“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт онол практикийн бага хурал боллоо
2011.09.05

“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

"Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт зургадугаар бага хурал
ТОВЧХОН
  • Уг онол практикийн бага хурал чухал асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болсон юм.
  • Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нөхөн сэргээлтийг өөрийн орны онцлогт тохирсон уурхайн хаалт хийж байх талаар зөвлөмж гаргажээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт зургадугаар бага хурлыг наймдугаар сарын 31-нээс энэ сарын 3-ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. Уг онол практикийн бага хурал чухал асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болсон юм. Хуралд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин уул уурхайн хяналтын төлөөллүүд, Герман, Солонгосын уул уурхайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэх мэт нийт 200 гаруй төлөөлөгчид энэхүү хуралд оролцлоо.

Онол практикийн бага хурлаар уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг голчлон авч хэлэлцсэн бөгөөд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд олборлолт хийсэн уурхайнуудад нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийсэн талбайг ирээдүйд ямар байдлаар ашиглаж болох тухай салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцсон юм. Эхний өдөр төлөөлөгчид уул уурхайн нөхөн сэргээлт болон тулгамдсан асуудлууд, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавьж, оролцогч төлөөлөгчид харилцан асуулт хариултын журмаар хурлыг өрнүүлсэн. Онол практикийн бага хурлын явцад Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр багтсан нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байсан. Оролцогчид уурхайн үйл ажиллагаа, техник технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гээд уурхайн тэсэлгээний үйл явцтай биечлэн танилцсан нь уг сургалтыг сонирхолтой болголоо.

Ийнхүү уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хөндсөн ээлжит бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Төсөл хэрэгжих хугацаанд Германы уул уурхайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд салбарын төлөөлөгч, мэргэжилтнүүдэд зориулж нөхөн сэргээлт, уурхайн хаалтын талаар сургалт сурталчилгаа явуулахаар болсон байна. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нөхөн сэргээлтийг өөрийн орны онцлогт тохирсон уурхайн хаалт хийж байх талаар зөвлөмж гаргажээ. Үүнд: Засгийн газрын түвшинд уурхайн хаалтын үед тавигдах шаардлага, стандартыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан гаргаж мөрдүүлэх, уурхайн хаалтыг урьдчилан төлөвлөж мониторинг хийх, алтны шороон ордын олборлолттой холбоотойгоор өөрчилсөн голуудын гольдролыг нөхөн сэргээх арга аргачлалыг яаралтай боловсруулан гаргаж хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн тавьжээ. Мэргэжлийн хяналтын түвшинд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах журмыг гаргаж мөрдүүлэхээс гадна нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд экологийн хохирол тооцох, албадан хийлгүүлэх арга хэмжээ авахаар болсон байна. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх арга технологийг сонгохдоо шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, шинжлэх ухааны үндэстэй нарийвчилсан судалгаа туршилтын дараа хамгийн тохирох арга технологийг сонгон нэвтрүүлэх талаар санал гаргасан юм.

МХЕГ, ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан байгалийн нөөцийн газраас хэрэгжүүлж буй төсөл хамтран зохион байгуулж буй “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн VI бага хурал цаг үеэ олсон үр дүнтэй боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байлаа.
Эх сурвалж
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.