Дарь-Эхийн зам өнөөдөр бүрэн ашиглалтад орно
2011.09.05

Дарь-Эхийн зам өнөөдөр бүрэн ашиглалтад орно

Дарь-Эхийн зам
ТОВЧХОН
  • Өчигдөр 16.00 цагийн байдлаар замын энэ хэсгийн өнгө асфальтан хучилтын ажлыг хийж байлаа.
  • Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдээд байгаа аж.
Дарь-Эхийн замыг өнөөдөр бүрэн ашиглалтад өгөх гэнэ. Нийт 6.7 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж  байна. Тус замын ихэнх хэсгийг нээгээд байгаа юм. Одоо Дарь-Эхийн замын төгсгөл хэсгээс Дамбадаржаагийн замын уулзвар хүртэлх 300 метр хэсэг хаалттай байна. Өчигдөр 16.00 цагийн байдлаар замын энэ хэсгийн өнгө асфальтан хучилтын ажлыг хийж байлаа. Ажилтнууд нь "Одоо хучилтын ажил бараг дуусаж байна. 100 метр хүрэхгүй зай үлдсэн. Орой болохоос өмнө дуусчих байх. Тэгээд Дарь-Эхийн замын зорчих хэсэг бүрэн ашиглалтад орно" гэв. Энэ хэсгийг өнөөдөр 06 цагт нээх юм байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдээд байгаа аж. Түүнчлэн Дарь-Эхийн замыг Шадивлангийн гүүртэй холбосон шинэ зам барьж байгаа. Одоогоор энэ замын буталсан чулуун суурийг тавих ажил өрнөж байна.

Удахгүй асфальтан хучилтын ажил эхлэх бөгөөд энэ сарын 15-нд замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ. Харин тус замын явган хүний зам дуусах дөхжээ. Одоогоор явган хүний замын 80 гаруй хувийг нь хийсэн байгаа юм. Эдгээр замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай "НКВ" компани гүйцэтгэж байгаа. Хэдийгээр замын ажил төлөвлөгөөндөө багтаж дуусаж  байгаа ч хууль зөрчиж, зуслангийн айлуудын дэргэд зөөврийн асфальтан үйлдвэр ажиллуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Асфальтын үйлдвэрийн утаанаас хорт бодис ихээр ялгарч агаар, хөрс бохирдуулдаг тул нийслэлийн ногоон бүсэд байхыг хориглодог байна. Харин асфальтын үйлдвэрийг замын ажлыг дуусах хүртэл зогсоохгүй гэдгийг компанийн инженерүүд мэдэгдсэн юм.
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.