны түүхэнд төдийгүй Монгол, Хойд Европын харилцаанд шинэ хуудас болж байна. Энэ бол Хойд Европын орнуудаас Монгол Улсад хийж буй анхны төрийн тэргүүний айлчлал юм. Финланд Улс цаашид ч тус бүс нутаг дахь Монгол Улсын тэргүүлэх түнш байх болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Ерөнхийлөгч мөн Финланд Улстай хамтран ажиллаж, ардчилал, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдлыг хангах талаарх туршлагаас нь суралцах  хүсэлтэй байна гээд Хойд Европын орнууд, ялангуяа Финланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь Монгол Улсын гадаад  бодлогын тэргүүлэх зорилтын нэг бөгөөд Монгол Улс Европын Холбоо, түүний  гишүүн Финланд Улсыг өөрийн гуравдагч хөрш, түнш гэж үздгийг тэмдэглэлээ.

 

Өнгөрсөн онд Финланд Улсад хийсэн миний айлчлалын үеэр ярилцаж тохирсон асуудлууд хэрэгжиж, биеллээ олж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ хавар Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хуралдаан Хельсинки хотноо амжилттай боллоо. Батлан хамгаалах салбарт бас хамтран ажиллаж байна. Энхийг сахиулах чиглэлээр Монгол Улсын цэргийн албан хаагчдыг сургах, хоёр талд зохион байгуулж буй “Хааны эрэлд” зэрэг энхийг  дэмжих ажиллагааны сургалт, дадлагад харилцан цэргийн ажиглагч оролцуулах чиглэлээр хамтран  ажиллах сонирхолтой байна. Төрийн захиргааны төв байгууллагууд, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн яамд хооронд хамтын ажиллагаа тогтоох, төсөл  хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах сургалтад хуульчдыг хамруулах  хүсэлтэй байна. Ялангуяа эрх зүйн шинэтгэл хийх, авлигагүй сайн засаглалыг  хөгжүүлэх салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна.

 

Финланд Улсын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээл зах зээлийн эдийн засагт шилжих, хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр болсон. Одоо уул уурхайн дэд бүтцийг бий болгоход хөнгөлөлттэй зээл авах, хамтран ажиллах, шинжлэх ухаан, боловсрол, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, ойн аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг салбарт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр бий болгомоор байна.

 

Ядуурлыг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын яамд хоорондын харилцаа, холбоо тогтоохыг мөн дэмжиж байна хэмээн Ерөнхийлөгч тэмдэглэв.

 

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Монгол Улс ардчиллын боловсролын асуудалд эн тэргүүний анхаарал тавьж байна. Энэ чиглэлээр хоёр улс хамтран санаачилга гаргаж, ардчиллын боловсролын асуудлаархи төрийн тэргүүн нарын санаачилгын бүлэг байгуулах саналтай байна. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс Азийн түнш орноор нэгдэж, дээд хэмжээний болон сайд нарын уулзалтуудад оролцож ирлээ.

 

Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг бий болгох зорилгын хүрээнд  цэрэг улс төр, эдийн засаг байгаль орчин, хүний аюулгүй байдлын гурван орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус  байгууллагад оролцогч орноор элсэх зорилт тавин ажиллаж байна. Үүнд ирэх 12 дугаар сард Вильнюс хотноо болох тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэж Ерөнхийлөгч хэлэв.

 

Эцэст нь Ерөнхийлөгч Финланд Улстай хамтын ажиллагаа, харилцаа хөгжүүлэх нь  цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал хэсэг байх болно хэмээн цохон тэмдэглэлээ.

 

Финландын Ерөнхийлөгч Тарьяа Халонен хэлэхдээ элгэмсэг дотно хүлээн авч буйд талархаад өөрийн нь айлчлал хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв. Тэрээр хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэл тавигдаж буйг дурьдаад, эдийн засаг, байгаль орчин, батлан хамгаалах, эрдэс баялаг ашиглах, дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах  чиглэлүүдээр яриа хэлэлцээ үргэлжүүлэх болно гэдгийг илэрхийллээ. Мөн олон  улсын энхийг сахиулах чиглэлээр Монгол Улс хувь нэмрээ хэдийнэ оруулж байгааг тэмдэглэв.

 

Хэлэлцээ элэгсэг дотно, ажил хэрэгч байдалд боллоо. Хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн сайд Т.Ганди, Финландад суугаа Монголын элчин сайд  Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсахан, Финландын талаас Европын асуудал, гадаад худалдааны сайд Александер Стүб, Финланд Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ларс Бакстром, Финландын Захиргааны  хэргийн дээд шүүхийн ерөнхийлөгч Пекка Халлберг, Ерөнхийлөгчийн тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Паиви Каирамо-Хэлла, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Пэртти Торстила, албаны бусад хүн оролцлоо.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.