Шивээ-Овоогийн нүүрсний чанарыг яаж сайжруулах вэ?
2011.09.06

Шивээ-Овоогийн нүүрсний чанарыг яаж сайжруулах вэ?

Манай стратегийн 15 ордын нэг энэ нүүрсний уурхай дотоодын хэрэгцээний зонхилох хувийг эзэлж байна.
ТОВЧХОН
  • Шивээ-Овоогийн орд нь хүрэн нүүрсний төрөлд багтах бөгөөд 2.7 тэрбум тонн нөөцтэй.
  • Шивээ-Овоогийн нүүрсэнд халуун хийн эргэдэг зуухан хатаалтыг санал болгож байна.
  • Нүүрс, хатаах тээвэрлэх цогцолбор барих ажил 80 хувьтай байна.

Шивээ-Овоогийн нүүрсний чийглэгийг бууруулж, илчлэгийг өсгөх талаар эрдэмтэн, судлаачид ухаанаа уралдуулж байна.

Уурхайгаас шууд олборлож буй нүүрсний чийглэг 47 хувь, илчлэг нь 2700 ккал/кг байна. Анхдагч нүүрсийг хатааж 15 хувийн чийгтэй, 5056 ккал/кг илчлэгтэй нүүрсийг Шивээ-Овоон уурхайгаас гарган авах боломж байна. Үүнийг техник, технологиор шийднэ.

Шивээ-Овоо нүүрсний уурхайн бодит байдал: Шивээ-Овоогийн орд нь хүрэн нүүрсний төрөлд багтах бөгөөд 2.7 тэрбум тонн нөөцтэй ба түүний 600.0 сая тонныг нарийвчилсан хайгуулаар тогтоожээ.

mashin_techУулын 8 төрлийн үндсэн тоног төхөөрөмжүүд ажиллаж байгаа бөгөөд 7 жил ажиллах нормтой боловч 9-10 жил ажиллаад байгаа нь техникийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага тулгарчээ. Одоо машин тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан, техник ашиглалт, найдварт ажиллагааны үзүүлэлт буурсан байна.

Жил ирэх тусам уул геологи, уул техникийн нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрсээр, хөрс хуулалтын хэмжээ, зардал байнга нэмэгдсээр.

Уурхайгаас шууд олборлож байгаа нүүрсний чийглэгийг бууруулахын тулд 2 ширхэг экскаватораар складад ачиж, шидэлт хийдэг байна.

Тэндээс автмосамосвалаар дахин тээвэрлэж вагонд ачихаар ихээхэн зардал гардаг. Хөдөлмөр, зардал ихээхэн шаардаж байж олборлож, тээвэрлэж буй нүүрс нь эцсийн хэрэглэгч, зах зээлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй байгаагаас борлуулалт өсөхгүй байна.

Гарц буюу одоогийн нөхцөл байдал дээрдэх үү?Нүүрсний чийглэг-илчлэг-зардал гурав урвуу хамааралтай.

Нүүрсийг хэрхэн хатаах вэ? Шивээ-Овоогийн нүүрсэнд халуун хийн эргэдэг зуухан хатаалтыг санал болгож байна. Хатаах хүчин чадал сайн, нүүрс бага хэрэглэдэг, процесс нь энгийн, найдвартай гэдгээр нь сонгон авчээ. Халуу хий ба нойтон нүүрс хатаагчид нэг талаас нэгэн зэрэг орж ирж буй учир ууршуулах эрчим өндөр байдаг гэж мэргэжилтнүүд баталж байна.

CoalИлчлэг нэмэгдсэнээр жилд 3 тэрбум орлого олно. Одоо байгаа 2700 ккал/кг илчлэг нь 5056 ккал/кг хүртэл нэмэгдсэн нүүрстэй болсноор станцад хэрэглэгдэх нүүрсний хэмжээ багасч, мазутын хэрэглээ зогсоно.

Ингэснээр цахилгаан эрчим хүчний зардал буурсанаар бусад салбар болон иргэдийн хэрэглээний зардал багасна. Нүүрсний чийглэгийг бууруулснаар илчлэг тэр хэмжээгээр нэмэгдсэнээр борлуулалт 20 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ.

Нүүрс, хатаах тээвэрлэх цогцолбор барих ажил 80 хувьтай байна. Энэхүү цогцолборыг нэвтрүүлснээр Шивээ-Овоогийн нүүрсний чанар сайжирна. Нүүрсний чанар сайжирснаар манай улсын бүх ТЭЦ стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Уурхайн олборлолт, хөрс хуулалтын ажлын бүтээмж нэмэгдэнэ. Харин цогцолбор ашиглалтанд орох тодорхой хугацааг заагаагүй байна.

ShiveeovooooooooooooooooooooУул уурхайн инженерүүд болох Б.Пүрэвтогтох, Х.Балсандорж, С.Батхишиг нарын "Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах болон мөчлөг урсгал технологийг нэвтрүүлэх судалгаа, үр дүн" судалгааны бүтээлээс хүргэв.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.