Жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын эргэн тойронд
2011.09.02

Жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын эргэн тойронд

IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “А” зэрэглэлийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн манай улсад өнгөрсөн онд хоёр ч удаа зохион байгуулагдсан билээ. judoos

Олон улсын жүдо бөхийн холбооноос Монгол Улсад явагдсан энэхүү тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан хэмээн үнэлж дахин цуврал тэмцээн зохион байгуулах эрх олгосон билээ. Олимпийн эрхийн оноо олгох эрх бүхий “Chinggis khan judo world cup” тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон есдүгээр сарын 10-11-нд Улаанбаатар хотод болох юм байна.

Ийнхүү гурав дахь удаагаа Монголд дэлхийн шилдэг жүдочид чуулах нь ээ. Ингээд тэмцээнтэй холбоотой мэдээ, мэдээллийг сонирхуулъя.
Түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо халааслана
IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн бүр олимпийн эрхийн оноо олгодог байгаа. Тэмцээнд түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо, аман хүзүүдвэл 60 оноо, хүрэл медаль 40 оноо, V байр 20, VII байр 16 оноо олгоно.  
Тэмцээний тасалбар 20 мянган төгрөг
Өмнөх хоёр удаагийн цуврал тэмцээн Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулагдаж байсан юм. Суудлын тооноос хамааран үзэгчид хязгаартай орж тасалбар нь 50 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Харин энэ удаагийн тэмцээний тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хоёр өдрийн турш үзэх боломжтой. Тасалбарыг “Hi-Fi”, “Оранж” рекордс, “Тэнгис” кино театр, “Номин” супермаркетийн салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна.
28 орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлжээ
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө 20 гаруй орон мэдүүлгээ ирүүлээд байсан. Харин дэлхийн аваргаас олимпийн эрхийн оноо авч чадаагүй улс орнууд “Дэлхийн цом”-д хүч үзэх нь ээ. Өнөөдрийн байдлаар ОХУ, Тайван, Хятад, БНСУ, Словени, Саудын Араб, Үзбекстан, Какахстан зэрэг 28 орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна. “Дэлхийн цом”-д өрсөлдөх багуудын мэдүүлгийг есдүгээр сарын 5-нд албан ёсоор хаах юм байна.
Тамирчдын түрүүч Монголд ирлээ
“Дэлхийн цом”-д оролцох тамирчдын түрүүч болох Лаос, Пуэрто-Рикогийн жүдочид манай улсад хөл тавьж бэлтгэлдээ ороод байгаа. Пуэрто-Рикогийн баг олимпийн эрхийн оноо өндөртэй яваа хоёр бөхөө энэ удаагийн тэмцээнд сойхоор авчирчээ. Эмэгтэйчүүдийн 63кг-д Жессика Гарсиа Медина, 70кг-д Меллиса Можика Росарио нар зодоглох юм байна. Лаос улсын багийг Б.Ууганбаатар дасгалжуулж, эмэгтэй нэг, эрэгтэй зургаан жинд тамирчнаа авчирчээ.

Б.Ирээдүй
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.