Хот тохижилтын ажилд 25 тэрбум төгрөг зарцуулжээ
2011.09.06

Хот тохижилтын ажилд 25 тэрбум төгрөг зарцуулжээ

Хотын төв хэсэг
ТОВЧХОН
  • Энэ жил хот тохижилтын ажилд 25 тэрбум төгрөг зарцуулж буй нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ.
  • Өдөрт УБ гэсэн дугаарыг 250-300 машин шинээр авдаг бөгөөд энэ жил 38 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод нэмэгджээ.
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай өчигдөр боллоо. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байгааг Хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.

Арав хоногийн дараа төвлөрсөн дулаан хангамжийг түгээж, ирэх сарын 1-нээс нам даралтын уурын зуухнууд ажиллаж эхлэх аж. Тэрбээр мөн Багахангайчууд ирэх өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан бол Багануурынхан 77 хувьтай яваа тухай дуулгалаа. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр ирэх өвөл хатуу өвөл болохоор байгааг сануулав. Цас их унаж, хүйтрэх төлөвтэй тул бүх байгууллага өвлийн бэлтгэлдээ анхаарахыг онцгойлон сануулав.

Мөн нийслэлийн тохижилтын ажлын талаар танилцууллаа. Энэ жил хот тохижилтын ажилд 25 тэрбум төгрөг зарцуулж буй нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. Одоогийн байдлаар явган хүний 114 мянган шоо метр зам тавьж, хүүхэд залууст зориулсан амралт чөлөөт цагийн 15 талбай, 78 мянган мод бут сөөг тарьсан бол намрын тохижилтоор явган хүний 20.8 мянган шоо метр зам, 36 мянган мод бут сөөг зэргийг нэмж тарих тухайгаа мэдээллээ.

Өнгөрсөн долоо, наймдугаар сард дүүрэг бүрт шарилж, луульнаас салах ажил өрнөсөн ч хогийн ургамал бүрмөсөн цэвэрлэгдээгүйг хэлэв. Өдөрт 250-300 машин нийслэлд нэмэгддэг. Энэ жилийг хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбоотой өнгөрсөн хугацаанд 38 мянган түр болон байнгын ажлын байр бий болгосон бол Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа н.Жаргалсайхан жил бүр нэмэгдсээр байгаа замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгааныг дуулгалаа. Өдөрт УБ гэсэн дугаарыг 250-300 машин шинээр авдаг бөгөөд энэ жил 38 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод нэмэгджээ. Автомашины энэхүү нэмэгдэл нь нийслэлийн замын ачааллыг ихэсгэх гол нөхцөл болжээ.

Агаарын чанарын албаны дарга Л.Мөнхцогийн өгсөн мэдээллээр ирэх өвөл түлэх түлшнийхээ 46 хувийг нөөцлөөд байгаа гэнэ. Тэрчлэн утаа бага ялгаруулдаг зуух тараах ажил ид явагдаж байна гэв. Хотын эргэн тойронд зургаан агуулахад хагас кокс болон шахмал түлшээ базаасан гэж танилцуулав.
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.