Ерөнхийлөгчийн хичээл “Монголын сайхан орноор” аялуулав
2011.09.01

Ерөнхийлөгчийн хичээл “Монголын сайхан орноор” аялуулав

ТОВЧХОН
  • Боловсрол суваг телевиз, UBS телевиз, C1 телевиз, NTV телевиз, BTV телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэв.
  • Ерөнхийлөгчийн хичээл 9 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд нийт 75 минут үргэлжилсэн юм
2011-2012 оны шинэ хичээлийн жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр МҮОНТ-ийн 600-гийн студид “Монголын сайхан орноор” сэдэвт теле хичээлийг заав. Ерөнхийлөгчийн жил бүр уламжлал болгон зааж буй хичээлд энэ жил 13 дугаар сургууль, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагч 160 гаруй хүүхдүүд байсан бөгөөд Боловсрол суваг телевиз, UBS телевиз, C1 телевиз, NTV телевиз, BTV телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэв.

 

Ерөнхийлөгчийн хичээл 9 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд нийт 75 минут үргэлжилсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  2009 онд заасан “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд заасан “Монголын бахархал” зэрэг хичээлүүдээ товч сэргээн танилцуулаад “Монголын сайхан орноор” сэдэвт теле хичээлээ эхлүүлэв.

Хичээлийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жилийн 9 дүгээр сарын 1-ээс бага ангийн боловсролын хөтөлбөрт эхлэн орж буй “Иргэний боловсрол” хичээлийн тухай, мөн шинээр хэвлэгдэн гарсан гурван цуврал сурах бичгийг нь танилцуулав. Энэхүү хичээлээр Монгол хүүхэд бага балчраасаа үндэсний өв уламжлал, ёс жаяг, баялаг их түүх хийгээд монгол ухааны талаар цогц мэдлэг олгох зорилготой юм.

Дараа нь Ерөнхийлөгч энэ жил тохиож буй түүхэн их ойн жилүүдийн онцгой ач холбогдол, түүхээс суралцах, түүхээрээ бахархах ямар чухал байдгийг ирээдүйн түүхийг бичилцэх сурагч хүүхдүүддээ тайлбарлав. 2011 онд Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улсын 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жил хийгээд Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн түүхэн ой, мөн Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг Монголчууд хүндэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж буйг онцлов.

Ерөнхийлөгч, “Түүхэн их ойн жилүүдийг тохиолдуулан Монгол хүний эрхэмлэх үнэт зүйлийн дээд болсон монголын сайхан орны тухай хичээлийг нийт сурагч оюутнууддаа зааж, хүүхэд багачуудтайгаа “Монголын сайхан орноор”  аялах болсондоо  баяртай байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны дөрвөн цэг болсон үзэсгэлэнт сайхан байгалийн тогтоц, Монгол орны байгалийн бүс бүслүүрийн онцлог, дэлхийд гайхагдсан үнэт өвүүдийн тухай ярив.

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд манай гарагийн 138 орны 880 гаруй өв бүртгэгдсэний 679 нь соёлын, 174 нь байгалийн, 25 нь хосолмол өв байдаг бөгөөд Монгол Улсаас дэлхийн Байгалийн өвд “Увс нуурын сав” газар, Соёлын өвд “Орхоны хөндийн дурсгалт газар”, мөн “Алтайн уулсын хадны зургууд” бүртгэгдсэнийг Ерөнхийлөгч зургаар үзүүлэв. Мөн цаашид манай улсаас дэлхийн үнэт өвд бүртгүүлэх биет болон биет бус өвийн тоог нэмэгдүүлж, байгаль соёлын өвд Бурхан Халдун уул, цэнгэг уст Хөвсгөл нуур, Дорнын их Мэнэнгийн тал зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтоцоос бүртгүүлэхээр нэр дэвшүүлснийг онцлов.

“Монголын сайхан орноор” хичээлийн дараагийн хэсэг нь Монгол угсаатны соёл, үндэстэн ястны онцлог, бахархалт уламжлалын тухай байв. Бид хэдийгээр Халх,  Торгууд, Баяд, Урианхай, Дархад гэх мэтээр өөрсдийгөө янз бүрээр дууддаг боловч бид нэг л Монгол түмэн, аугаа их гүрэн улс байсан үндэстний үргэлжлэл юм шүү гэдгийг Ерөнхийлөгч онцлож байв.

Ингээд дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны наран ургах зүг болох Дорнод аймгаас эхлэн эх орноо нар зөв тойруулан 21 аймаг тус бүрийн онцлог, бахархал, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд хийгээд ирээдүйн хөгжлийнх нь тухай газрын зураг дээр тайлбарлан ярив.

Энэ үеэр сурагчид Ерөнхийлөгчөөс асуулт асууж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин дүр төрх болсон Алтайн сүрлэг уулсаас Дорнын их тал хүртэл,  умрын хөвч тайгаас өмнийн өргөн говь хүртэл ямар уудам нутагт, ямар сайхан эх орны иргэд нь болж төрснийг өгүүлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч газрын зураг дээр Говийн аймгуудын бүс нутгийн онцлогийг ярьж байхдаа нэгэн шинэ санаачилга дэвшүүлсэн юм. Чухамдаа Говийн аймгийн аль нэгэн сумын сурагч Хангайн аймгийн аль нэгэн суманд очиж өөр хоорондоо тодорхой хугацаагаар сургуулиа солилцон суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшихдээ Монгол орныхоо хэд хэдэн аймгаар аялан суралцах боломж бүрдүүлэх “Сурагч солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай санаачилга байв. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр монгол хүүхэд бүр эх орноо илүү сайн танин мэдэх гайхамшигтай боломжийг бүрдүүлэх юм.

Ерөнхийлөгчийн энэ жилийн хичээлийн бас нэгэн онцлог нь “Ухаалаг дэлгэц” болох гарын дулаан мэдрэн ажилладаг электрон самбар байв. Энэ нь нийт сурагч хүүхдүүдэд хичээлийг сонирхолтой болгох, боловсролын салбарт технологийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Ийнхүү электрон самбар дээр байрлуулсан Монгол орны үзэсгэлэнт байгаль, уул нурууд, гол мөрөн, төрийн тахилгат уулс гээд олон янзын зурагт хуудсыг үзүүлсэн нь сурагч, оюутнууд төдийгүй нийт иргэддээ Монголын сайхан орны онгон дагшин байгалийг үзэмж төгс үзүүлэх зорилготой байв.

Ерөнхийлөгч хичээлийнхээ явцад монгол наадам, монгол ахуй, нүүдэл, дөрвөн улирал, ургамлын бүс бүслүүр болон дэлхийн байгаль хамгаалах байгууллагад бүртгэгдсэн хүн төрөлхтөний 50 иж бүрдэл байгалийн нөөцийн нэг болох “Алтай саяаны байгалийн цогцолбор бүс”, мөн түүнд нэр дэвшиж буй “Монгол дагуурын байгалийн цогцолбор” бүсийн тухай дэлгэрэнгүй ярьж монгол бичиг, монгол уламжлалаа хүүхэд багачууд маань эрхэмлэн дээдлэхийн чухлыг сануулж  энэ жилийн хичээлээ өндөрлөсөн юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.