Монголчуудаа хамтдаа социализм руугаа ухарцгаах уу
2011.09.02

Монголчуудаа хамтдаа социализм руугаа ухарцгаах уу

ТОВЧХОН

Монгол улс социалист нийгмээс капиталист нийгэм рүү шилжээд даруй 20 гаруй оныг үдэж шинэ нийгмийн өнгө төрх, ааш аягтай дасан зохицож байгаа боловч нөгөө л төр засгаас хараат байх бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах дургүй байгаа нь алхам тутамдаа харагддаг. Ялангуяа бензин шатахуун, эрчим хүч, тэр бүү хэл талхны үнэ нэмэгдэх болгонд энэ байдал илүү түлхүү мэдрэгддэг.

 

Хэдийгээр үнийн өсөлт нь эгэл жирийн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд маш хүндээр тусдаг боловч нөгөө талд нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох үндсэн нөхцөл болдогыг эдийн засгийн А заалгасан хэнбугай ч мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа барааны үнэ буурах үндсэн нөхцөл нь адил төстэй үйлдвэрлэл, үйлчилгээний чөлөөт өрсөлдөөн бөгөөд тухайн бараа олшрох, чанаржих нь үнэ буурах нөхцлийг бүрдүүлдэг.

 

Гэтэл зах зээлийн жамаараа явж байгаа нийгмийг зориудаар хойш татах, үгүй бол ойлгохыг ч хүсэхгүй байгаа хэсэг иргэд /бүх нийтээрээ лав биш байх/ ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэхэд төр засаг тэр дундаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар юу ч хийхгүй байна гэж чичин нөгөө л ужиг, үхширсэн сэтгэлгээгээ алхам тутамдаа тулгах боллоо.

 

Яг үнэндээ өнөөдрийн байдлаар Монгол Улс цахилгаан эрчим хүч, түлшний хомсдолд нэрвэгдэхэд тун ойрхон байгаа бөгөөд үүнээс гарах хамгийн энгийн арга бол төр засаг бараа, үйлчилгээний үнэд хяналт тавьдаг байдлаа зогсоох. Ингэснээр бид үнэтэй ч гэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ үлдэх гашуун үнэнийг ойлгох цаг нэгэнт болсон баймаар. Өөрөөр хэлбэл өөрсдөө үйлдвэрлэдэггүй бараа, үйлчилгээг хямд үнээр авна аа гэж мянга дэвхцээд ч буулгаж чадахгүй нь яахын аргагүй бодит үнэн болоод буй. Яахав үнэхээр арга ядаад төр засгаас тухайн барааны үнийг бууруулах арга хэмжээ авч болох ч яваандаа /сайндаа л таван жил барьж чадна, төсөв дандаа өнөөдрийнх шиг бялхалзаж байх нь юу л бол/ уг бараа, үйлчилгээ устаж алга болохоос өөр үр дүнд хүрэхгүй. Ингэснээр та бидний амьдрал л улам доройтох нь зүй ёсных.

 

Хамгийн харамсалтай нь нөгөө л сонгуулийн хуурамч амлалт, хэрэглээг, хэрэглэгчийг дэмжсэн шоунаас болж ард түмэн үнэгүй юм хэрэглэх, бараа бүтээгдэхүүн хямд үнэтэй байх ёстой гэсэн дархлаа тогтсоноор өөрсдөө эргээд амаа асуулгаж хөгжил дэвшлийн гараандаа таслал тавиад байгаа.

 

Гэтэл зах зээлийн нийгэмд ямар нэгэн бараа байх, байхгүйг үнэ л шийддэг бөгөөд тэрхүү үнэд хэн нэгэн дарга, сайд огт нөлөөлж чаддаггүйг өндөр хөгжилтэй улс орнуудын түүх бэлээхэн гэрчлэх биз. Тиймээс одоо бидэнд энэ гажиг сэтгэхгүйгээсээ салж хөгжилтэй улс оронтой энэ зэрэгцэн урагш тэмүүлэх үгүй бол хуучин социалист нийгэм рүүгээ шилжих хоёр салаа зам л үлдээд байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.